Саран дээрх газар нутгийг мөнгөтэй л бол хэн ч өмчилж болно
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд Хятадын саран дээр явагч “Хаш туулай” хэмээх робот сарны тоосон шуурганд өртөж унтах горимдоо шилжиж чадалгүй гацсан билээ. Нарны гэрлээр ажилладаг учир 14 өдрийг наргүйгээр өнгөрөөх болсон нь түүний хувьд «амьд гарах» боломжийг багасгав. Шөнө болгон тэрээр “Эх дэлхий минь, хүн төрөлхтөн минь сайхан амраарай” гэж хэлдэг байв.
“Хаш туулай” саран дээр нүх гаргаж сарны хөрсний найрлагыг тогтоох эцсийн зорилготой байв. Хятадуудын үзэж буйгаар сарны эрдэс баялгийг олборлож болох аж. Резерфорд Эплтоны лабораторийн сансрын хэлтсийн захирал Ричард Холдавэйн (Richard Holdaway) хэлснээр арилжааны үндэслэл бий болвол Хятадууд саран дээрх ашигт малтмалыг олборлох төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг судалж буй гэнэ.
Хятадын саран дээр явагч "Хаш туулай" робот.
Хэрэв уг төлөвлөгөө хэрэгжиж эхлэвэл хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. Яагаад гэвэл Сарны тухай олон улсын хууль дүрэм Хятадын санаархлаас «хол хоцорсон» аж. Онолын хувьд мөнгө нь байвал хэн ч байсан маргааш ч хамаагүй сансрын хөлгөөр саранд очоод үнэт чулуу олборлож, дэлхийд эргэж ирээд хамгийн өндөр үнэ санал болгосонд нь зарах үүд хаалга нээлттэй. Хятадууд сарыг задалж, хэсэг хэсгээр нь зарсан ч олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүй. Үүнийг хориглох шаардлага байна уу үгүй юу гэдэг энгийн асуултад хариулах хэрэгтэй.
“Сарны баялаг” гэдэг ойлголт ямар нэгэн шинжлэх ухааны уран зөгнөл биш. Саран дээр олборлох зүйл бий гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж Холдавэй үзэж байна.
Дэлхийн хамгийн анхны сансрын жуулчин. Денис Тито НАСА-д 20 сая доллар төлж сансарт найм хоног аялжээ.
Сарны хөрсөнд Дэлхийгээс олоход хэцүү ашигт малтмал элбэг байдаг аж. Тухайлбал титан, уран. Гэхдээ хамгийн чухал баялаг бол бидний мэдэх гели-3 буюу гелийн хөнгөн исэл юм. Уг хий нь цөмийн урвалын реакторуудын хамгийн чухал түлш болох боломжтой. Хэрэв тэгвэл өнөөгийн атомын цөмийг хуваах замаар энерги ялгаруулдаг реакторуудаас хэд дахин илүү эрчим хүчийг ялгаруулах боломжтой болно. 10 кг гели-3 ойролцоогоор 10 сая төгрөгийн үнэтэй. Одоохондоо хүн төрөлхтөн цөмийн урвалын реакторыг арилждаггүй ч удахгүй худалддаг болохыг үгүйсгэхгүй. Худалддаг болвол гели-3 хийн эрэлт нийлүүлэлтээсээ хол давна. Харин хийг олох хамгийн дөт арга нь саран дээр олборлох. Сарны хөрсийг халаахад л хий өөрөө гадагшилна.
Саранд зөвхөн Хятадууд ч санаархдаг юм биш. Зарим хувийн компаниуд бас сарны баялагт нүд унагаж эхэлжээ.
Амь үрэгдсэн сансрын нисэгчдэд зориулж "Аполлон 15" хөлгийн нисэгчид саран дээр дурсгалын жижигхэн хөшөөг 1971 онд босгожээ.
Гэсэн хэдий ч сарны бизнес хэр ашигтайг ойлгоход хэцүү. Саран дээр үйлдвэр барих энгийн ажил биш. Нэгдүгээрт дэлхийгээс нисэхэд асар үнэтэй. Сансарт нисэхэд нэг хүн биеийн жингийнхээ кг тутамд 25 000 доллар төлдөг.
Сансрын бизнес эрхэлж саран дээр байшин барих хүсэлтэй чинээлэг хүмүүс байдаг. Гэвч сарны эзэмшлийн асуудлыг шийдэхгүй бол тэдний төлөвлөгөө бүтэхгүй.
Дэлхийн улс орнууд хийгээд хувийн компаниудын сансарт явуулах үйл ажиллагааны талаар хоёр хэлэлцээр байдаг. Нэг нь 1967 онд баталсан Дэлхийн орнууд сансрын орон зай, сар болон бусад огторгуйн биетүүдийг хэрхэн судалж, ашиглах зарчмын тухай хэлэлцээр юм. Уг хэлэлцээрт “сансрын судалгаа, ашиглалт нь бүх улс орон, нийт хүн төрөлхтний сонирхлын тулд хэрэгжинэ” гэж заажээ. Гэвч энд тусгаар тогтносон улсыг сансарт эзэмшилтэй байхыг хориглосноос хувийн компаниуд сарыг эзэмшиж болохгүй гэсэн заалт байхгүй.
Сарны өмчлөлийн асуудлыг түргэн шийдэхгүй бол асуудал үүснэ гэдгийг судлаачид сануулж байна.
1984 онд байгуулсан Сарны тухай хэлэлцээрт ч сарыг өмчлөх эрхийн тухай юу ч тусгаагүй. Түүгээр ч барахгүй АНУ, ОХУ, Хятад гэсэн сансрын гурван гүрэн уг хэлэлцээрт гарын үсэг зураагүй учраас хэлэлцээрт хуулийн үндэслэл өгөх боломжгүй аж. Тиймээс Хятадууд сар луу роботын арми илгээж төрийн далбаагаа хатгаж “Сар манайх” гэж мэдэгдэх боломжтой гэсэн үг.