Болгоомжил! Мүүн!
Мүүний урсгал дэлхийн хамгийн аюултай таван тоталитар урсгалын нэгд тооцогддог.
2014.03.18

Болгоомжил! Мүүн!

Энэ удаа уншигч та бүхэндээ Эв нэгдлийн сүм буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар "Мүүний шашин"-ы талаар өгүүлье. Мүүнийн талаар олон нийтийн дунд төрөл бүрийн хандлага ойлголт бий. Гэхдээ дэлхийн шашин судлаачид, төрийн эрх баригчид уг урсгалыг 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий хэрнээ хамгийн аюултай номлол гэж үздэгийг мэдэх хэрэгтэй. Мүүний өөрийн үйл ажиллагааг голдуу нийгэм эдийн засаг нь хямарсан, хүн амын амжиргаа муу, шүүмжлэлт сэтгэлгээний соёл сул хөгжсөн орнуудад явуулдаг. Монголд оронд Мүүнийн номлолыг сонсдог, амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүс бий. Гэхдээ бид "нааш ир" гэсэн болгоны үгийг дагах ёстой гэж үү?

Уншигч таны саруул ухаанд найдаж Мүүний хэмээх энэхүү маргаантай номлолын мөн чанарыг товчхон өгүүлэхийг хичээлээ. Нийтлэлийг бичихэд бусад хэлээр бичигдсэн олон тооны эх сурвалжийг ашигласан болно.

Солонгосын номлогч Сан Мён Мүүний байгуулсан Unification church буюу Эв нэгдлийн сүм нь (бидний нэрлэж заншсанаар “Мүүний шашин”) дэлхийн хамгийн нөлөөтэй, баян шашны урсгалд тооцогддог.

Мүүний урсгалыг үндэслэгч Сан Мен Мун ба түүний эхнэр

Мүүнийн эзэнт гүрэн олон тооны машин үйлдвэрлэгч завод, зочид буудал, банк, хөлөг онгоц, цэргийн болон автомашины аж үйлдвэр, хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүрддэг. Жишээлбэл АНУ-ын “Вашингтон Таймс” сонин Мүүнийд харъяалагддаг. Эв нэгдлийн сүм АНУ-д, ялангуяа Калифорни, Нью-Йорк мужид их хэмжээний газрыг эзэмшдэг байна.

Уг урсгал маш баян бөгөөд жил бүр өөрийн улс төрийн болоод шашны төслүүдэд тэрбум орчим долларыг зарцуулдаг. Мүүнийчүүдийн ажлын чухал чиглэл бол аливаа нийгмийн дээд шатанд буй хүмүүсийг өөртөө татах, сургах. Тэдний номлолд “түлхүүр хүмүүс” гэдэг ойлголт байдаг ба тэднээр дамжуулж тухайн орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд нөлөөлдөг байна. Тэднийг өөртөө татахын тулд гадаадад үнэгүй томилолтоор явуулахаас эхлээд олон зуун мянган долларыг хахуульд өгөх хүртэл төрөл бүрийн аргыг хэрэглэдэг байна. Мүүнийчүүдэд тооноос илүү нөлөөлөл чухал. Нөлөөлөх хүч баргийн хүнд мэдэгдэхгүй нууцаар явагддаг.

Горбачев бол Сан Мен Муныг хүлээж авсан цорын ганц төрийн тэргүүн юм.

АНУ-ын Конгрессын хурлын үед Мүүнчүүдэд өөрсдийн санааг хууль тогтоомжид оруулахыг оролдсон түүх бий. Удалгүй АНУ-ын эрх баригчид Мүүний урсгал залуусын “толгойг угаадаг” гэдгийг ойлгож эхлэв. Сонинууд хувь тавилан нь эрэмдэг болсныг өгүүлэх эцэг, эхчүүдийн яриагаар дүүрэв. Конгрессын гишүүд Мүүнийн асуудлаар тусгай хурал хийхэд хүрч эцэст нь Мүүнчүүдийн үйл ажиллагааг Өмнөд Солонгосын Тагнуулын төв газраас санхүүжүүлж байсан нь тогтоогдов.

Германчууд үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарснаар засгийн эрх баригч хоёр нам өөрсдийн гишүүдээ ямар ч урсгалд элсэхийг хориглосон байна.

Мүүнийн урсгалын хор уршгийг ханатлаа амссан Европын Парламент уг урсгалын мөн чанарыг илчилж, үйл ажиллагааг нь хориглохыг Европын орнуудын эрх баригчдаас хүсчээ.

Мүүнийн ухуулга хүний оюун ухаан, зүрх сэтгэл, ухаарал, сэхээрэлд бус далд ухамсарт чиглэдэг.

Өөрийн зорилгод хүрэхийн тулд Эв нэгдлийн сүмийнхэн олон төрлийн хүмүүнлэгийн байгууллагын нэрэн дор ажилладаг. Мүүний урсгалын охин байгууллагуудад дараах олон улсын байгууллагууд багтдаг:

 “Олон улсын соёлын сан”, “Олон улсын боловсролын сан”, “Олон улсын урлагийн зүтгэлтнүүдийн холбоо”, “Шинжлэх ухааны нэгдлийн олон улсын чуулган”, “Бүх дэлхийд энхтайвныг хамгаалах байгууллага”, “Дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн чуулган”, “Дэлхий нийтийн энх тайвны зөвлөл”, “Сонины эрхлэгчдийн олон улсын холбоо”, “Коммунизмыг ялах олон улсын холбоо” зэрэг 18 байгууллага багтдаг ажээ.

Түүнчлэн өөрсдийн номлолыг заахын тулд англи хэлний үнэгүй сургалт явуулдаг.

Тархи угаах технологи

Мүүнийн урсгал шинээр элссэн хүмүүсийн сэтгэцэд нөлөөлөх арга зүйгээрээ алдартай. Бидний “тархи угаах” хэмээн нэрлэдэг сэтгэл зүйн дахин боловсруулалтын нөлөөгөөр тухайн элсэгч бие хүний мөн чанараа гээж, мүүнчүүдийн ятгалгыг эргэцүүлэн бодох шүүмлэлт сэтгэлгээгээ алддаг байна. Тухайн хүн төрөлх эх орны түүх соёл, нийгмийн амьдралын хүрээллээс тасардаг. Өмнө нь амьдралдаа мөрдөж байсан итгэл үнэмшил хуурамч хэмээн ятгадаг. Ийнхүү мүүнийд орсон хүний сэтгэц дэх соёлын дархлаа алдагдаж, ухамсарт нь мүүнийн номлолын үүсгэл үнэн нэвтэрч эхэлдэг байна. Шинээр бэлтгэгдсэн суралцагч оюун ухаанд нь суулгасан программын дагуу бусдад нөлөөлж эхэлдэг.

Мүүнийг дагасан хүн төрөлх эцэг, эхээ үгүйсгэж Сан Мен Муныг цорын ганц эцгээ хэмээн хүлээн зөвшөөрдөг байна.

Ирээдүйн гишүүдтэй анх харилцаж эхлэхдээ мүүнчүүд хүн төрөлхтнийг төгөлдөржүүлэх, бүх дэлхий дэх энх тайван, ёс суртахууны дахин сэргэлт, мөн экологийн асуудлын талаар голдуу ярьдаг. Шинээр ирэгсдийг дулаан уур амьсгал, анхаарал халамжаар угтана. “Хайраар бөмбөгдөхийн” зэрэгцээ мөрийг нь алгадаж, гар барьж, эцэс төгсгөлгүй инээмсэглэнэ. Библи болон бусад шашны мөн чанарын талаар тааруу мэдлэгтэй хүмүүс нөлөөнд амархан автдаг.

 
Мүүнийн урсгалын ялгарах шинжүүд
  • Ухуулгын үйл явц хүний оюун ухаан, зүрх сэтгэл, ухаарал сэхээрэлд бус далд ухамсарт чиглэдэг. Эрүүл саруулаар сэтгэх боломжийг олгодоггүй нөлөөллийн энэхүү аргыг “шашны маркетинг” гэж нэрлэдэг. Олон оронд Христийн шашны далбаан дор мөн чанараа далдалдаг.
  • Шашны рекламын хүрээнд шинээр элсэгчдийг ер бусын анхаарал халамж угтдаг. Мүүнийчүүд үүнийгээ “хайраар бөмбөгдөх” гэж нэрлэдэг байна.
  • Сургалтын тусгай өрөөнд сэтгэхүйд гүн нөлөөлөх хичээлийн хөтөлбөрийг явуулдаг.
  • Өөр өөр орны хүмүүсийг голдуу интернетээр танилцуулж гэрлүүлдэг.
  • Шинээр элсэгчид өөрийн хувцас, хоол зэрэг үндсэн хэрэглээндээ санаа зовох хэрэггүй, бүх хэрэгцээг сүм хангана. Тэд бие даан шийдвэр гарах шаардлагагүй.
  • Номлогчид нь энх тайван, сайн сайхны төлөө гэж их ярьдаг ч энэ бүхнийг Эв Нэгдлийн сүмээс зохион байгуулж байгаа гэдгийг хэзээ ч хэлдэггүй.
Мүүнийн урсгалтай холбоотой зарим баримтууд

2013 онд Эв нэгдлийн сүмээс 3500 хосын гэрлэлтийг нэгэн зэрэг батламжилсан томоохон хуримын ёслолыг Сөүлээс холгүй зохион байгуулжээ. Хачирхалтай нь 200 шахам орноос цугласан сүйт залуу, сүйт бүсгүйчүүд бие биенээ анх удаа харсан байна.

Өмнө нэг нэгэнтэйгээ огт уулзаж байгаагүй хосууд Мүүнийн сонголтоор эхнэр нөхөр болдог.

Мүүнийн урсгалыг олон хөгжингүй оронд хуулиар хориглосон байдаг. 2005 онд Их Британи, Герман улс Мүүнийн урсгалыг үндэслэгч Сан Мен Мунд виз олгохоос татгалзжээ. Мөн 2013 онд Кыргызстан улс дээрхтэй адил шийдвэр гаргасан байна.

1990-иэд оны эхээр Мүүнчүүд ОХУ-аас олон залуусыг сүмдээ нэгтгэж, Америкт илгээх болжээ. Номлогчдын ятгалганд орсон оюутнууд гэр бүл, ойр дотныхноо бүр мөсөн орхиж, тэдэнтэйгээ уулзахаа болив. Аргаа барсан эцэг эхчүүд Москва, Санктпетербург хотноо хүүхдүүдээ аврахын тулд төрийн бус байгууллага ч байгуулж байв.

Сан Мен Мун амьдралдаа олон удаа сексийн хэргээр шүүгдэж, шоронд сууж байв. Тухайлбал 1955 онд Өмнөд Солонгосын шүүхээр орж, түүний эсрэг олон арван эмэгтэйчүүд мэдүүлэг өгчээ. Мөн 1976 онд АНУ-ын Засгийн Газар түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж жил хагас хорих ялаар шийтгэжээ.