Афганчууд төрсөн өдрөө мэддэггүйн учир
Афганистанын дүрвэгч хүүхдүүд. Та тэдний нүд рүү хараарай. Гэрэл зургийг Associated Press. Мухаммед Мухейсен
2014.03.20

Афганчууд төрсөн өдрөө мэддэггүйн учир

Афганистанд нэгдүгээр сарын нэгэнд хэн ч шинэ жилийн эхний өдрийг тэмдэглэдэггүй. Гэвч Америкийн цэргүүд ирснээс хойш энэ өдөр өөр нэг баярын өдөр болж хувирчээ. Жинхэнэ төрсөн өдрөө мэддэггүй олон мянган афганчууд шинэ оны эхний өдөр төрсөн өдрөө тэмдэглэдэг болов.

1980-1990 онд үргэлжилсэн дайны үед Афганистаны Засгийн Газар шинээр төрсөн хүүхдүүдийг бүртгэж байсангүй. Яагаад гэвэл энэ оронд иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх чухал хэрэгцээтэй зүйлс биш байжээ. Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж үлдээх сонирхолгүй байв.

Афганистанд АНУ, НАТО-гийн цэргийнхэн ирэх үед Афганчуудын хувьд олон ажлын байр бий болов. Виз олгох, интернет сайтад бүртгэхэд аргын тооллын дагуу олон Афган хүний төрсөн өдрийг тодорхой зааж өгөх хэрэгтэй болов.

Афганистан дахь Америкийн цэргүүд.

Орчуулагч Тарикийн ярьснаар төрсөн өдрөө мэдэхгүй Афганчууд нэгдүгээр сарын нэгнийг сонгосон байна. Тарик ч бас өөрөө анх удаа ажлын байртай, төрсөн өдөртэй болж түүнээс хойш нэгдүгээр сарын нэгнийг бүх бичиг баримтад бичих болов. Учир нь “01.01” гэсэн тоог цээжлэхэд тун хялбар.

Тарик болон бусад Афган залуус Талибуудаас болгоомжилж овгоо нууцалсан бөгөөд төрсөн өдрийнхээ тухай бүдэг бадаг төсөөлөлтэй. Яг хэдэн онд төрснөө ч санадаггүй, 90-иэд оны иргэний дайны эхэн үед хорвоод мэндэлснээ л мэддэг.

Афганистаны иргэд интернет ашиглаж эхлэхийн хэрээр төрсөн өдрийн асуудал улам хүндрэх болов. Томоохон хотуудад 3G үйлчилгээ бий болов. Оршин суугчид фэйсбүүк, твиттер, Жи-мэйлд бүртгүүлэх болгонд төрсөн өдрийн асуудал гардаг байв.

Олон Афганчууд хамтын төрсөн өдөртэй болсноор зарим нэгэн онигоо ч гарав. Тухайлбал эдүгээ Австралид амьдарч буй Афганистаны дүрвэгч Барат Али Батур (Barat Ali Batoor) “30 найздаа маргааш тохиох төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ.

1980-1990 оны хооронд дайн самууны хөлд нийт 614 000 Афган иргэн амиа алджээ.

Зарим судлаачдын бичсэнээр шинээр төрөгсдийг бүртгэх систем Афганистанд өнөөг хүртэл тулгамдсан асуудлын нэг бөгөөд ирээдүйд олон тооны бэрхшээлийг үүсгэж мэдэх ажээ.

НҮБ-ын 2007 оны илтгэлд “Төрсний гэрчилгээ бол хүн эрхээ хамгаалах хэрэгсэл, учир нь тухайн хүн оршин буйн баталгаа юм” гэж бичсэн байдаг. Афганистан нь иргэний үнэмлэхгүй иргэдийнхээ тоогоор дэлхийд эхний аравтордог.                                                                                              

Афганистаны хуульд шинээр төрөгсдөд төрсний гэрчилгээ олгох шаардлагатай гэж заасан байдаг ч 23 жил үргэлжилсэн мөргөлдөөний уршгаар хуулийг биелүүлэгч захиргааны тогтолцоо болон нийгмийн хамгааллын тогтолцоо сүйрсэн байна.

Афганистан бол дайны хөлд үрэгдэж, иргэд нь нэгдүгээр сарын нэгэнд төрсөн өдрөө тэмдэглэдэг цорын ганц орон биш юм. Олон жил үргэлжилсэн үймээн самуун, дайны явцад Вьетнам, Сомал, Судан зэрэг улсад шинээр төрөгсдөд төрсний гэрчилгээ олгох боломж бас л байсангүй.

Вьетнамын хөдөө тосгодод төрсөн огноогоо мэддэггүй хүмүүс цөөнгүй. Гэрэл зургийг Associated press

Эдгээр улсын иргэд виз болон дүрвэгчийн эрх авах өргөдөл өгөхдөө нэгдүгээр сарын нэгнийг төрсөн өдрөө болгожээ. Заримых нь төрсөн өдрийг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид сонгожээ. Ойролцоогоор Вьетнамын дайны эхэлснээс хойш Департаментад бүртгүүлсэн хүмүүсээс 200 мянган дүрвэгсэд нэгдүгээр сарын нэгэнд “төрөв”.

Түүнчлэн дээрх орнуудыг бодвол хөгжингүй гэж болохоор Эстони улсад 2000 орчим иргэн өөрийн жинхэнэ төрсөн өдрийг мэддэггүй ажээ. Мэдсэн ч гэсэн өөрчлөх боломжгүй. Учир нь 1970-1995 онд хуучин Зөвлөлт Холбоот Улс болон ОХУ-д хүүхэд өргөж авсан хүмүүс энэ талаарх мэдээллээ нууцлахын тулд тухайн хүүхдийн төрсөн огноо, нэрийг өөрчлөх журамтай байв. Тэр үед жилд 30 орчим хүүхэд бусдад өргөгддөг байсан гэсэн тооцоо байдаг.

20 дугаар зууны эхэн үеийн Монголчууд.

Монголчуудын хувьд эртнээс төрсөн өдрөө сайн мэддэг уламжлалтай байв. Гэхдээ аргаын тооллоор бус билгийн тооллоор. Тухайлбал усан гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний морь цагт төржээ гэх мэт.

Монголчууд 1918 оныг хүртэл хүүхэд төрөхөд нэр өгөх, заяа төөргийг нь үзүүлэх, хүн нас барахад оршуулах хугацаа, зүг чиг гаргах, ном хуруулах зэрэг шашны олон зан үйлийг гүйцэтгэж байсан боловч тэдгээрийг бичиж тэмдэглэж байсангүй. 1918 онд анх удаа явуулсан хүн амын тооллогоор Монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5000 гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга байсан гэсэн албан ёсны тоо байдаг.