Шинэ хүйтэн дайн Украйнаас эхэлсэн үү?
Украйнд болсон үйл явдлууд нь ЗХУ-ын задрал хэмээх их сүйрлийн нэгэн чичиргээ юм. Балтийн орнуудыг Европын Холбоо, НАТО-д уусгасан нь газар хөдлөлттэй зүйрлэж болмоор геополитикийн үйл явцын сөрөг үр дагавар байлаа. ЗХУ задарснаар Югослав ч бас тарсан билээ.
Украйнд өрнөж буй үйл явц АНУ, Европын Холбооны барууны улс төр, эдийн засгийн нөлөөг хуучин ЗХУ-ын зүрхэн газарт нэвтрүүлэх гэсэн стратеги бодлогын үргэлжлэл юм. Уг оролдлогын зорилго нь ОХУ-ын хил орчмын бүс нутагт түүний нөлөөг хазаарлаж, баруунд аюул учруулж болох жийрэг бүсийг устгах.
Путины эрин эхэлснээр Оросууд үндэснийхээ ашиг сонирхлыг хамгаалах боломжтой болсон гэж судлаачид үздэг.
Украйн тусгаар улс байж гадаад бодлогоо өөрөө тогтоох ёстой нь мэдээж. Гэвч гадны оролцоо, геополитикийн тооцоо ийм боломжийг олгодоггүй. АНУ, Европын холбоо өөрийн зорилгод хүрэхийн тулд Украйнчуудын үндсэрхэг үзлийн эмзэг тал, эрх баригчдын авилгад идэгдсэн байдал, улсын баруун хэсгийн Европыг дэмждэг хүн амын сонирхлыг овжин ашигласаар байна. Украиныг багтааж Евразийн Холбоог байгуулах гэсэн В.Путины зорилт Барууны стратегийн ашиг сонирхолд нийцэхгүй.
ОХУ хүчирхэгжихээс болгоомжилсон Барууны ертөнц энэ хуучин хүйтэн дайны оролцогч маягаар ханддаг. Украиныг өөрийн нөлөөнд оруулж чадвал АНУ, Европын Холбоо барууны ардчиллыг дэмждэг дотоодын хүчийг ашиглаж ОХУ дахь дэглэмийг унагаахыг оролдоно. АНУ, Европын Холбоо Оросын улс төр, эдийн засгийг хяналтандаа оруулахад Путины манлайлах чадвар саад болдог.
Крымд 2 сая 024 мянган иргэн байгаагийн 1,8 сая нь орос.
Украйны хямралыг ОХУ, Баруун хоёр зөрчлийн бус зөвшилцлийн замаар зохицуулах хэрэгтэй гэдгийг Оросын талаас нэг биш удаа мэдэгдсэн. Украйны баруун хэсгийнхэн Евроазийн Холбооноос илүү Европын Холбоонд элсэхийг хүсдэг. Гэвч зүүн Украйны орос хэлтэй хүн амын хэсэг Оросоос хагацах дургүй.
Баруун дарьтай торхыг болгоомжгүй нээсэн нь энэ. ОХУ-ын Украйн дахь үндэсний ашиг сонирхол Барууны ашиг сонирхлоос илүү жинтэй. ЗХУ задарсны дараа олон сая орос иргэн хилийн цаана, түүний дотор Украинд үлджээ. Хоёр улсын хил хэлбэр төдий байдаг бөгөөд эдийн засгийн хувьд нягт холбоотой. Хэрэв Баруун Украйнд нөлөөгөө өргөтгөвөл Хар тэнгис дэх Оросын байр суурь ганхаж эхлэх нь гарцаагүй.
ОХУ, Барууны хооронд үл итгэлцлийн гүн хар ангал үүслээ.
ОХУ өөрийн сонирхлыг эрс шийдэмгий хамгаалж буйд гайхах зүйлгүй. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Дж.Керригийн Оросод өгсөн сануулга бол хүйтэн дайны хуучин хандлагаас өөр юу ч биш. Түүний хэлсэн “21 дүгээр зуунд оршин тогтнож буй улс 19 дүгээр зуунд байсан шиг бусад улсын нутагт дур мэдэн цөмрөх нь байж боломгүй зүйл” гэсэн үг олон хүний инээдийг хүргэдэг. Учир нь АНУ Иракт дайрч ороогүй гэж үү гэсэн асуулт гардаг.
Одоо Украйны хямралыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй.