Компанийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хойшлуулав
2017.10.25

Компанийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хойшлуулав

2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа.

Монгол Улсын Компанийн тухай хуульд заасны дагуу төрөөс төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийх, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, гүйцэтгэх удиирдлагыг томилох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зарим нэг хүндрэл гарч байна хэмээн үзсэн байна. Иймд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурал хийх, ТУЗ-ийн хурал болон шийдвэр хүчин төгөлдөр болохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.