Дэлхий ертөнц улам л давчуу болсоор байна
Тель-Авив хот
2014.03.01

Дэлхий ертөнц улам л давчуу болсоор байна

Дэлхийн хүн амын өсөлт, нөөцийн хомсдол эрдэмтдийн сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байна. Юун түрүүнд дэлхий дээр улам л давчуу болоод байна уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирдэг. Судалгааны тоо баримтаас харахад хүн амын эрс өсөлт дэлхийн харьцангуй ядуу бүсүүдэд ажиглагддаг.

НҮБ-ын илтгэлд бичсэнээр 2100 он гэхэд Африк тивийн ихэнх орны хүн ам тав дахин өснө. Хүн ам өсөхөөр ус, хүнс, эрчим хүчний хэрэглээ тэр хэмжээгээр нэмэгдэж таарна. Нигер улсын төрөлт (нэг эмэгтэйд зургаан хүүхэд) дэлхийн дунджаас 2,5 дахин илүү. Энэ зууны төгсгөл гэхэд 174 саяас 914 сая болтол өснө. Тэгэхээр Хятадын хүн амтай тэнцэх хэмжээнд очиж, харин урд хөршийн  иргэдийн тоо 300 саяар буурах хандлагатай байна.

Африкийн өлсгөлөн

Дэлхийн өнөөгийн хүн амын тоо 7,2 тэрбум. 2025 онд 8,1 тэрбум, 21 дүгээр зууны дунд үе гэхэд 9.6 тэрбум, зууны төгсгөлд 10,9 тэрбум болно. Хүн амын өсөлтөөс гадна хүмүүс эх дэлхийнхээ нөөцийг хэрхэн зохистой ашиглаж чадах вэ гэдгээс олон зүйл шалтгаална.

НҮБ-ын урьдчилсан судалгаагаар өндөр өсөлт Африк, өмнөд Ази, Латин Америкийн ядуу орнуудад ажиглагддаг. Хүн амын ихэнхийг хүүхдүүд эзэлдэг эдгээр орны ирээдүйд ядуурал, боловсролын хүрэлцээ, ажлын байрны хомсдол зэрэг олон таагүй асуудлууд үүсэх шинжтэй байна. Түүнчлэн Европод хөдөлмөрийн чадвартай хүний тоо багассан үзүүлэлттэй гарав.

Харин Бразиль, Япон, Германи, ОХУ-д хүн амын тоо буурсаар. Онолын хувьд цагаачдаар хүн амаа нөхөж болох ч хүлээн авагч орнуудад ажилгүйдэл том асуудал хэвээр.

Израйльд босгосон цагаачдыг хориглох тор

Дайн, өлсгөлөнгөөс зугтаж ирсэн хүмүүс хаалттай хаалга мөргөх үед аймшиг, арга ядсан байдал хоёрын хооронд байдаг тэр зүйл тохиолддог. 2013 оны 10 дугаар сар хүн төрөлхтний түүхэнд хар толбо болж үлдсэн билээ. Лампедуза арлыг зорьсон 364 африк хүн замдаа живснээс гадна 87 иргэн Нигерийн цөлд өлсөж, цангасны улмаас амь эрсдэв. Энэхүү 87 хүний дотор 48 хүүхэд, 32 эмэгтэй нэг нэгнээ дэрлэн амьсгал хураажээ.

Хэдхэн хоногийн өмнө Испанид очихын тулд Сеуте, Мелилье боомтуудад босгосон хашилтыг давахыг оролдсон залуучууд биедээ олон тооны шарх авчээ. Хэвлэл мэдээллийнхэн заримдаа анхаарал хандуулдаггүй. Газраар, агаараар, далайгаар яаж ийгээд баян орны хил давж дэлгүүрийн гадаа сонин зарах ажил олж чадсан хүмүүсийг азтайд тооцдог ч тэдний тухай сонинд бичдэггүй. Зарим нь бүр боолын маягаар цагаачийн хөдөлмөр эрхэлдэг байна.

Африкийн цагаачид

Олон улсын валютын сан, Билл Гейтсийн сан зэрэг байгууллагууд Африкийн орнуудын эдийн засаг ирээдүйд цэцэглэнэ гэж ярьдаг ч НҮБ-ын хүн амын судалгаа тэдгээрийг үгүйсгэдэг.

2050 он гэхэд дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээ 70 хувьд хүрнэ. Өнөөдөр нэг тэрбум орчим хүн өлсч, 2,5 тэрбум ядуурлын түвшинд байгаа бол энэ зууны дунд үе гэхэд хүн амын 70 хувь нь доогуур орлоготой болж хүнсний хомсдолд орохоор байна.