Худалдаж авсан эх орон
19 дүгээр зууны эхэн үеийн АНУ
2014.02.27

Худалдаж авсан эх орон

Герман улс Испаниас Номхон далай дахь арлуудыг нь худалдаж авснаас хойш 115 жил өнгөрлөө. Испани Америкт ялагдсаны дараа 6000 километр квадрат талбайтай арлууд ямар ч ашиг өгөхөө больж, Испани улс гуравдугаар сортын гүрэн болон хувирчээ. Олон мянган арлыг удирдах чадал байгаагүйгээс Марианы, Каролины арлуудыг 25 сая песет (17 сая марк) – ээр заржээ.

Харин ялагч АНУ Парижийн хэлэлцээрийн дагуу 1898 оны 12 дугаар сарын 10 нд Карибын тэнгисийн Пуэрто-Рико болон бусад Испаний эзэмшил арлууд, Гуам, Филиппыний арлуудыг 20 сая доллароор худалдаж авав. Энэ нь АНУ-ын худалдаж авсан олон газар нутгийн нэгээхэн хэсэг байлаа.

Үнэгүй Флорида

Adams Onis-ийн байгуулсан хэлцэл

Америк тив Европоос хол оршдог нь цагаачдын эх орон гэгддэг АНУ-ын хувьд азтай хэрэг болсон юм. Европын гүрнүүд дайтаж байх хооронд АНУ-ын засгийн газар завшааныг ашиглан сая сая километр квадрат газар нутгийг маш бага үнээр авч газар нутгаа тэлэв.

Америкчууд Флорида мужийг бараг үнэгүй авсан бөгөөд зөвхөн 5,5 сая доллар төлжээ. Испани улс 300 жил эзэмшсэн нутгаа сохор зоосны үнээр зарав. Худалдах гэрээг 1819 онд үзэглэсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Джон Адамс, Испаний гадаад хэргийн сайд Луис де Ониса нарын нэрээр Адамс-Онисын гэрээ хэмээн нэрлэжээ. АНУ Флоридаг худалдаж авснаар Мексиктэй хиллэх болсон юм.

Луизаныг худалдаж авсан нь

Louisiana

АНУ-ын засгийн газар анхны томоохон худалдан авалтаараа өнөөгийн газар нутгийн 23 хувь буюу 2,1 сая километр квадрат талбайг француудаас худалдаж авчээ. Эдүгээ уг хэсэгт зургаан муж бүхлээрээ багтдаг. Анхны үнэ 15 сая доллар буюу гектар бүр нь долоон центийн өртөгтэй байв. Эцэст нь Луизаныг 23,2 сая доллараар авчээ. Харин францууд олсон мөнгөөрөө Англи руу дайрахад хэрэг болох цэргийн флот барив.

Луизана

Наполеон хямд үнээр зарсандаа сэтгэл хангалуун бус байсан нь мэдээж. Хожим мэдэгдсэнээр америкчууд Миссисипи мөрнөөр худалдаа хийхэд хамгийн тохиромжтой стратегийн бүс нутаг болох Шинэ Орлеаныг 10 сая доллараар авахыг хүссэн гэдэг. Францууд тэр үеийн АНУ-аас хоёр дахин том газар нутгийг санал болгож, оронд нь дөнгөж 15 сая доллар хүссэнд АНУ-ын тав дахь ерөнхийлөгч Джеймс Монро, Францын элчин сайд байсан Роберт Ливингстон нар гайхсан нь гарцаагүй.

Хамгийн сонирхолтой нь Луизана удаан хугацаанд Испаний газар нутаг байсан бөгөөд францууд гурван долоо хоног эзэмшээд л АНУ-д зарчихсан байна.

Аляскийг худалдаж авсан нь

Гайхамшигт сайхан Алякс. Цагаан баавгай, үзэсгэлэнт байгаль, өвөрмөц цаг агаар. Цааш цаашдаа улам л үнэд орох дэлхийн хамгийн сонирхолтой цэгүүдийн нэг юм.

Аляскийг АНУ оросуудаас худалдаж авчээ. 1867 онд Америкийн засгийн газар Аляск болон Оросын Хойд америк дахь бусад эзэмшлийг авсан нь маш ашигтай наймаа болсон юм.  Тэр үед Аляскийг худалдаж авсан 7,2 сая доллар нь 2013 оны 107 сая доллартай тэнцэнэ. Нийт талбай нь 1,52 сая километр квадрат, харин гектар бүрийн үнэ нь таван цент. Гэтэл 1872 онд Нью-Йоркод барьсан тойргийн шүүхийн гурван давхар барилгад татвар төлөгчдийн мөнгөнөөс 12 сая долларыг зарцуулжээ.

Аляск Оросын эзэнт гүрний Европт төвлөрсөн удирдлагын төвөөс хол байсан нь хямдхан зарах шалтгаан байлаа. Бараг хүн ам суурьшаагүй зэлүүд газар нутгийн хамгаалалт, ашиглалтын зардал орлогоосоо давах болсон учраас хоёрдугаар Александр хаан Аляскаас түргэн хагацахын түүс болов.

Өнөөдөр эргээд харахад Аляскийг зарсан нь хэтэрхий тэнэг үйлдэл гэдэг нь тодорхой. Худалдах тохироо маш нууц хэлбэрээр хийгдсэн бөгөөд зөвхөн зургаан хүн  энэ тухай мэдэж байсан гэдэг. Тиймээс Аляскийг зарсан талаар янз бүрийн цуу яриа, хуйвалдааны онолын хувилбарууд гарчээ. Хамгийн түгээмэл цуу яриагаар Александр хаан Аляскийг зараагүй, харин 99 жилийн хугацаатай түрээслүүлсэн гэдэг.

Аляскийг худалдах гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн Аляскийг зарж олсон мөнгө алга болсон гэсэн хувилбар бий. Учир нь мөнгийг Лондонд бэлэн алтаар сольж Орос руу илгээжээ. Гэвч алтыг зөөж явсан “Оркни” хэмээх дарвуулт онгоц  1868 оны долдугаар сарын 16 нд Санктпетербургаас холгүй осолдож тэнгисийн ёроолд живжээ. Алтыг хайсан боловч олоогүй гэж ярьцгаадаг. Үнэт ачаа даатгалтай байсан ч даатгалын компани нөхөн төлбөрөө өгч чадалгүй дампуурсан гэж таамагладаг.

Гучин жилийн дараа Клондайкад алт олдсоноор америкчууд ашигтай наймаа хийснээ ойлгожээ.

Зөрүүд Даничууд

Дэлхийн нэгдүгээр дайны ачаар АНУ 1917 онд Дани улсаас Виргиний арлуудыг 25 сая доллараар худалдаж авав. Үүнээс өмнө Данийн эрх баригчид хоёр удаа зарахаас татгалзаад байсан юм. Гэвч эдийн засгийн хямралд хавчигдаж аргагүйн эрхэнд Карибын тэнгис дэх эзэмшлээ ийнхүү зарав.

Хамгийн цэвэр цэнгэг устай, хамгийн цэвэр агаартай, доороо асар их баялагтай Greenland

Гучин жилийн дараа АНУ Даничуудаас Гренландыг зарахыг олон удаа гуйсан ч зөвшөөрсөнгүй. Эдүгээ Гренландын мөсөн доор асар их хэмжээний ашигт малтмалын нөөц буй нь тодорхой болсон бөгөөд америкчууд 1946 онд Данид дөнгөж 100 сая доллар санал болгосондоо харамсдаг байх.

Дани улс дайны дараа Америкийн хөрөнгө оруулагчдад 70 сая долларын өртэй байсан ч зөрүүдэлж төлөхөөс татгалзжээ. Харин одоо Гренландын арал дээр салан тусгаарлах хөдөлгөөн идэвхжсэн учраас Данийн эрх баригчид Гренландыг алдахаас үнэн голоосоо айдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.