Баялгийн хараалаас ангижрахуй
"Баялгийн хараал" буюу элбэг дэлбэг байхын парадокс гэсэн нэр томъёог 1993 онд Ричардом Аути бодож олжээ.
2014.03.28

Баялгийн хараалаас ангижрахуй

Америкийн "Christian science monitor" сэтгүүлд гарсан нийтлэлийг хүргэж байна.

Байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт ордог Венесуэл улс нь газрын хэвлий дэх эрдэнэстэйгээ болгоомжгүй харьцаж баялгийн хараал хүртсэн хамгийн тод жишээ юм. Тус улсын газар нутагт газрын тосны хамгийн том ордууд байдаг ч эдийн засаг нь улам дордсоор байна. Суурь хэрэгцээний бараа, бүтээгдэхүүний хомсдол, инфляцийн өндөр үзүүлэлт, гэрэл цахилгаан байнга тасрах зэрэг асуудлууд бий болов.

Газрын тосны нөөц хэзээ нэгэн цагт дуусах байтал нөхцөл байдлыг өөрчилж, газрын тосноос олсон доллараар ирээдүйд хөрөнгө оруулахын оронд одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро (Nicolás Maduro) Уга Чавесын хуучин бодлогыг үргэлжлүүлж байна. Авилгал, хээл хахууль, Засгийн Газрын алдаатай үйл ажиллагаанаас олон нийтийн анхаарлыг холдуулахын тулд санаанаасаа дайсан бий болгосон. Тэрээр улс орны эдийн засагт хохирол учруулахыг санаархсан хэмээн өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын гурван дипломатыг албадан гаргасан юм.

Нигер улс газрын тосоор баян төрийн харалган бодлого, үр ашиггүй зарцуулалтаас болж баялгаас олсон орлого зөвхөн баячуудын хармаанд орж хүн амын дийлэнх хэсэг ядуу хэвээр үлдэв. Түүнчлэн эдийн засгийн бусад салбар өрсөлдөх чадваргүй болов.

Гэсэн ч байгалийн баялагтай бусад улс орнууд “баялгийн хараал” гэгчид өртөхгүй байх арга олдгийг олон Венесуэлчүүд анзаарч эхэлснээр хэргийн учрыг гадарлах боллоо. Газрын тос болон бусад ашигт малтмалаас олсон орлогыг буруу ашигласнаар тухайн улс орон баялгийн хараалд өртдөг. Яг л сугалаагаар их мөнгө хожсон хүн түргэн дампуурдагтай адил.

Норвеги, Ботсван, Чили, Канад зэрэг улсууд байгалийн баялгаас олох ашгийг хамгийн ихээр нэмэгдүүлэх, үр дүнтэй зарцуулах зарчмуудыг боловсруулж чаджээ. Нэгдүгээрт эдгээр орны эрх баригчид олсон мөнгийг хэн, юунд зарцуулж буйг нуудаггүй бөгөөд энэ нь ардчилал байгааг илтгэдэг. Хоёрдугаарт ашгийг илүү шударгаар хувиарлаж ялангуяа ирээдүй үед хөрөнгө оруулдаг. Өөрөөр хэлбэл мөнгөний урсгалыг нууцханаар элитүүдийн хармаанд хийж, салхинд хийсгэдэггүй байна. Гуравдугаарт олсон мөнгөө аж үйлдвэр, боловсрол, дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулж үржүүлдэг.

“Газрын тосны хараал буюу түүнээс олсон мөнгө улс орны хөгжилд нөлөөлөх нь” номыг бичсэн Майкл Росс (Michael Ross): “Баялгийн хараалд эхлэл байгаа учраас төгсгөл ч бас байх ёстой” гэж хэлжээ.

Эдүгээ ихэнх орон технологийн хувьд хүнд нөхцөлтэй газрын гүнд, ялангуяа шаварлаг хөрстөй ордуудад байгаа газрын тос, байгалийн хийг олборлох боломжтой болсон. Орлогоо үр дүнтэй ашиглахын тулд тусгай зөвлөх компани, эсвэл Олон улсын валютын санд ханддаг.

Баялгийн хараалаас зайлж чадсан хамгийн тод жишээ бол Норвеги. 1970 оноос Норвеги улс газрын тос экспортолж эхлэхэд Засгийн Газраас “Төрийн сан” гэгчийг байгуулжээ. Эдүгээ сангийн хөрөнгө 700 тэрбум долларт хүрсэн бөгөөд ашигтай төсөлд хөрөнгө оруулдаг. Олсон ашгаа дотоодын эдийн засгийг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох зэрэгт зориулдаг байна.

Тухайн улс орон улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн хэмнэлт, ил тод байдлыг бий болгосон цагт баялгийн хараалын хүч сулардаг жамтай.

Аляскийн хувьд газрын тосны олборлолтоос олсон орлогыг оршин суугчдын дунд чек хэлбэрээр хувиарладаг. Энэ нь оршин суугчид өөрийн мужийн эдийн засгийг хэрхэн хөгжүүлэхийг бие даан шийдэх боломжийг өгдөг.

Байгалийн нөөц баялаг ихтэй орнуудын олонхи нь, ялангуяа Ойрхи дорнодын орнуудад ардчилал байдаггүй. Энэ нь байгалийн баялгаас уу, эсвэл тухайн үндэстний түүхэн онцлогоос шалтгаалж байна уу гэдэг талаар эдийн засагчид өнөөг хүртэл маргалддаг. ОХУ-д газрын тосноос олсон мөнгө ардчиллыг устгахад хүргэсэн. Мексик болон Нигерийн эрх баригчид газрын тосны хараалд автахгүйн тулд бүх чадлаа гаргаж байна.