Facebook буюу дэлхий дээрх хамгийн хачин найр
Их Британий "TIME" сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн сонирхолтой нийтлэлийг таньд хүргэж байна.
Өнөөдөр Facebook хэмээх бүхэл бүтэн ертөнц бий болсон. Энэхүү олон нийтийн сүлжээ сайхан, зугаатай юм шиг харагддаг ч хүний зан араншин, бие хүний мөн чанарыг үгүй хийдэг байна. Бүх анхаарлаа зургандаа, доор нь дарах лайканд, поостонд хандуулснаар бид өөрийн ухаан бодол, бусдыг татах чадвараа гээж эхэлдэг. Түүнээс гадна олон нийтийн сүлжээ таны дотор нуугдаж буй сөрөг чанаруудыг олонд дэлгэх аюултай.
Facebook-т хамгийн олон найзтай хүнээр 26 настай Португалийн иргэн Уго Перейра тодорсон бөгөөд 124 орноос 5000 орчим найзтай ажээ. Харин эрдэмтдийн тооцоолсноор хүн хичнээн найрсаг байлаа ч 150-иас илүү хүнтэй нөхөрлөх боломжгүй.
Facebook бол бусдад итгэх итгэл үнэмшлээ гээх хамгийн хялбар арга. Facebook бол хачин хүрэм. Бодолтой хандаж нуух нэгийг нууж, найзынхаа жагсаалтаас хасах нэгийг нь хасч байх нь Facebook дэх эрүүл харилцааны нэг шинж. Гэхдээ чухам хэнийг үлдээх, хэнийг нуух, хэнийг устгах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Хэрэв та энэ өгүүллийг уншиж байвал аз дайрлаа гэсэн үг. Учир нь Facebook-ийн оролцогчдыг ангилж, хэнтэй нөхөрлөх, хэнийг жагсаалтаас хасах талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг өгье.
Өөрийгөө рекламдагчид
Шинж тэмдэг: Тэд голдуу өөрийн хуудсандаа ямар гайхалтай аялаад ирсэн, ямар гавьяа байгуулснаа харуулахыг хичээдэг. Заримдаа үнэхээр шүлс гоожмоор. Тэр Лондонд нэгэн дээд зэрэглэлийн ресторанд ... тэй хооллосон байна! Нэг лайк дарчихъя. Нөгөөх чинь Хайнан руу нисээд ирж. Ахиад нэг лайк дарчихъя. Энэ мэтээр зурганд хэн лайк дарж, ямар коммент бичсэн тухай мэдээлэл галзуурахад ганц хуруу дутахад хүргэдэг тохиолдол цөөнгүй.
Түүнчлэн өөрийгөө рекламдагчид албан тушаал ахиснаа, төрсөн өдрөөр ямар гайхалтай бэлэг авснаа, өнгөрсөн шалгалтаар яаж онц авсан тухайгаа мэдээлэхээ мартахгүй.
Үнэндээ тэд хэн бэ? Хэрэв амьдрал нь тийм сайхан юм бол юугаа хийж facebook-т хамаг цагаа бардаг байнаа? Магадгүй тэд үнэхээр үлгэрийн юм шиг газруудаар аялсан байх. Гэвч аялахын тулд хэдэн мянган долларын өр тавьсан байж ч болно.
Ийм хүмүүсийг «hide» хийх хэрэгтэй. Атаархмаар поостууд машины осолтой адил бөгөөд уншихгүй, харахгүй байж болохгүй ч уншаад эхлэхээр дур гутдаг. Ийм хүмүүс гэр бүл салахдаа амархан байдгийг санаж ав. Компанийхаа мөнгийг идсэн, үр хүүхэд нь архичин, хар тамхичин болсон хүний тухай та дуулсан байх.
Опра Унфри
Шинж тэмдэг: Опраг та өөдрөг сэтгэлгээг сурталчилсан шоу нэвтрүүлгээр нь мэднэ. Опра маягийн хүмүүс өөрийгөө рекламдахдаа бусдын зовлон, зүдгүүрт санаа зовсон байдалтай харагддаг. Гэхдээ таньд бодитоор туслахын оронд элдвийн гоё үгийг урсгадаг. Хэрэв хэн нэгэн таньд нэг л өдөр бүх зүйл сайхан болж, та бурхны санааг ойлгож жаргалыг олно гэсэн үгийг байнга давтаад байвал Опра маягийн өөрийгөө рекламдагчтай таарлаа гэсэн үг.
Жан-Поль Сартр: “там бол бусад хүмүүс”
Үнэндээ тэд хэн бэ? Тэд хүн болгоны амьдралд нар тусгахыг зорьдог ч хэтэрхий эелдэг, бүхнийг мэдэгч, сургагч зан нь бусдыг түргэн залхаадаг. Опра маягийн хүмүүсийн сайн санаа олонхи тохиолдолд хариу үйлдэл авч чаддаггүй гачлантай. Өгсөн зөвлөгөөг нь хүлээж авах хүн цөөн. Гэсэн хэдий ч ийм хүмүүсийг найзынхаа жагсаалтаас хасахгүй үлдээхийг зөвлөе.
Зовлон тоочигч
Шинж тэмдэг: Тэд тэмээнээс тэмдэгтэй. Өдөр бүр үлдээсэн поостууд нь элдвийн гомдол, цухалдлаас өөр юм агуулдаггүй. Нойр нь хүрэхгүй, шүд нь өвдсөн тухай байнга бичнэ. Яг л бусдын төлөө зовж буй мэт. Мэдээж заримдаа бид амьдралдаа тохиолдсон зарим хүндрэлийн талаар интернетэд бичих тохиолдол бий. Гэвч гомдоллогчид гомдоллохоос өөр зүйл хийдэггүй онцлогтой.
Хамгийн олон лайк цуглуулсан хүнээр дуучин Шакира тодорчээ. Түүний хуудсанд одоогоор 87 сая хэрэглэгч лайк дарсан байна. Харин дуучин Рианагийн хувьд 86 сая лайкаар аман хүзүүдэв.
Үнэндээ тэд хэн бэ? Гомдоллогчийн хувьд facebook бол тайтгарах орон зай болдог ч энэ нь тайтгарлын өөр орон зайтай хүмүүсийг залхаадаг. Таны бичсэн хариулт, үлдээсэн лайкууд тэдний дотор нуугдсан гомдлын голомтыг улам өөгшүүлдэг. Хэрэв facebook “таалагдахгүй” гэсэн товчтой болвол гомдоллогчид хамгийн ихээр дарах болно.
Ийм хүмүүсийг найзынхаа жагсаалтад байлгах дэмий л болов уу.
Мэргэжилтнүүд
Шинж тэмдэг: Мэргэжилтэн facebook дэх албан ёсны хуудсанд нь лайк дарахыг таниас хүснэ. Дараа нь рекламын арга хэмжээнд урина. Өөрийнх нь талаар хэвлэлд гарсан мэдээлэл болгоныг хуудсандаа тавьж поостолно. Байнга ажлын тухай бичдэг. Зугаа цэнгээний тухай бичихдээ хүртэл ажил хэрэгч өнгө аяс шингээдэг. Facebook-т таныг нэмэхдээ найзын хувиар бус сайн санааны үүднээс ивээлдээ авсан дарга хүн шиг хандана. Тэдний хуудас ихэвчлэн ажилд орох анкет шиг харагдах бөгөөд таны хуудас, мэйл хаяг руу элдвийн реклам, үйлчилгээг санал болгосон хуудсууд ирдэг. Хөгжимчид хууль бусаар хуулсан бичлэгээ илгээнэ, блогчид бичсэн нийтлэлийг нь уншихыг хүснэ, гэрийн авгайчууд хувцас, цүнх авахыг санал болгоно.
Үнэндээ тэд хэн бэ? Мэргэжилтнүүд барагтай л таниас салахгүй. Хүссэн ажлаа олж, амьдралаа шинэ түвшинд гаргатал зүтгэх болно. Хэрэв мэргэжилтнүүд таныг хэтэрхий их залхаахгүй бол одоохондоо тэвчиж болно. Харин түрэмгий рекламаар бөмбөгдөөд эхлэвэл эргэлзэлгүй хориотой жагсаалтад оруулах хэрэгтэй.
Тэмцэгчид
Шинж тэмдэг: Тэмцэлтэй холбоотой бүхнийг поостолдог. Амьтдыг хамгаалахын төлөө, ДОХ-ыг анагаах эм бүтээхийн төлөө, улс төрд шударга ёс тогтоохын төлөө гээд хамрахгүй сэдэв гэж үгүй. Таны анхаарлыг татахын тулд айдас төрүүлэм гэрэл зураг, ишлэлүүд ашигладаг. Үлдээсэн постууд нь дараах байдалтай. “Авилгачид парламентад суухыг бүү зөвшөөр”, “Обама бол худалч” гэх мэт. Тэдний поостын дор үлдээсэн комментууд нэг ёсны маргааны талбар болж хувирдаг.
Марк Цукербергийн нохой нь хүртэл нэг сая гаруй лайктай
Үнэндээ тэд хэн бэ? Тэмцэгчид хатуу үнэмшилтэй. Гэхдээ уншигчид байхгүй л бол шалчийсан гүзээтэй адил. Учир нь facebook тэдэнд “би хүчтэй”, “би чухал” гэсэн мэдрэмжийг өгдөг. Facebook хэмээх талбарыг өөрсдийн үзэл бодол, байр суурийг бэхжүүлэх орон зай болгон ашигладаг. Гэхдээ асуудал дэвшүүлэх сэдэв нь цагаан хоолтой болох, нохой засах зэргээс спорт хүртэл олон янз. Facebook-т сүржин загнадаг хүнийг зуун хувь тэмцэгч гэж үзэхэд хэцүү. Сонгуулийн үеэр улам идэвхжиж, ард түмний төлөө амиа золих дөхнө. Тэднийг зүгээр л hide хийх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд: Жан-Поль Сартр “там бол бусад хүмүүс” гэж хэлэхдээ facebook-ийн тухай хэлээгүй нь мэдээж. Гэхдээ үгийн агуулга өнөөгийн дүр зурагтай тохирч байна. Олон нийтийн сүлжээ хүмүүсийг ойртуулахаасаа илүүтэй улам холдуулдаг аж. Хэрэв та дээрх энгийн зөвлөмжийг хэрэгжүүлвэл өөрийн амар тайван байдлыг бага ч болов хадгалах болно.