Хазаар Монголчууд
Эзэнт гүрний байлдан дагууллын үед монголчууд Ази тивээр багагүй таржээ. Эдүгээ монгол угсааныхан Монголоос гадна ОХУ, Хятад, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг, Турк, Афганистаны нутаг дэвсгэрт оршин амьдардаг. Эдгээрээс Афганистан дахь Хазаар монголчуудын талаар товч өгүүлье.
13-р зуунд Монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тэндэхийн Табриз нэртэй хотод Ил Хааны гэгдэх хаант улсыг байгуулав. Гэвч Хүлэгү хаан болон Абу сайдын үхлийн дараа 1360 онд хаант улс хэдэн хэсэгт хуваагдаж бие даасан жижиг улсууд үүсчээ. Ираны сурвалж бичгүүдээс харахад эдгээр монгол угсааны улсууд хэдэн зуун жил оршин тогтносоор байжээ. 1380 онд Самаркандад Монгол угсааны түрэгжсэн алтан ургийн хүргэн Төмөр хүчирхэгжиж, 1400 он гэхэд тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэв. Төмөрийн эрхшээлд өнөөгийн Афганистан оршиж байв. 1405 онд Төмөр нас барснаар лалын ертөнц ахиад л хуваагдаж эхлэв. Гэвч Төмөрөөс 100 жилийн дараа түүний үр сад болох Бабур улсаа байгуулж Кабулд хүчээ төвлөрүүлэв. Тэрээр 1525 онд Энэтхэгийг эзэлснээр монголчууд Афганистан, Энэтхэг, Узбекистанд төвлөрсөн Их Могол улсыг үндэслэв. Бабураас хойш Могол 300 жил оршин тогтносоор Англичуудын гарт оров.
Хижээл насны хазаар эр
Түүхийн энэхүү их хувьслын дараа монгол-турк-перс холилдсон хэлээр ярьдаг Хазаарууд хэмээх нэгэн хэсэг хүмүүс өнөөгийн Афганистаны нутагт бий болжээ. Саяхныг болтол тэдний тоо 6-7 сая хүрч байлаа. Монгол царайтай, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг, маш хөдөлмөрч бөгөөд Чингисийн удам гэдгээрээ ихэд бахархдаг аж. “Хазара” гэдэг нь персээр “мянга” гэсэн утгатай. Тиймээс Чингис хааны нэгэн мянгат цэргийн үр сад болов уу гэсэн таамаг байдаг. Хазара монголчууд нь Афганистаны төв хэсгийн уулархаг бүсээр нүүдэллэн амьдардаг. Эдүгээ Афганистанд 1,7 сая, Иранд 220 мянган Хазаар байгаа гэж үздэг. Чинээлэг Хазаар гэр бүл монгол гэрт, ядуус нь сүрлэн дээвэр бүхий сууцанд аж төрдөг.
Үндэсний хувцастай хазаар охин
Цэвэр нүүдэлчин Хазаарууд эсгийгээр бүрсэн овоохойг голчлон хэрэглэнэ. Гадаад төрхийн хувьд яг л монголжуу царайтай, хонин бор нүдтэй, намхан нуруутай, навтгар хамартай. Газар тариалан, мал аж ахуйгаас гадна арьсан эдлэл, дархан, нэхмэл зэрэг гар урлал эрхэлнэ. Баярын үеэр морин уралдаан, тэмээн тулаан, бөхийн барилдаан болно. Хазаарууд байгалийн сүр хүчнээс эмээж, уул усны лус савдгуудыг аргадан шүтдэг. Монголчууд болон Хазааруудын хэлэнд ижил төстэй үгс их. Тухайлбал Монголоор бид сандал гэхийг тэд сандали, Цээж-Чээжи, Хайч-Хайчи гэх мэтээр хэлдэг. Хазаарууд Буддизм болон лалын шашны шиа хэмээх урсгалыг баримталдаг.
Хазаарууд ба Афганистан дахь үндэстнүүдийн мөргөлдөөн
Ойрхи Дорнодын зүрхэнд нь орших геополитикийн ашигтай байрлалаасаа болж Афганистан байнга л том гүрнүүдийн хоорондох тоглоом болж ирсэн. Хазаар нь Афганистандаа үндэстний цөөнх учир багагүй хавчин гадуурхагддаг. Бараг зуу гаран жилийн настай Афганистаны дотоод хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн нь Хазара нар бололтой. Анх Английн колончлолыг эсэргүүцсэн дайн тулаануудад 2-3 сая Хазаар амиа алдсан байна 1892 онд Афганистаны эмир Абдуррахан гэгч Хазааруудыг эзэлснээр Афганистан дахь тэдний байр суурь алдагдаж эхлэв. Англичуудын дараа Оросууд ирэв.
Хазааруудын арми
Энэ үед Хазаарууд нийгмийг урагш хөтлөх олон сэхээтнүүдээ алдсан байна. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазааруудыг гарцаагүй байдалд оруулан галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. 80-аад оны сүүлээр Оросууд явсны хойно Саудын Араб гаралтай Талибууд төрийн эрхэнд гарлаа. Тэдний хувьд хамгийн хорсолтой нийгмийн бүлэг нь Хазарууд болов. Талибанууд нь Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сийк, Паеган шашинтай Балучи гэх мэт олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэд хоорондоо зөрчилтэй, байлдаж тулалддаг.
Хазаарууд дайны хөлд олон жил зөвч зүдэрсээр байгаа билээ.
Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй аж. 1992-95 онуудад Хазаарууд Афганистаны бусад цөөн тоот үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын Эвсэл байгуулж Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагааж Кабул хотыг эзэлж авав. Гэвч Тажикуудын удаа дараагийн урвалтаас болж хотыг Талибуудад алджээ. Хазааруудын удирдагч болох Баба Мазарийг хэлэлцээр хийнэ хэмээн хуурч мэхлээд нисдэг тэрэгнээс унаган амийг нь хөнөөв. Удирдагчаа алдсан хазаарууд доройтож, Талибууд тэдний дунд жинхэнэ яргалал явуулж эхлэв. Энэ мэтээр хазааруудыг олонтаа олноор нь хоморголон хөнөөж байв. 1998 оны 8 сард Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазаарын зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазаар үндэстнийг онцгойлон, хоморголон алах үйлдлийг зохион байгуулалттай явуулсан бөгөөд 8 000 орчим Хазаарын аминд хүрчээ. Хазааруудын нэг гачлан нь тэд хэний ч дэмжлэгийг авч чаддаггүй бөгөөд орчин үеийн зэр зэвсэгээр маш дутмаг. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч байсан ба, ганцхан Хазааруудад туслах хэн ч байдаггүй байсан байна.
Хазаруудын Өнөөгийн байдал
Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа ба энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэлээ гэхдээ Афганистаны тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр. Саяхан парламентийн гишүүн, Хазаарын нэртэй улс төрч, командлагч Сад Мустафа Каземи талибуудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ. Үргэлжийн дайн дажны уршгаар Хазааруудын амьдрал эдүгээ туйлдаа хүрчээ. Хазаарууд голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь жирийн асуудал.
Хазаарын багачууд
2009 онд Монголоос тусгай судалгааны баг Афганистанд очиж Хазаруудын дунд хэсэг хугацаанд амьдран судалгаа явуулжээ. Чингисийн байлдан дагууллаас хойш 785 жилийн дараа монгол морьдын туурай тамгалсан газар шороон дээр гишгэж, монгол цэргүүдийн уухай хоногшсон хэрэм туурьд хөл тавьж, буурал түүхийн жимээр аялсан нь энэ юм. Мөргөлдөөн самууны дунд хазаар эмэгтэйчүүдийн ядарсан царай, гунигтай харц, дарамт шаналал нь өөр газрын монгол үндэстнүүдээс илүү зүрх шимшрэм байсныг судлаачид ярьж байна. Нэг бус удаа Хазааруудын тухай нэвтрүүлэг зурагтаар гарсан билээ. Үүний дараа Хазаар-Монголын харилцаа өргөжиж цөөн тооны Хазаар оюутнуудыг Монголд сургах шийдвэр гарсан байна.
Уртын дуугаа уянгалуулж, элгэн саднаа санагалзан суух хөх толботой, босоо бичигтэй, эсгий туургатай монгол үндэстний нэгэн хэсэг биднээс олон бээрийн алсад аж төрж байна. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа туслах боломжтой.