Унадаг дугуйн зурагнаас болж улс төрийн намууд шүүхэд ханджээ
2014 оны хаврын сүүлчийн өдөр Энэтхэгт парламентын сонгууль болно. Хэдийгээр сонгууль болтол хэдэн сарын зай байгаа ч намууд аль эртнээс бэлтгэлдээ оржээ. Сонгуулийн үеэр Энэтхэгийн шүүгчдийн ажлын ачаалал эрс нэмэгддэг.
Сонгуульд хэдэн сарын өмнөөс бэлддэгийн учир энгийн. Манай гаригын хамгийн том ардчилсан орнуудын нэг болох Энэтхэгт санал өгөх эрхтэй хүмүүсийн 180 орчим сая нь уншиж, бичиж чаддаггүй аж. Гэхдээ Энэтхэгчүүд энэ тоогоороо бахархдаг. Учир нь 10 жилийн өмнө нийт хүн амын гуравны нэг нь бичиг үсэггүй байжээ.
Энэтхэгийн сонгуульд түгээмэл хэрэглэгддэг дүрсүүд
Цагаан толгойн “А” ч мэдэхгүй хүмүүсийн саналыг авахын тулд төрөл бүрийн арга чарга хэрэглэдэг. Хамгийн энгийн арга бол эд зүйлсийн зураг ашиглах. Сонгуулийн төв хороо сонгуулийн өмнө нам болгонд нэг зураг өгдөг. Энэ үйл явц хамгийн чухалд тооцогддогийн учир нь бичиг үсэггүй сонгогчдын ирц боловсролтой хүмүүстэй харьцуулахад хавьгүй өндөр гардаг ажээ.
Энэтхэгийн сонгуулийн саналын хуудаснууд хүүхдийн номын зураг шиг л харагддаг. Сонгуульд оролцож буй нам болгоны нэрийн хажууд ямар нэгэн эд, хүнсний зүйл, багаж зэвсгийг дүрсэлсэн зураг байх ёстой. Голдуу олны мэдэх эд зүйлсийг дүрсэлнэ. Тухайлбал шүгэл, самар, хумсны хутга, өнгөт байцаа гэх мэт. Эрх баригч Энэтхэгийн үндэсний намын билэг тэмдэг нь дээш харуулсан гарын алга, сөрөг хүчин болох Энэтхэгийн ардын намын билэг тэмдэг нь дэлбээлж буй вансэмбэрүү байх жишээтэй. Харин “Раштрии уламы Зөвлөл”-ийг данх, Энэтхэгийн бүгд найрамдахын намыг хөргөгч төлөөлдөг.
Энэтхэгийн сонгогчид саналаа өгөхөөр хүлээж байна.
Энэтхэг хэмээх том оронд олон нам байдаг учраас олон зураг шаардлагатай нь гарцаагүй. Сонгуулийн төв хороонд бүртгэлтэй намын тоо 1400. Бүх намд амархан танигдах зураг оноох амаргүй нь мэдээж. Нам, улс төрийн хүчнүүд заан, цаг зэрэг олны мэдэх амьтан, эд зүйлсийн зургийг эзэмшихийн ширүүн тэмцэл өрнүүлдэг. Зарим тохиолдолд шүүхээр асуудлыг шийдэх нь ч бий.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Дели хотын парламентад өрсөлдсөн намууд унадаг дугуйн зурагнаас болж нийслэлийн шүүхэд ханджээ. Шүүгч эхэндээ маргааныг шийдвэрлэхээс татгалзаж эвлэрэхийг санал болгосон байна. Эцэст нь “Самажвади” намынхан аргагүйн эрхэнд дарсны хундаган дээр бууж, харин “Пантеры Джамму и Кашмира” нам “Полароид” фирмийн нэг удаагийн зургийн аппаратыг сонгожээ.