Компанийн тухай хуулийн талаар хэлэлцлээ
Төрийн ордны Иргэний танхимд Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан компаниудын төлөөллүүд хуулийн талаархи байр сууриа илэрхийлж байна.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн барьсан бөгөөд компаниуд болон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хуульд тусгасан өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Өнгөрөгч 2011 оны аравдугаар сард батлагдсан Компанийн тухай хуульд олон улсын жишигт нийцүүлэн компанийн засаглалын үндсэн зарчмыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хувьцаат компанийн хяналтын багц эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг зохих журмын дагуу худалдан авах санал гаргахыг үүрэгжүүлж, энэ үүргээ биелүүлээгүй бол хяналтын багц эзэмшигчийн хувьцаа саналын эрхгүй болох мөн хувьцаат компанийн хяналтын багц эзэмшигчийн санал гаргах журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталж байхаар тусгажээ.
Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны тавдугаар сарын 28-ны тогтоолоор "Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам" нь хуульд заагаагүй нэмэлт шаардлагыг тавьж бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулаад байгаа юм байна. Тиймээс Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон талаар хууль санаачлагч С.Эрдэнэ сайд танилцуулсан юм.
Компанийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулснаар, компанийн хяналтын багц эзэмшигчийн санал гаргах үүргийг хэрэгжүүлэх процесс тодорхой болж, хуулийг зөв хэрэглэхэд дөхөм болгох, компанийн хяналтын багц эзэмшигчийн хуульд заасан үүрэг хэрэгжих механизм тодорхой болж, жижиг хувьцаа эзэмэшигчид үзэмжээрээ хяналтын багц эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо нь хувьцаат компанийн хяналтын багц эзэмшигчийн хуульд заасан санал гаргах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болох юм байна. Мөн бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах юм байна.