Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн санаачилсан Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод барилаа.
Хууль санаачлагчид сүүлийн жилүүдэд компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байна. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болсон.
Хууль санаачлагчид сүүлийн жилүүдэд компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байна. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болсон гэжээ.
Үүнийг 2011 онд УИХ-аас батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулж өгсөн боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүйгээс өнөөдрийн байдлаар энэ талын үйл ажиллагаа нь зохицуулалтгүй болж энэ байдалд хүмүүс өөрсдийн дураар хандах болсоныг хэлээд, хуулийн хэрэгжилтийн явцад зарим зүйл, заалтыг илүү тодруулах нийтэд ойлгомжтой болгох шаардлага гарч байгааг хэлэв.
Үүнтэй холбогдуулан Компанийн тухай болон төрийн төлөөллийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулж буй зарим хуульд орох нэмэлт өөрчлөлтийн төслийн боловсруулан хүргүүлж буйг парламентын тэргүүнд мэдэгдлээ. Ийнхүү дээр дурдсан шалтаг шаардлагын улмаас Компанийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон түүнтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад өөрчлөлтийн талаар санал боловсруулан хүргүүллээ.
Хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага
Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь компанийн зүй зохистой удирдлага, хяналтын бүтцийг бий болгох, удидлагын хувьд байнгын, тогтвортой, хараат бус байх, үйл ажиллагааны хувьд ил тод, нээлттэй байх олон улсын компанийн засаглалын суурь зарчим, зохицуулалтуудыг агуулсан билээ.
Уг хууль батлагдсанаас хойших хугацаанд болсон Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ийн хурлуудын явцаас харахад хуулийн зарим заалтуудыг тодруулах, илүү ойлгомжтой болгох, зарим зүйлд найруулгын чанартай өөрчлөлт оруулах шаардлага гарснаас гадна шинээр гарсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Үнэт цааны тухай зэрэг хуулиуд болон өнөөгийн мөрдөж буй зарим хуулийн заалтуудтай Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг уялдуулах шаардлага гарч байна. Тухайлбал:
- Хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ хувьцаанаас бусад үнэт цаасыг аливаа хэлбэрээр гаргах боломжийг нээж өгөх,
- Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг зөв тогтоох,
- Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход кумулятив аргыг хэрэглэх
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд тавигдах шалгуурыг илүү тодорхой болгох
- Төрийн өмчийн компанид төрийн төлөөлөлийг хэрэгжүүлэх журмыг илүү нарийвчлан зохицуулах
- Шинээр гарсан дээр дурьдсан хуулиуд болон өнөөгийн мөрдөж буй зарим хуулийн заалтуудтай Компанийн тухай хуулийн зарим заалтыг уялдуулах
Компанийн тухай хуулиар дээрх харилцаанууд эрх зүйн зохицуулалт дутмаг, нарийвчлан зохицуулагдаагүй байгаагаас зарим хэлбэрийн компани үнэт цаасны зах зээлээс хөрөнгө татах, жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл компанийн удирдлагад сонгогдох, төлөөлөх боломж хязгаарлагдмал байгаа тул Компанийн тухай хуульд дээрх харилцааг зохицуулсан тодорхой нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй оруулах шаардлагатай байна.
Нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дараах нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагаварууд гарна:
- Үйл ажиллагаа нь жигдэрсэн, томоохон ХХК хэлбэрийн компаниуд хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хямд хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах боломжтой болно.
- Төр болон хуулийн этгээд тодорхой компанийн хувьцаа эзэмших тохиолдолд өөрийн төлөөллийг хэрэгжүүлэх ажиллагаа илүү ойлгомжтой тодорхой болно.
- ХХК өөрийн онцлогт тохирсон зохицуулалтын хэлбэрийг өөрөө сонгон хэрэгжүүлэх боломжтой болно.
- Жижиг хувьцаа эзэмшигчид болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэлгүй компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гарган хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироох байдал багасаж, эрх зүйн хамгаалалттай болно.
Дагаж өөрчлөгдөх хууль, тогтоомжууд
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль