Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэнийхээ төлөө цаазлуулжээ
Өмнөд Солонгосын олон ангит кино үзэж, библи уншсан 80 хүнийг олны өмнө цаазлав.
2014.03.06

Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэнийхээ төлөө цаазлуулжээ

Саяхан Хойд Солонгост 33 хүнд Өмнөд Солонгосын шашны зүтгэлтэн Ким Чон Уктай хамтарч засгийн эрхийг унагаахыг оролдсон хэргээр үхэх ял оноожээ. Ким Чон Ук Хойд Солонгост Христийн 500 сүм барих мөнгийг гаргасан хүн юм.

“Чосон ильбо” сонины мэдээлж буйгаар ялыг гүйцэтгэх ажил Хойд Солонгосын батлан хамгаалах хорооны нэгэн нууц өрөөнд болох аж. Ял авсан хүмүүс чухам ямар байдлаар Өмнөд Солонгосын шашны зүтгэлтэнтэй холбогдсон нь тодорхойгүй.

Хойд Солонгост цаазын ялыг голдуу олны нүдэн дээр гүйцэтгэдэг.

Хоёрдугаар сарын эцсээр Өмнөд Солонгосын Хоёр Солонгосыг нэгтгэх яамны төлөөлөгч Кым Ый До 51 настай Ким Чон Укын аюулгүй байдлыг хангах, өмгөөлөгчтэйгээ уулзах боломж олгохыг Пхеньяны эрх баригчдаас хүсчээ. Гэвч татгалзсан хариу ирэв.

Ким Чон Ук Хятадаас ирсэн бөгөөд нийслэл хүрэхээр төлөвлөж байв. Гэтэл түүнийг хууль бусаар сүм барихыг оролдсон хэргээр баривчилжээ. Нэгжлэгийн дүнд түүнээс христын шашны ном, киноны хуурцаг илэрчээ.

Энэ нь Хойд Солонгост шашны зүтгэлтнүүдийг мөрдөж мөшгөсөн анхны тохиолдол биш юм. 2012 онд солонгос гаралтай Америкийн шашны зүтгэлтэн Кеннет Пэг 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Түүнийг засгийн эрхийг унагахад уриалсан хориотой ном зохиол тараасан гэж буруутгажээ.

Хойд Солонгосын генералууд. Гэрэл зургийг РИА Новости

Түүнчлэн 2012 оны эхээр Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайдын орлогч Ким Чолыг Ким Чен Ирийг оршуулах ёслолын үед согтуу явсан хэргээр минометаар буудаж хороох ял оноосныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн.

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлээд нийт 80 хүнийг нөгөө ертөнцөд илгээсэн байна. Тэд Өмнөд Солонгосын олон ангит кино, нэвтрүүлэг, порно бичлэг үзэж мөрийтэй тоглоом тоглосныхоо төлөө цаазлуулжээ. Цаазын гүйцэтгэлийг Хамген, Умард Хванхэ, Пхеман-Намдо зэрэг мужуудад хийжээ. Вонсан хэмээх боомт хотын цэнгэлдэх хүрээлэнд 11 хүнийг цаазлах үед хүүхэд, томчууд нийлсэн 11 000 хүн үзэж сонирхсон байна

.

Ким Чен Ыны энэ мэт үйлдэл нь нийгэм дэх аливаа эсэргүүцэл, капиталист хандлагыг дарах зорилготой, ингэснээр тэр өөрийнх нь дэглэмд саад болох хүмүүсийг замаасаа зайлуулж байна гэж хэвлэлийнхэн үзэж байна.