Эдийн засгийн өсөлт хүний амьдралыг хэрхэн сүйтгэдэг вэ?
Бид эдийн засгийн өсөлтийн араас хэтэрхий хөөцөлдсөнөөс болж амьдрах чадвар, шударга ёс, өөрийн мөн чанараа гээхэд хүрээд байна. Хүн гэдэг нэг удаа хэрэглээд хаях эд зүйл биш. Орчин үед амьдралын үнэт зүйлс эдийн засгийн хөгжлөөс гадуур орхигддог.
Эцэс төгсгөлгүй өсөлт. Энэ бол эдийн засагчид, бизнесменүүд, улс төрчдийн мөрөөдөл. Зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хөгжил дэвшлийг хэмждэг. Тухайн үндэстний амьдралын түвшинг илтгэгч хэмээн нэрлэсэн ДНБ-ий хэмжээ манай цаг үеийн хамгийн хүчтэй цифр болжээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт аажмаар байгалийг сүйтгэж, улмаар өөрийгөө аваад явах чадваргүй үндэстнүүдийг бий болгож байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бохирдсон ус ууснаас жилд таван сая хүүхэд нас барж, 550 сая хүн өвчилдөг байна. Харин хөгжингүй орнуудын том хотын оршин суугчид өдөрт 300-500 литр ус хэрэглэдэг ажээ.
Дэлхийн нөөц баялгийг эрчимтэй ашиглахын тулд “эдийн засгийн өсөлт” гэдэг үзэл санааг Дэлхийн хоёрдугаар дайны үед бодож олсон юм. ДНБ-ий концепци нь хүн хэдий чинээ хэрэглэж байна төдий чинээ үйлдвэрлэнэ гэсэн санаанд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл ДНБ хүрээлэн буй орчин мөнгө болох, гариг дэлхий түүхий эд болон хувирах хувьслын хурдыг тодорхойлдог.
Ийнхүү байгалийн гайхалтай үзэгдэл болсон идэш тэжээлийн гинжин хэлхээ, ус чийгний эргэн нөхөгдөх зүй тогтол хүний гараар бүтсэн эдийн засгийн машины хүнд дугуйнд дарагдав. Өнөөгийн эдийн засгийн онол ёсоор Бүх хүнс тэжээлийн зүйлийн 72 хувийг бэлддэг тариачид юу ч үйлдвэрлэдэггүй, мөн ферм болон гэртээ өдөр шөнөгүй ажилладаг эмэгтэйчүүд эдийн засгийн өсөлтөд хамаагүй болж таарч байна. Амьд ой эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахаа болив. Харин модыг огтолж зарвал эдийн засаг өсдөг гэнэ. Эрүүл нийгэм ч бас өсөлтөд хамаарахаа болив. Гэтэл элдвийн өвчин өсөлтийг бий болгох таатай нөхцлийг бүрдүүлэх боллоо. Тодруулбал өвчтэй хүн олон байх тусам эм сайн зарагдана гэсэн үг.
Амьдралын жинхэнэ хэмжүүр бол амьдрал өөрөө гэдгийг мартах ёсгүй.
Ус хэмээх чандмань эрдэнэ бүх хүнд тэгш оногдох ёстой. Гэхдээ ус өөрөөрөө оршин байхдаа эдийн засагт өсөлт авчирдаггүй. Хэрэв Кока-кола компани газрын гүнээс ус гаргаж чихэртэй хольж лонхонд хийн зарж эхэлвэл эдийн засаг өснө. Гэвч уг өсөлтийн үндэс нь байгаль болоод нутгийн уугуул иргэдийн доройтол. Ус олборлох явцад нөхөн сэргээх боломжийг үлдээхгүй бол тун удахгүй ундны ус хүрэлцэхээ болино. Эмэгтэйчүүд усанд явахын тулд илүү хол замыг туулах хэрэг гарна. Энэтхэгийн Керали мужийн Плачимада тосгоны ойролцоо Кока-кола компаний завод ажилладагаас болж эмэгтэйчүүд хамгийн ойрхон худгаас ус авахын тулд 10 км алхах хэрэгтэй болжээ. Майиламма хэмээх эмэгтэйн тэвчээр алдагдаж эсэргүүцэл зохион байгуулснаар заводыг хаалгаж чаджээ.
Энэтхэгийн эмэгтэйчүүд худгаа улаан гараараа ухаж гаргадаг ажээ.
Байгалийн түүхэн хөгжил хүн төрөлхтөнд үр тариа хэмээх гайхалтай зүйлийг үлдээсэн билээ. Фермерүүд биологийн шинэ сортууд гарган авав. Үр тариа хүнс үйлдвэрлэлийн үндэс нь болов. Өөрийгөө нөхөхийн зэрэгцээ олноороо үрждэг үр тариа хүмүүсийг хооллоод зогсохгүй дараагийн улиралд хэрэглэх үр болдог. Гэсэн ч үр тариа эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаггүй. Амьдралыг төлжүүлэгч, бий болгогч амьд үр тариа орлого оруулдаггүй. Харин үр тариаг патентжуулж, генийн бүтцийг нь өөрчилж, компаниуд борлуулсан цагт л эдийн засгийн өсөлтийн тухай ярьж болно.
Байгаль ядуурч, биологийн олон төрөл зүйл устаж үгүй болов. Бүгдэд нээлттэй, үнэгүй байх ёстой нөөц баялаг патентчлагдсан түүхий эд болон хувирав. Суулгац үрний жил бүрийн худалдан авалт Энэтхэгийн ядуу тариачдыг дааж давшгүй өрөнд унагав. Энэтхэгт үр тарианы монополь гарч ирсэнтэй зэрэгцэн фермерүүдийн өр зээл ч өсөв. 1995 оноос хойш өрийн занганд орсон 270 мянган Энэтхэгийн фермерч амиа хорложээ.
1974 он. АНУ дахь экологийн сүйрэл. Нефтийн хаягдал асгадаг энэ цөөрөмд унасан амьтан болгон амьд үлдэх найдваргүй.
Төрийн бүтэц хувьчлагдахын хэрээр ядуурал хүрээгээ тэлсээр байна. Ус хангамж, гэрэл цахилгаан, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарын хувьчлал үйлдвэр эрхлэгчдийн орлогыг өсгөж буй учир эдийн засаг өсч байна гэж үздэг. Гэвч бусад хүмүүс цаанаасаа үнэгүй байх ёстой зүйлд их мөнгө төлснөөс ядуучуудын тоо олширсоор байна. Амьдралд нөлөөлөх бүх хүчин зүйл арилжааны ашиг олох үндэс болоод ирэхээр амьдрал улам үнэтэй, хүмүүс улам ядуу болдог.
Эдийн засаг (economy), экологи (ecology) гэсэн нэр томъёонууд ижил үндэстэй бөгөөд хоёулаа грек хэлний “oikos” буюу “өрх гэрийн аж ахуй” гэсэн үгнээс гаралтай. Эдийн засаг өрх гэрийн аж ахуй дээр тогтдог байхдаа байгальтай илүү ойрхон байж хүрээлэн буй орчинд нөхөн сэргээгдэх боломжийг үлдээдэг байлаа. Тэр үед эдийн засгийн гол зорилго нь хязгаарлагдмал нөөцийн хүрээнд бүх хүний амьдралыг тэтгэхэд оршиж байв. Түүнчлэн өрх гэрийн аж ахуйд тулгуурласан эдийн засаг олон талаар эмэгтэйчүүд рүү чиглэж байсан юм.
Гэтэл орчин үеийн эдийн засаг экологийн үйл явц болон хүний суурь хэрэгцээнээс хол хөндий, эсрэгцэн оршдог. Байгалийн доройтлыг эдийн засгийн өсөлтөөр зөвтгөдөг хэдий ч хувийн өмчгүй болсон ядуу хүмүүсийн тоо нэмэгдсээр. Энэ нь тогтворгүй байдалд хүргэхийн дээр эдийн засгийн утгаараа шударга бус юм.
Үнэндээ орчин үеийн эдийн засгийн хөгжлийн загвар хүний амьдралын эсрэг үйлчилдэг. Эдийн засгийн хөгжил зөвхөн мөнгөний урсгалаар хэмжигдээд ирэхээр баячууд улам баяжиж, ядуучууд улам ядуурдаг. Гэхдээ олонхи баячууд зөвхөн мөнгөнийхөө хэмжээгээр баян бөгөөд өргөн утгаараа, өөрөөр хэлбэл хүн байхын утга учрын хувьд ядуу байдаг.
АНУ-ын Иракт хийсэн дайн бол зөвхөн хямдхан нефтийн төлөөх тэмцэл юм.
Түүнээс гадна орчин үеийн эдийн засгийн хэрэгцээ газрын тос болон хүнсний нөөц баялгийн төлөөх дайн гарахад хүргэж байна. Өнөөгийн эдийн засагт буй хүчирхийллийг гурван түвшинд ангилж болно. Нэгдүгээр түвшин нь экологийн сүйрлээр илэрдэг байгалийн эсрэг хүчирхийлэл. Хоёр дахь түвшин нь ядуурал, үгүйрэл хоосролд өртсөн хүмүүсийн эсрэг хүчирхийлэл. Нөлөө бүхий субъектууд өөрсдийн зах хязгааргүй шуналт хэрэгцээг хангахын тулд бусад улсын нутаг дэвсгэрт орших баялгийн төлөө тэмцэлдсэнээр элдвийн дайн, мөргөлдөөн гардаг. Энэ бол нийт хүн төрөлхтний эсрэг чиглэсэн гурав дахь түвшний хүчирхийлэл юм.
Мөнгөний урсгал амьдралын жинхэнэ үнэт зүйлстэй уялдахаа хэдийнэ больсон. Гэхдээ санхүүгийн нөөцөө нэмэгдүүлж буй тэр хүмүүс хожим нь бусдын газар, ус, ой мод, тариан талбайг “минийх” гэж хэлэх магадлалтай. Шунал хүнийг бусдаас сүүлчийн дусал усыг нь булаан авахад хүргэдэг. Энэ ядуурлын төгсгөл биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төгсгөл.
Нобелийн шагналт эдийн засагч Джозеф Стиглиц (Joseph Stiglitz), Амартиа Сен (Amartya Sen) нар ДНБ нь амьдралын бодит нөхцлийг тусгаж чаддаггүйг хүлээн зөвшөөрч, амьдралын түвшинг хэмжих өөр арга бий болгохыг уриалсан. Тиймээс Бутан зэрэг улс орнуудад Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдгийн оронд “Үндэсний нийт аз жаргалтай хүмүүс” гэсэн ойлголт бий болгох санал ч гарчээ.
Эцэст нь хэлэхэд амьдралын жинхэнэ хэмжүүр бол амьдрал өөрөө гэдгийг мартах ёсгүй.