Сүлжээний дайн цөмийн зэвсгээс ч аюултай
2012 онд Хятадын хоёр том цэргийн баазад хакерын 144 000 дайралт ирсний гуравны хоёр нь АНУ-аас гаралтай байв.
2014.03.21

Сүлжээний дайн цөмийн зэвсгээс ч аюултай

Хятадын Инженерын академийн гишүүн, Мэдээллийн технологийн их сургуулийн захирал, хошууч генерал У Цзянсины "Ляован Дунфан Чжоукань" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Мэдээллийн дайнд ялахын тулд эхлээд кибер орон зайд ноёрхох хэрэгтэй. Уг орон зайн төлөө тэмцэл ирээдүйд улам хурц болох магадлалтай. Энэ бол улс орнууд технологийн дэвшил, цэрэг дайны чадвар, ард түмнийхээ мэдээллийн боловсрол зэрэг бүх хүчээ дайчлан амь дүйн тулалдах дайн болно.

Өмнө нь улс улстайгааг дайтдаг байсан бол сүлжээний эрин үед нэг хүн бүхэл бүтэн гүрэнтэй дайтдаг болжээ.

Эдвард Сноудены хэрэг болон Америкчууд Европын улс төрчдийн утасны яриаг сонсдог байсан нь олонд ил болсноос хойш мэдээллийн хийгээд сүлжээний аюулгүй байдал дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон. Олон орон, түүний дотор АНУ, Өмнөд Солонгос кибер командлал нэртэй системийг боловсронгуй болгосоор байгаа нь Хятадын эрх баригчдын санааг түгшээх болов.

Сноудены хэрэг дэлхийг сэрээж, сүлжээнд бий болсон онцгой нөхцлийг зөвхөн онцгой хэрэгслээр шийдэх л гарц байгааг У Цзянсин ярьж байна. Тэрээр АНУ-д өөрийн гэсэн төлөвлөгөө, схем, тогтолцоо, олон жилээр боловсруулсан цогц комплекс байгаа нь тодорхой боллоо. Үүний эсрэг зогсохын тулд өөрийн систем хэрэгтэйг онцоллоо.

Цөмийн зэвсгийн учруулах хохирол орон нутгийн шинжтэй. Харин сүлжээний дайн улс орныг тэр чигт нь өвдөг сөхрүүлж чадна.

Үнэндээ сүлжээний дайн гэдэг цөмийн зэвсгээс аюултай ч Хятад одоо болтол өөрийн кибер армигүй байгаа нь сүлжээний орон зайд тун эмзэг нөхцлийг бий болгосон гэж үзэж байна.

Бид нээлттэй байхыг хүсэхгүй байна, яагаад гэвэл нээлттэй байвал бусдад бүгдийг алдана.

- Та сүлжээний болон компьютерийн технологиор мэргэшсэн цэргийн шинжээч хүн. Сүлжээний тухай яриа гарахаар л төрийн аюулгүй байдал, ашиг сонирхлын асуудал гарч ирдэг. Чухам яагаад сүлжээтэй холбоотой олон таагүй явдал сүүлийн үед гарах болов?

Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт нийгэм сүлжээний эрин үед шилжиж хүмүүсийн амьдрал сүлжээ болон элдвийн «ухаалаг» төхөөрөмжөөс хараат болж ирлээ. Хоёрдугаарт хакерууд, төрийн бус байгууллагууд вирусын халдлага зохион байгуулдаг учраас хэрэглэгчдийн түвшинд тэдний хувийн мэдээлэл, байгууллагын түвшинд арилжааны нууцлалыг задруулах аюултай. Цаашлаад төрийн болоод цэргийн нууц алдагдах эрсдэлтэй. Гуравдугаарт хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нэг ёсны бүтээгдэхүүн болж, эрэлттэй байдаг боллоо. Дөрөвдүгээрт олон улсын түвшинд авч үзвэл зарим улс тусгай бодлоготойгоор мэдээллийн тайны технологийг дэмждэг.

- Америкчууд Ангель Меркелийн утасны яриаг чагнасан дуулиант хэрэг саяхан гарсан. Технологийн хувьд утасны яриаг ямар байдлаар чагнадаг вэ?

Маш энгийн. Бидний хэрэглэдэг гар утсыг аваад үзье. Үйлдлийн систем нь Майкрософтын Виндовс эсвэл гүүглийн Андройд. Ихэнх чипүүдийг Qualcomm компанид үйлдвэрлэдэг. Компьютерын процессорууд ихэвчлэн Intel, AMD эсвэл ARM фирмийнх. Сүлжээнд ашигладаг бүх төхөөрөмж АНУ-д хийгддэг. Энэ мэтчилэн хамгийн өчүүхэн деталиас компьютерийн үндсэн эд анги хүртэл бүх зүйл Америкчуудын гарт байдаг.

Ангель Меркель хоёр утастай тухай телевизээр ярьж байсныг санаж байна уу? Нэг нь яриаг шифрлэх зориулалттай, харин нөгөө нь хувийнх. Магадгүй Америкчууд шифрлэдэг утасны яриаг сонсож чадахгүй байж болно. Гэхдээ 100 хувь итгэж болохгүй. Хэрэв шифрлэх чипийг АНУ-д үйлдвэрлэсэн бол бүр ч эргэлзээтэй.

Цөмийн бөмбөг бүс нутгийг сүйтгэдэг бол сүлжээний дайн улс орныг тэр чигээр өвдөг сөхрүүлэх чадалтай.

- Сүлжээний ач холбогдол чухал болохын хэрээр олон орон сүлжээний дайнд зориулсан газруудыг байгууллаа. Тэгэхээр ийм дайн болно гэсэн үг үү?

Сүлжээний дайн гэдэг мөргөлдөөний онцгой хэлбэр. Нэгдүгээрт сүлжээний дайн бол чимээгүй дайн бөгөөд энхийн болон дайны үе гэж байдаггүй. Хоёрдугаарт өрсөлдөгч тэс өөр. Энэ бол хувь хүн улс оронтой, нийгэмтэй, эсвэл бүлэглэлүүд улс оронтой, мөн улс орнууд хоорондоо хийх тэмцэл юм. Дайнд оролцогч нь улс орон, төрийн бус байгууллагын аль нь ч байж болно.

2010 онд Өмнөд Солонгос улс кибер командлалын албыг байгуулжээ.

Цөмийн зэвсгийн учруулах хохирол орон нутгийн шинжтэй. Харин сүлжээний дайн улс орныг тэр чигт нь өвдөг сөхрүүлж чадах бөгөөд тэр ч байтугай дэлхий ертөнцөд эмх замбараагүй байдал бий болгож мэднэ. Сүлжээний дайнд газар нутгийн хэмжээ саад болохгүй. Тухайлбал тухайн орны харилцаа холбооны системын ажил зогсож, санхүүгийн салбар хөл толгойгоо олохоо болино. Дагаад эдийн засаг зогсонги байдалд орно. Нийгэм даяараа бужигнаж эхлэхээр төр юу ч хийж чадахгүй. Нэг цөмийн бөмбөг ийм хохирол учруулахгүй шүү дээ.

Ирээдүйн сүлжээний мөргөлдөөн тухайн ард түмний мэдээллийн боловсролоос хамаарах болно.

- Ирээдүйн сүлжээний дайн ямар байх бол?

Сүлжээний орон зай дайны ажиллагааны шинэ хэмжүүр болно гэж үзэж байна. Далай тэнгис, хуурай газар, агаарт, сансарт, сүлжээнд гэсэн үндсэн таван орон зайд аливаа дайн явагдана. Гэхдээ сүлжээний технологи хаана ч, хэзээ ч, тодруулбал тагнах, дайрах, хамгаалах зэрэг байлдааны ажиллагааны бүх үе шатанд  ашиглагдах болно. Тиймээс сүлжээний дайнд ялах мэдээлэлжсэн армийг бий болгох нь Хятад орны ойрын 20 жилд хийх ажил.