Засаглал муутай байснаар компанийн нас богиносч, дампуурах эрсдэл өснө
Сангийн яамны зөвлөх Б.Аюуштай ярилцлаа.
-Засаглал муу байгаагийн гол шалтгаан нь юу гэж та боддог вэ?
Компанийн засаглал сайн байх нь компаниуд санхүүгийн зах зээлээс ялангуяа хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлдэг. Гэтэл манайд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин хэтэрхий доогуур, компаниуд хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах боломж бараг байхгүй гэж тооцдог нь үндсэн шалтгаан болж байна. Мөн түүнчлэн засаглалын талаарх компанийн удирдлагын ялангуяа, гол шийдвэр гаргагчид болох хяналтын багцыг эзэмшиж буй том хувьцаа эзэмшигчдийн ойлголт муу, ихэнх компанийн ТУЗ-ийн гишүүд нь том хувьцаа эзэмшигчийнхээ шийдвэрийг өөрөөр хэлбэл тэдний “амыг хардаг” байдал зонхилж байгаатай холбоотой.
-Хэрэгжүүлэхгүй байх нь хэнд ашигтай юм бэ, бас хэнд ашиггүй вэ. Үр дагавар хор хохирол ?
Сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх нь өөрөө өндөр зардал шаардана. Гэхдээ хөрөнгийн зардлыг багасгах сайн талтай. Өөрөөр хэлбэл бага өртөгтэй санхүүгийн эх үүсвэр татах боломжоо өсгөдөг. Мөн түүнчлэн компанийн нэр хүндийг өсгөж, харилцагчид, бизнесийн түншүүдийн итгэлийг дээшлүүлдэг учраас бизнесийн харилцаа холбоо сайжирснаар хэт нь өртөг зардлаа бууруулах боломж олгодог. Өнөөдөр өндөр зардал гаргалаа ч гэсэн ирээдүйд зардлаа бууруулах, урт удаан хугацаанд тогтвортой хөгжих үндэс суурийг тавьдаг. Энгийнээр хэлбэл компани маань “урт насалж, удаан жаргах” боломжоо бүрдүүлнэ гэсэн үг.
Энэ нь хэтдээ том хувьцаа эзэмшигчдэд хамгийн ашигтай болох юм. Богино хугацаанд бол жижиг хувьцаа эзэмшигчдэд илүү ашигтай байна. Компанийн эрх ашигт сайнаар нөлөөлнө гэдэг нь компанийн том жижиг гэлтгүй бүх л хувьцаа эзэмшигчдэд ашигтай. Ийм учраас компанийнхаа ирээдүйг өөдрөгөөр харж, хэт нь олон улсын зах зээл, гадаадын бирж дээр гарна гэсэн стратегийн бодлоготой томоохон компаниуд одооноос л засаглалаа анхаарах ёстой. Энэ талаар МСS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал их оновчтой тайлбарласан байдгийг олж үзвэл зүйтэй байх. Засаглал муутай байсны хор уршиг гэвэл компанийн нас богиносч, дампуурах эрсдэл өснө гэсэн үг дээ.
-Өнгөрсөн онд Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Хууль батлагдаад ямар үр дүн гарч ирж байна вэ?
Хувьцаат компаниуд хурлаа хийдэг, мэдээллээ өгдөг, өөрөөр хэлбэл нээлттэй ил тод байдал нь дээшилж байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хариуцлага хүлээлгэх эрх мэдэл нэмэгдсэн учраас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авах боломж нээгдсэн нь нөлөө үзүүлж эхлээд байна.
-Монголын компаниудын өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэдэг вэ. ТУЗ-ийн хурал, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах нь хойрго байна.
Монголын компаниудын засаглал муу гэдэг нь нийтэд илэрхий шүүдээ. Олон улсын санхүүгийн корпораци /IFC/биржид бүртгэлтэй компаниудын сор нь болсон хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 20 компанийн засаглалд 2011 оны үзүүлэлтэд үнэлгээ хийсэн тайлангаа өнгөрсөн оны эцсээр танилцуулсныг уншигчид мэдэж байгаа байхаа.
“Үнэлгээний нийт дундаж оноо 27.5% байгаа нь компаниуд компанийн засаглалын тэргүүн туршлагыг төгс хэрэгжүүлэхэд хол байгаа болон Монголд компанийн сайн засаглал тогтоох суурь тавигдах шатандаа яваа, цаашид боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна. Нийт дундаж оноонь компанийн сайн засаглалын практикийн хэрэгжилт тааруу байгааг харуулж байна” гэж дүгнэсэн байгаа. Энэ оноог Азийн бусад орнуудын түвшинтэй зэрэгцүүлэн харуулсан байна лээ. Анх удаа үнэлгээ хийлгэсэн Вьетнам гэхэд 43.9% Тайландын хувьд анхны үнэлгээ нь 2001 онд 50% байсан бол 77% болсон, Филиппины анхны үнэлгээ 2004 онд 53 байсан бол одоо 77 болсон байх жишээтэй.
Бид хамгийн доогуур үнэлгээтэй байсан Вьетнамаас бараг 2 дахин доогуур үнэлгээ авсан байгааг анхаарах хэрэгтэй.
Ер нь компанийн засаглал сайн байх нь зөвхөн тухайн компаниас төдийгүй эрх зүйн сайн орчин бүрдсэн, хөрөнгийн зах зээлийг хянах зохицуулах байгууллага, хууль хяналтын болон хөндлөнгийн аудитын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж чаддаг, ажилтнуудын ёс зүй, ур чадвар боломжийн түвшинд хүрсэн байх нь чухал нөлөөтэй гэж үздэг юм билээ. Манайд аль аль нь шаардлагын түвшинд хүрээгүй байгаа нь мэдээж нөлөөлж байгаа.
-Компанийн засаглалын тухай хуульд ил тод байх ёстой гэдэг заалт хамгийн чухал нь. Ядаж л улстөржилт явагдахгүй баймаар санагдах юм. Гэхдээ манайд үйл ажиллагаа нь ил тод байгаа компани бараг байхгүй болов уу гэж хардаж болох уу?
Үйл ажиллагаа нь ил тод байна гэдэг нь тэдгээр нь үнэт цаасны болон компанийн тухай хууль тогтоомжийн хүрээнд, цаашлаад компанийн сайн засаглалын зарчмын дагуу нийтийн хүртээл болгох ёстой бүхий л мэдээллийг нийтийн хүртээл болгодог арга хэрэгсэл, тухайлбал цахим хуудас бий болсон, тэдгээр нь тогтмол хэвийн ажилладаг, тэдгээрт тавигдаж буй мэдээлэл нь хууль журам, компанийн засаглалын кодексийн дагуу нийтийн хүртээл болгох ёстой мэдээллийг бүрэн хамарсан гол нь тогтмол мэдээлэгддэг байх ёстой.
Гэтэл ХК-ийн хувьд жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулан нийтэд хүргэх ёстой мэдээллээ ч бүрэн гаргадагүй, тэр ч бүү хэл жилийн тайланд тусгах ёстой мэдээллээ ч бүрэн тусгадаггүй хэвээр байгаа шүү дээ. Ийм болохоор үйл ажиллагаа нь ил тод байдаг компани байхгүй гэдэгтэй санал нийлж байна.
-Компанийн сайн засаглалыг хөгжүүлж буй компаниудыг нэрлэвэл ямар газрууд байгаа вэ.
Энэ талын мэдээлэл надад алга байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаг, жилийн санхүүгийн тайлангаа зохицуулах байгуулагад ирүүлдэг, ногдол ашиг их бага хэмжээгээр тараачихдаг компаниуд засаглал сайтайд тооцогддог. Гэтэл энэ нь зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ хагас дутуу биелүүлдэгийг илэрхийлж байгаа болохоос сайн засаглалын зарчмыг мөрдөж байгаа эсэхийг харуулж чадахгүй шүү дээ.
-Банк, Даатгалын салбар засаглалаа хөгжүүлж байгаа гэдгээрээ олонд танигдаад байгаа. Өөр ямар салбарыг нэрлэж болох вэ.
Банк даатгалын компаниуд бусадтайгаа харьцуулахад л арай дээр байгаа болохоос сайн байгаа гэж хэлж болохгүй л дээ. Сайн засаглалтай гэж дүгнэж болох хэмжээнд хүрэхэд хол байгаа. Тухайлбал, ямар банкны, ямар даатгалын компанийн үйл ажиллагаа ил тод шаардлагыг хангаж байгаа юм бэ? Ийм санхүүгийн байгууллага байхгүй л байгаа шүү дээ.
-Ер нь бизнесийн ёс зүй, ил тод зарчмыг төлөвшүүлэх нь эцсийн дүндээ ямар сайн талтай гэж хардаг вэ.
Компанийн үйл ажиллагааны үндэс болсон бүх оролцогч талууд тухайлбал, ажилтнууд, санхүүжүүлэгчид болох хувьцаа эзэмшигчид, банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг даатгал, БДК, ББСБ, худалдан авагчид, үйлчлүүлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид татвар, нийгмийн даатгал, байгаль орчны болон мэргэжлийн хяналт гэх зэрэг бүхий л оролцогч талуудынхаа итгэлийг хүлээж чаддаг компани л сайн засаглалтай компани юм шүү дээ. Би хамгийн эхэнд хэлсэн, сайн засаглалтай байснаар санхүүжилт татах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чадвараа нэмэгдүүлдэг гэдгийг. Тэгэхлээр ирээдүйдээ итгэлтэй байя гэвэл засаглалааа сайжруулах хэрэгтэй.