Дэлхийн I дайн дэгдсэн 1914 оных шиг нөхцөл байдал 2014 онд бүрджээ
Дэлхий ертөнц шинэ дайны ирмэг дээр ирсэн үү?
2014.02.26

Дэлхийн I дайн дэгдсэн 1914 оных шиг нөхцөл байдал 2014 онд бүрджээ

Кембриджийн их сургуулийн профессор, түүхч Маргарет Макмилланы нийтлэлээс

Дэлхийн I дайныг эхлүүлсэн өмнөх алдаагаа дахин давтах аюул хүн төрөлхтөнд нүүрлээд байна. Түүх парадоксоор дүүрэн. Хамгийн гол парадокс нь түүх яг бүрэн хэмжээгээр хэзээ ч давтагддаггүй. Тэгэхээр түүхийг тодорхой хэмнэл нь давтагддаг шүлэгтэй харьцуулж болох юм.

2014 ба 1914 онд аймшигтай олон адил төстэй тал бий: НЭГ

XX зууны эхээр дөнгөж механикжуулсан армиуд Балканд дайн дэгдээж, энэ дайны талбарт сая сая хүмүүсийг хөнөөсөн. Энэ дайнд 5 тивийн 60 сая гаруй цэрэг оролцож, 6 цэрэг тутмын нэг нь амь үрэгдэн, сая сая хүн тахир дутуу болсон билээ.  Дайн эхэлсэн албан ёсны шалтгаан бол Австрийн эрцгерцог Франц Фердинандын аллага.

Хохирол -  Цэргүүд үхсэн: 5,525,000 шархадсан: 12,831,500 Сураггүй: 4,121,00

Харин орчин үед Ойрхи Дорнод л 100 жилийн өмнөх Балканы дүрд тохирох байх. Миний энэ үзэл бодлыг олон хүн хуваалцдаг. Хэрэв Иран цөмийн бөмбөгтэй болбол бүс нутаг тэр чигтээ цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлнэ. Тэртэй тэргүй тайван бус Ойрхи Дорнод дарьтай торх болон хувирч, өчүүхэн төдий очоос болж дэлбэрч, эргэн тойрны бүхнээ устгаж магадгүй. Хор хөнөөлтэй национализмын зөрчилд АНУ, Турк, Орос, Ираныг ч татан оруулж магадгүй. Эдгээр улс болгон тухайн бүс нутагт өөрийн ашиг сонирхолтой, өмгөөлөн хамгаалах холбоотонтой.

1914 ба 2014 оныг төстэй болгосон өөр нэг зүйл бий. ХОЁР

Орчин үеийн исламын террористууд нь үнэндээ төгс, сайхан амьдралын төлөө бусдын амийг золиослохыг уриалдаг гүн ухааны нэрийн өмнөөс цөөнгүй аллага үйлдсэн хувьсгалчид, анархистуудтай усны дусал шиг адилхан.

1914 онд Герман улс хөгжлийнхөө оргилд хүрч тухайн үеийн гол гүрэн Их Британитай тэрсэлдэх болсон. Өнөөдөр үүнийг зүйрлүүлбэл АНУ ба Хятадын өрсөлдөөн. Хүн төрөлхтний түүхэнд нэгэн их гүрэн нөгөөгөөр солигдох үе үргэлж их цочрол дагуулж, догшин ширүүн байдаг.

Өнөөдөр дэлхий даяар барууны ба үндсэрхэг үзэл улам хүчирхэгжиж, газар авсаар. Дэлхийн I  дайны өмнө бас л ийм нөхцөл байдал үүссэн байсан.

Хэрэв Ойрхи Дорнодод палестинчууд гэнэт израильчуудтай хэлэлцээр хийлээ гэж үзвэл, харин Иран цөмийн хөтөлбөрөөс татгалзан өрнөдийг тайвшруулж чадвал дэлхийн халуун цэгээр Алс Дорнод тодорч болзошгүй.

Хятадуудын Дяоюйдао гэж нэрлэдэг, харин япончуудын Сенкаку гэдэг Дорнод Хятадын далайд орших эзэнгүй арлуудаас үүдэлтэйгээр Хятад, Японд эх оронч үндсэрхэг үзэл улам гаарсаар. Хятадын цэргийн зардал өсч, флотоо эрчимтэй хөгжүүлж байгааг харсан Америкийн стратегичид “Бээжин одоо Номхон далайн супер гүрэн болохын тулд АНУ-тай сөргөлдөж байна” хэмээн дүгнэжээ. Одоо энэ бүс нутагт дэлхийн их гүрнүүд хоорондоо өрсөлдөн зэвсгээр хөөцөлдсөөр байна.

Нэгдүгээр дайн үргэлжилсэн хугацаа: 1914 оны 7 сарын 28 – 1918 оны 11 сарын 11

“The Wall Street Journal”-ын маш найдвартай, баттай эх үүсвэрээс авсан мэдээгээр Пентагон өнөөгийн энэ нөхцөлд юмыг яаж мэдэх вэ гээд Хятадтай хийх дайны төлөвлөгөөгөө боловсруулж байгаа аж. Ийм төлөвлөгөөг Хятадын Ардын армийн Жанжин штаб ч боловсруулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Алс Дорнодын нөхцөл байдлыг хүндрүүлэх өөр зүйл бол халдлагын үед харилцан туслалцах АНУ ба Японы гэрээ. Вашингтон 2012 онд энэ гэрээгээ Сенкаку аралд хамаатай гэдгийг Токиод баталж өгсөн. Өнгөрсөн оны 11-р сард Бээжин гэнэт агаарын аюулгүй байдлын өөрийн бүсээ тэлсэн, үүнд маргаантай арлуудын агаар мандал ч багтсан. Гэтэл үүнээс хэдэн өдрийн дараа Америкийн “В-52” бөмбөгдөгч онгоцууд Сенкаку арлын дээгүүр нисч, Хятадын янзыг үзэж байлаа.

АНУ, Хятадын өнөөгийн харилцаа яг 100 жилийн өмнөх Герман, Их Британий харилцаатай адил төстэй байна. Мөн Америкт хийж байгаа Хятадын хөрөнгө оруулалт америкчуудын дургүйцэл, түгшлийг улам бүр төрүүлөх болжээ. Харин Хятад өөрөө “Вашингтон манай Бээжинтэй хоёрдугаар зэргийн орон шиг харьцдаг” гэж гомдоллодог.

1914 ба 2014 оныг төстэй болгож буй өөр нэг параллель: ГУРАВ

XXI  зуунд их гүрнүүдийн хооронд бүрэн хэмжээний дайн дэгдэхгүй гэсэн дэлхий нийтийн алдаатай бодол, эндүүрэл. 100 жилийн өмнө яг ийм амгалан, налгар уур амьсгал ноёрхож байлаа.  Даяаршил та бидний сонор сэрэмжийг алдагдуулж, яг тэр үеийнх шиг аюулгүй гэсэн хуурамч мэдрэмж өгч байна. Гэхдээ Дэлхийн I дайны 100 жилийн ойгоор та бид алдаа эндэгдэл, гэнэтийн сүйрэл, санамсаргүй тохиолдолд өртөмтгий гэдгээ ноцтой ухамсарлах хэрэгтэй.

Эхлээд асуудал, хямралыг ар араас нь бий болгочихоод дараа нь учрыг нь олох гэж удаж байхын оронд 100  жилийн өмнөх аймшигт сургамжийг дурсан, дүгнэн шинжлэх цаг ирлээ. Дэлхийн лидерүүд хамтдаа бат бөх олон улсын дэг журмыг байгуулах талаар бодож эхэлнэ гэж найдаж байна.