Ардчилал моодноос гарсан уу?
Орчин үеийн Европын нацизм
2014.03.16

Ардчилал моодноос гарсан уу?

20 дугаар зуунд бараг дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, хүн төрөлхтний хөгжлийн цорын ганц гарц хэмээн тооцогдож байсан ардчилал 21 дүгээр зууны эхэн гэхэд хямралын байдалд ороод байна. Өнгөрсөн зууны төгсгөлд ардчилал нь үзэл санаа, ёс суртахууны хувьд давуу талтай байж цаасан дээр ч, бодит амьдрал дээр ч үр дүнгээ өгч байлаа.

Ардчилсан бус орнуудтай харьцуулахад ардчилсан орнууд түргэн хөгжиж, хүн амын амьдрал сайжирч байсан билээ. Ардчилал гэдгийг чухам яаж ойлгох талаар олон янзын хандлага байдаг ч бараг бүх судлаачид ардчиллыг ямар нэгэн сайн зүйл гэдэгтэй санал нийлдэг байв.

Гэвч шинэ зууны эхэнд өрнөсөн зарим үйл явдал ардчиллыг эргэлзээнд орууллаа. Ардчилал үнэхээр модноос хоцорсон уу? Ардчиллын үзэл санаа газар авахаа больсон уу?

Эдийн засгийн хувьд жил ирэх тутам өсөн дэвжиж буй Хятад улс нь ардчиллыг үгүйсгэгч хамгийн том хүч билээ.

Асуултын хариулт тийм, бас үгүй. Нэг талаас дэлхийн зарим оронд гудамжинд эсэргүүцэн жагсаж дарангуйллын дэглэмийг амжилттай түлхэн унагасан жишээ олон. Үүний баталгаа нь Тунисаас эхлэлтэй “Арабын хувьсгалууд” нэртэй улс төрийн үйл явц юм. Гэвч уг үйл явц дарангуйллын дэглэмийг сольсон ч сайн зүйлд хүргэхгүйг нотоллоо. Жишээлбэл Египтэд Мубаракийн дэглэмийг халсан ч түүний оронд гарч ирсэн цэргийн дэглэм өмнөхөөсөө юугаар ч ялгарахгүй нь тодорхой боллоо.

Тэгэхээр Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг дарангуйллын дэглэмийг унагаахаас илүү золиос шаарддаг, адармаатай үйл явц гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Эсвэл Украйнаас жишээ авч болно. ЗХУ задарсны дараа бий болсон өөдрөг үзэл хоосон найдлага байсан нь харагдаж байна. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар сүүлийн арван жилд дэлхийд хувь хүний эрх чөлөө нэмэгдээгүй, харин улам багассан үзүүлэлттэй байна.

АНУ-ын Иракт явуулсан цэргийн ажиллагаа ардчиллын үнэ цэнийг унагасан үйл явдал болсон юм. Бараг есөн жил үргэлжилсэн дайнд 4500 орчим АНУ-ын цэргийн албан хаагч амь үрэгдэж, 800 тэрбум долларыг зарцуулжээ.

The Economist сэтгүүл 21 дүгээр зуунд ардчилалд аюул учруулах хоёр хүчин зүйлийг тогтоосон байна. Нэгдүгээрт Хятадын өсөлт. Хоёрдугаарт ардчиллын эх булаг болсон барууны ертөнцийн хямрал. Өөрийн бий болгосон тогтолцооны ачаар Хятад улс эдийн засгийн өсөлтийн тал дээр барууны монополийг ялж чадлаа. Өмнөд хөрш капиталист тогтолцооны хамгийн хатуу хэлбэр болон дарангуйллын төвлөрсөн дэглэмийг хослуулсан хөгжлийн цоо шинэ загварыг бий болгов.

Барууны ертөнцөөс улбаатай 2007-2008 оны санхүүгийн хямрал дэлхийн эдийн засгийг шоконд оруулсан явдал болов. Хямралын шалтгаан нь улс орныг удирдах системд оршиж буй учраас ардчилал үр дүн өгөхгүй байна гэсэн яриа гарах болжээ. Ардчилсан институтэд итгэл алдаж, улс төрийн үйл явцад оролцохоо больсон хүмүүс хэтэрхий олон болсон нь ардчилал хямрах бас нэг шалтгаан болсон гэж үзэх судлаачид цөөнгүй. Түүнчлэн Европт хэт барууны болон арьс өнгөний үзлийг тунхагласан намууд хүчээ авч буй нь Европын ардчиллын аюул занал дотроосоо эхлэлтэйг баталж байна.

Хүн амын дунд явуулсан санал асуулгын дүнд Хятадуудын 85 хувь нь улс орныхоо сонгосон хөгжлийн чиглэлд сэтгэлэн хангалуун байдгаа илэрхийлжээ. Харин Америкчуудын хувьд уг үзүүлэлт дөнгөж 31 хувьд хүрчээ. Хятадын эрх баригчид ардчилал бол эмх замбараагүй, үр бүтээлгүй тогтолцоог бий болгодог гэсэн албан ёсны байр суурьтай. Вьетнам, Саудын араб, Руанда зэрэг Хятадын замналыг дагагч дэлхийн хөгжиж буй олон орон бий. Дээр нь Путины үеийн Орос орныг нэмж болно.

Шинэ хүйтэн дайны сөргөлдөгч үзэл суртал нь өмнөх шиг капитализм, социализм хоёр биш, харин либерал ардчилсан капитализм ба харгис капитализм юм. Нэг талаас ардчиллыг амьдралын чанарыг дээшлүүлэх хамгийн зөв зам гэж үздэг олон хүн байдаг ч нөгөө талаас ардчилал үнэхээр үр дүнтэй юу гэдгийг эргэн харахад хүргэсэн цөөнгүй үйл явдал бидний нүдэн дээр өрнөж байна.