Архины эсрэг "хуурай хуулиуд"-ын түүхээс
Эдүгээ дэлхийн 80 орчим оронд архины эсрэг хуурай хууль үйлчилдэг ажээ.
2014.03.03

Архины эсрэг "хуурай хуулиуд"-ын түүхээс

Дэлхийн олон орны эрчүүд бидний нэрлэдгээр “Баасан ахын төрсөн өдрөөр” ажлын алжаалаа тайлж ганц хоёр лонх шар айраг, хундага архи татах дуртай. Гэхдээ түүхэнд архины эсрэг өрнүүлсэн бүтэлгүй компанит ажлуудын жишээ нэлээдгүй бий. Уншигч та бүхэндээ архины эсрэг “хуурай хуулийн” хамгийн түгээмэл жишээнээс хүргэе.

Австрали (1914-1967)

Бар, ресторануудыг хааж, зөвхөн зочид буудлын барнуудыг 18 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрдөг байв.

Бааранд орсон хүн нэг удаадаа ганц лонх пивоноос илүүг авах ёсгүй

Австралийн хуурай хуулийн шалтгаан энгийн. Нарийн боовны газар, дэлгүүрүүд хаалттай байхад барнууд яахаараа шөнө дөл болтол ажиллах ёстой юм гэж эгдүүцэх хүмүүс олон байлаа. Түүнчлэн дайн эхэлсэнтэй холбоотой хүн бүр сахилга, батыг сахих ёстой байв. Ажил 17 цагт тардаг байсан учраас эрчүүд ажлын дараа бар луу бус гэр лүүгээ явах учиртай.

Гэвч хууль сөрөг үр дүнг авчрав. Эрчүүд ээлжээ дуусангуут гүйлтийн тамирчны адил хаахаас нь урьтаж бар луу гүйцгээх болжээ. Тиймээс хуулинд нэмэлт заалт оруулж бааранд орсон хүн нэг удаадаа зөвхөн ганц лонх пивоноос илүүг авах ёсгүй гэж заав. Дараагийн лонхыг зөвхөн хоосолсон стаканд нь л хийж өгдөг байв.

Эхлээд хуулийг түр хугацаагаар баталсан ч дайны дараа олон жил үйлчилсээр дөнгөж 1967 онд цуцалжээ.

 Канада (1918-1920)
2,5 хувиас илүү спиртийн агууламжтай согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдаалахыг хориглодог байв.

Канадын архины эсрэг компанит ажлын зурагт хуудас

Гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, ядуурлыг багасгахын тулд “Эрүүлжүүлэх хөдөлгөөн”-ийхөн 100 жилийн хугацаатай архины эсрэг хууль батлахыг санаачилсан ч Засгийн Газар дэмжээгүй байна.

Дараа нь Данкины хууль гарч муж болгонд архины асуудлаа бие даан шийдэх эрхийг олгожээ. Харин 1898 онд болсон бүх нийтийн санал хураалтаар ард түмэн “хуурай хуулийг” батлахыг дэмжиж саналаа өгчээ. Гэсэн ч архины эсрэг хууль батлагдсангүй. Учир нь Квебека тосгонд таван оршин суугчийн дөрөв нь хуулийн эсрэг байлаа.

Зөвхөн 1917 онд уг хуулийг баталж, Засгийн Газар 2,5 хувиас илүү спиртийн агууламжтай согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглов. Гэвч Дэлхийн нэгдүгээр дайны дараа хууль өөрөө зохион байгуулалттай гэмт хэргийг өөгшүүлж, байдлыг улам дордуулж байна гэсэн хүмүүс олон болсноор 1920 онд хуулийг цуцалжээ.

Финлянд (1919-1932)

Согтууруулах ундааг зөвхөн эмчилгээнд, шинжлэх ухааны зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг байв.

Эрх баригчид уг хууль нь гэр бүл салалтыг багасгахын зэрэгцээ хүүхдүүдийг хорт зуршлаас хол байлгаж, гэмт хэргийн гаралтыг багасгана гэж тооцжээ. Гэвч хуулийг баталсан даруйд нь зөрчих болж, зөрчсөн тохиолдол геометр прогрессийн дагуу өсч эхлэв.

Худалдаачид спиртийг хөлөг онгоцоор зөөхдөө олон ширхэг төмөр торхонд хийж хооронд холбоод тороосоор онгоцны араас чирдэг байв.

Баригдах аюул нүүрлэвэл тороосыг тайлж спиртээ далайд үлдээгээд аюул өнгөрсөн цагт буцаж ирээд авдаг байлаа. Эмч нар элдвийн халдварт өвчнөөс сэрэмжлэх үүднээс спиртийг тусгай жороор олгоно. Харин спирт нэмж хатууруулсан цай, кофег ямар ч ресторанд захиалж болохоор байв.

1931 оны бүх ард түмний санал хураалтаар хуурай хуулийг цуцалжээ.

АНУ (1920-1933)

Согтууруулах ундааг бүрэн хориглосон нь

АНУ-ын хуурай хууль дэлхийн орнуудын архины эсрэг компанит ажлуудын хамгийн тод жишээ болдог. 1914 онд 15 мужид архи хэрэглэхийг хориглож, харин Америк Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орсноор архигүй мужийн тоо 36 боллоо. Гэвч үлдсэн 12 мужид хүн амын талаас илүү хувь төвлөрч байв.

Өнөөдрийг хүртэл хуурай хууль үйлчилдэг орнуудыг хөхөөр тэмдэглэв.

Эрүүлжүүлэх хөдөлгөөнийг дэмжигчид олон болж, дайн дэгдэж хүнс хэмнэж буй цагт архинд мөнгө үрэх нь эх оронч бус хэмээн тооцогдоно. Түүнчлэн АНУ дахь спиртийн заводын эзэд байсан германчуудыг дэмжсэн хэрэг болдог байв. Түүнээс гадна автомашины хэрэглээ газар авч согтуу жолооч нар ихэссэнээр золгүй явдлууд гарах боллоо. 1917 онд виски, хоёр жилийн дараа пивоны үйлдвэрлэлийг зогсоов. 1919 онд Ерөнхийлөгчийн саналын эсрэг согтууруулах ундааг бүрэн хориглолоо.

Гэвч хуурай хууль сөрөг үр дүн авчрав. Нууцаар архи үйлдвэрлэж, худалдаалдаг буглегерүүд гэгчид олшров. Буглегерүүд нь гангстерүүдийн зэрэгцээ тэр үеийн Америкийн нэгэн бэлэг тэмдэг болж үлджээ. Джон Кеннедигийн эцэг Джозеф Кеннеди эдгээр хүмүүсийн нэг байлаа. Нью-Йоркийн 20 оршин суугчдын зөвхөн нэг нь хуулийг биелүүлдэг байсан гэсэн тооцоо бий. Архины нууц худалдаанаас болж хордож үхэх тохиолдол  ихэсч,  архинаас үүдэлтэй нас баралт есөн жилийн дотор ес дахин өсчээ. 1926 оныг архины эсрэг хууль үйлчилж эхэлсэн үетэй харьцуулахад хоёр дахин илүү согтуучуудыг эрүүлжүүлсэн байна.

1932 онд Бүгд найрамдахчууд сонгуульд ялагдаж, дараа жил гэхэд Франклин Рузвельт архины эсрэг хуулийг цуцлав.

Зөвлөлт Холбоот Улс (1985-1987)

Архи уух газрууд, цагийг хязгаарласан нь

Хуучин ЗХУ түүхэндээ таван удаа архины эсрэг компанит ажил өрнүүлжээ. 1918-1923 онд согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааг хориглож, 1929 онд шар айргийн заводуудыг хааж, шар айрагны газруудыг цайны газар болгожээ. 1958 онд архи худалдаалах цэгүүдийг багасгасан байдаг.

Дарсны дэлгүүрийн гадаах дараалал. ЗХУ. 1985 он.

Хамгийн сүүлд 1985 онд Коммунист Намын Төв Хорооны согтууруулах ундаа болон согтууралтай тэмцэх тогтоол гарчээ. Хоригийн дагуу худалдах, хэрэглэх цэгүүдийг багасган ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг хатуу шийтгэх болов. Нэг талаас архины дэлгүүрүүд хаагдаж, нөгөө архигүй хуримыг сурталчилж байв.

Архины худалдааг багасгасан нь эдийн засагт гэнэтийн хохирол учруулж жилдээ 60 тэрбум рубль олдог байсан хүнсний үйлдвэрүүдийн орлого 1986 онд 38 тэрбум боллоо. Архины эсрэг хуулийн талаарх олон нийтийн дургүйцэл, санхүүгийн алдагдал 1987 онд хуулийг цуцлахад хүргэжээ.