Мэдлэгт эрх чөлөөг олгоё
Польшийн "Krytyka Polityczna" сонинд гарсан интернет дэх эрх чөлөөний талаархи нийтлэлийг хүргэж байна.
Хүн төрөлхтөн олон мянган төрлийн эмийг бүтээсэн ч жил болгон сая сая хүн өвчний улмаас нас барж байна. Хэдэн мянган номын сан байдаг ч сая сая хүн өөрийн боломждоо дүйцсэн боловсролыг эзэмшиж чадахгүй байна. Бид ашигтай болоод хямдхан хүнс, барилгын материал, хүнд нөхцөлд хөдөлмөрлөхөд зориулсан хөдөлмөрийн багаж үйлдвэрлэдэг өндөр технологийг бүтээж чадсан ч хүн төрөлхтний дийлэнх хэсэг хүний санаанд оромгүй нөхцөлд амьдарч байна. Чинээлэг амьдралтай хэсэг нь ийм л байх ёстой юм шиг санаж, буйдандаа тухлан сууж асуудлаас нүүрээ буруулдаг. Сэтгэл зовнисон хэсэг нь мөнгөөр туслах, сайн дурын ажилд оролцох гэсэн үндсэн хоёр замаар тэмцдэг.
Дэлхийн интернетийн хэрэглэгчдийн бүсчилсэн үзүүлэлт
Энэхүү тэгш бус байдал эртний шалтгаан, улбаатай. Энэ бол капитализмаар тэжээгдсэн колончлолын үр дүн. Колончлол Газар зүйн их нээлтүүдийн дараахнаас үүсч 20 дугаар зуунд төгсгөл болсон. Гэхдээ өнөө цаг үед өөрийн гэсэн колончлолын хэлбэр бий. Тодруулбал харилцаа холбооны технологийн ололт дээр суурилж дэлхийн алслагдсан бүсүүдэд хийх хөрөнгө оруулалтын колончлол. Өмнөх колончлол харилцааны хоёр чиглэлээр хэрэгжиж байсан юм. Амжилттай менежментийг хэрэгжүүлэхийн тулд удирдлагаас колончлогдсон бүсүүдэд чиглэл өгч, харин буцаагаад дээрэмдсэн эд баялгийг зөөвөрлөдөг байв.
Интернет хэрэглээний топ 20 орон
Үндэстэн дамжсан корпорациудын үйл ажиллагаанд суурилсан орчин үеийн капитализмд ч мэдээлэл дамжуулах үр дүнтэй тогтолцоо хэрэгтэй. Учир нь эдийн засаг мэдээлэл солилцоонд буюу матерлаллаг бус баялагт үндэслэж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын сангийн тооцооны мэдээлэл, патент, бүтээгдэхүүн болж хувирсан соёлын элементийн алин ч байж болно. Оюуны өмчийн эрх зүйн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үр дүнд мэдээлэл дамжуулах тусгай дэд бүтэц бий болов. Патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх, компьютерын програм, мр3 файлыг онгоцоор зөөх шаардлагагүй. Бүх үйлдлийг цахим хэлбэрээр гүйцэтгэдэг болов. Гэхдээ энэ бүхний үр өгөөжийг цөөхөн хэдэн хөрөнгө оруулагч хүртдэг нь нууц биш. Тэгэхээр эдүгээ бий болсон мэдээллийн энэхүү дэд бүтэц бүгдэд эрх чөлөөг олгож, шударга байж чадах уу гэсэн асуулт гарч байна.
Интернетийн жинхэнэ үр шимийг цөөхөн хэдэн хөрөнгө оруулагч хүртдэг нь нууц биш.
Интернет өлссөнийг тэжээж, худаг ухаж, Бангладешийн оёдолчдын эрхийг хамгаалж чадахгүй ч технологийн талаарх мэдлэг өгч, төлөвлөгөө гаргаж, санаа нэгтнээсээ дэмжлэг авахад тусалж болно. Интернет өмнө нь цөөн хүний давуу байдлаа хадгалахын тулд эзэмшиж байсан мэдлэгийг нийгэмшүүлж байна. Гэхдээ хэвлэгч машин бий болж мэдлэгийг нийтэд түгээхэд олон зуун жил шаардагдсантай адил интернетэд ч гэсэн өөрийн хүчин чадлыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд олон арван жил хэрэгтэй.
Харамсалтай нь орчин үеийн зах зээлд хамгийн их нөлөөтэй хэдхэн зуун эдийн засгийн тоглогчид интернетийг ашиглаж өөрийн давуу эрхийг хадгалахыг эрмэлзэж байна. Үүний эсрэг бид юу хийж чадах вэ? Хөгжингүй орнуудын баячууд интернетийн бидэнд өгөх боломжийг үгүй хийхийг зүгээр хараад суух гэж үү? Үүнийг зогсоохын тулд корпорациудад бус энгийн иргэдэд үйлчлэх шинэ хуулийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл оюуны хөдөлмөрийн үр шимийг зөвхөн боловсролын зорилгод ашиглахыг зөвшөөрч, арилжааны байгууллагууд тухайн оюуны бүтээлийн эзний ашгаас хуваалцах боломжийг хязгаарлах хэрэгтэй. Олон нийтийн төлөө ажилладаг байгууллагууд цахим боловсролыг тал бүрээр дэмжих ёстой.
Өнөөгийн тогтолцоог өөрчлөхийн тулд дэлхийн хамгийн авьяаслаг ухаантнууд хэрэг болно. Тэдэнд ажиллах, нийтийн боловсролын үрийг тарих боломжийг олгох хэрэгтэй. Өнөөг хүртэл хуримтлагдсан мэдлэгийг тэгш хуваалцаж, олсон мэдлэгээ хүмүүс амьдралдаа чөлөөтэй ашигладаг болохын тулд бидэнд эрх чөлөөтэй мэдлэг, интернетийн орчин хэрэгтэй.