С.Ганбаатар: Одоогийн компанийн тухай хууль том хувьцаа эзэмшигчдийн өмчийн эрхийг зөрчдөг
Eagle телевизийн "Халуун сэдэв" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо. Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэлхийн жишигт нийцүүлэх, тодруулбал 57-р зүйл заалтыг өөрчлөх санаачилгыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргалаа.
Өөрөөр хэлбэл тухайн компанийн хяналтыг багцыг худалдаж авсан мөртөө түүнийхээ дагуу санал өгч чаддаггүй, өмчөө захиран зарцуулах боломж байдаггүй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож чадахгүй байдал бол хувь хүний өмчид халдсан, үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн явдал гэж тэд үзэж байна.
Иймээс дээрх хуулийн төслийг санаачилж, салбарын хүмүүсээс саналыг нь сонсч байна. Жишээ болгож, Оюутолгойн асуудлыг авч үзье. Монголын Засгийн Газар “Оюутолгой” нэртэй компаниараа дамжуулж хувьцааны 34 хувийг эзэмшдэг. Гэтэл 2011 онд батлагдсан хууль бол 66 хувь буюу хяналтын багцыг эзэмшигч “Рио Тинто” компани монголын 34 хувийг худалдаж авах эрхгүй болгож, монголын компанид ганцаараа тоглолт хийх боломж олгосон юм.
Дээрх 66 хувь нь саналын эрхгүй болоод хувирчихаж байна. Гэрээ хийснээсээ хоёр жилийн дараа Монгол шинэ хууль баталснаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчийн хувьцааг үнэгүйдүүлсэн билээ. Ийм тайлбарыг эдийн засгийн шинжээчид, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хийж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Гадаадын санхүүгийн луйварчид болон томоохон өрсөлдөгч компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийн малгай дор, ганц хоёр хувийн хувьцааг нь худалдаж аваад том хувьцаа эзэмшдэг компанийн өмчлөлийн эрхэд халдаж байгаа явдлыг зогсоох өөрчлөлтийг бид оруулахыг зорьж байна.
Том хувьцаа эзэмшигчдийн өмчийн эрхийг нь биш, засаглалын эрхийг нь хөндөж болно. Томоохон хэлцэл, ТУЗ-ын албан тушаалд хэн нэгнийг томилох, их хэмжээний худалдан авалт хийх зэрэг ажилд оролцохгүй байна гэдэг нь том хувьцаа эзэмшигчдийг их хохироож байна гэсэн үг.