Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тодорхой болгоно
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2014.05.20/ үдээс хойш хуралдаж, эхлээд Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нарын гишүүд Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нарын гишүүд Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан мөн оны 8 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Байнгын хорооноос хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгуулжээ.
С.Ганбаатар, Б.Гарамгайбаатар нарын санаачилсан хуулийн төслийг нэтгэсэн
Тус ажлын хэсэг гишүүдийн санаачилсан хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн явцад нэгтгэн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн гаргасан саналыг тусгаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тодорхой болгох үүднээс зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналын томъёолол бэлтгэснээ Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлахад төслийн 1 дүгээр зүйлийн буюу 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг “Хувьцаат компанийн хувьцааны багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй” гэж өөрчлөн найруулахаар болов.
Мөн хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хууль тогтоомжийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох саналыг гишүүд дэмжлээ. Түүнчлэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх ажлын хэсгийн саналын томъёоллыг дэмжив.