"Ухаалгаар уйтгарлах" буюу интернетэд амьдралаа нөгцөөх
1934 онд жирийн хүүхэд нэг зүйл дээр 15 минут анхаарлаа төвлөрүүлж чаддаг байсан бол орчин үеийн хүүхдүүдийн хувьд уг үзүүлэлт дөнгөн данган таван минут. Элдвийн «ухаалаг» төхөөрөмжийн ачаар хүүхдүүд уйдахаа болив.
Үүрэн холбооны компаний рекламаас жишээ авъя. Нэгэн гэр бүл машинтайгаа амралтанд явж байна. Хүүхдүүд машин дотор элдвээр зүггүйтэж аав, ээжийн уур эцэстээ хүрнэ. Гэвч нэгэн гарц олжээ. Зүггүй хүүхдүүддээ ухаалаг төхөөрөмж өгснөөр тэд тоглоомондоо орж, аялалын урт замыг анзаарахаа болино. Аав, ээжид ч амар хялбар болно.
Олон эцэг, эх хүүхдүүддээ гар утас болон тоглоомын зориулалттай төхөөрөмжийг өгөх замаар тэднийг тайвшруулдаг. Ажлаас ирэхэд хүүхэд компьютерийн ард сууж байвал таньтай хамт тоглох гэж зовоохгүй.
“Эцэг, эхчүүд ийм байдлаар хүүхдээ уйтгар гунигаас холдуулж байна гэж бодвол маш том эндүүрэл” гэдгийг нэгэн технологийн том компаний маркетингийн хэлтсийн дарга Михал Гембал (Michał Genbał) хэлж байна.
Компьютерын ард цагийг өнгөрөөдөг хүүхэд эцэг, эхээсээ хөндийрч, ууртай, уцаартай болдог.
Үнэндээ хүүхдүүд интернетэд суух, ялангуяа компьютерийн тоглоом тоглож байхдаа хамгийн аюултай нөхцөлд байдаг. Учир нь дөнгөж хөгжиж буй тархи хэтэрхий ачаалалтай ажилласнаас хөгжлийн явц гаждаг. Парижийн нэгэн судалгааны институтын судлаач Жан-Пьер Буржуа (Jean-Pierre Bourgeois) сэтгэхүй нь хэтэрхий эмзэг, гадны нөлөөнд мэдрэмтгий байдаг бага насны хүүхдүүдийн тархинд компьютерын дэлгэц хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Хүүхдийн тархинд төрөхөөс нь өмнө холбоо үүсдэг. Юу харах, сонсох, юутай холбогдохоос шалтгаалж мэдээлэл хүлээж авах зам, сүлжээ хөгждөг. Мэдээлэл дамжуулахад ашиглаж буй хэрэгсэл ч бас тархинд нөлөөлдөг. Хэрэв гаднаас ирсэн мэдээллээс авсан сэтгэгдэл хэтэрхий их бол сөрөг нөлөөтэй.
Интернет өсвөр насныханд ч аюултай. Долоо хоногт есөөс илүү цагийг компьютер тоглож өнгөрөөдөг хүүхдүүдийн сэтгэл ханамжийн төвтэй холбогддог төв тархины хэсэг томорсон байхыг эрдэмтэд олж тогтоожээ. Хүний тархин дахь сэтгэл ханамжийн төв нь биднийг хоол хүнс, секс болон хувийн амжилтаас таатай сэтгэгдэл авахад тусалдаг. Хэрэв энэ төв байгаагүй бол бид сул дорой байх байсан юм. Харамсалтай нь сэтгэл ханамжийн төвд үүссэн гажиг ямар нэгэн зүйлээс хараат болгодог. Тухайлбал зарим хүн электрон барааны шинэ загвар болгоныг худалдаж авах өвчтэй болохоос эхлээд архи, хар тамхи, мөрийтэй тоглоомонд ордог.
Британы социологчдын судалгаагаар дэлхийд болж буй бүх салалтын шалтгааны 45 хувь нь олон нийтийн сүлжээнээс болдог ажээ.
Хүн үе үе анхаарлаа төвлөрүүлж чадахаа больдог нь On-line амьдралын бас нэг үр дагавар. Хичээл дээр ширээн доогуур гар утсаараа тоглодог сурагч манай цаг үеийн билэг тэмдэг болжээ. Өсвөр насныхан хичээл хийх зуураа Facebook-ээр шагайж, кино татаж, хөгжим сонсч, худалдан авалт хийж, чатаар нэг нэгнээ өддөг цаг үе иржээ. Залуучууд нэгэн зуур хэд хэдэн ажлыг зэрэгцүүлэн хийдгээрээ гайхуулдаг ч, энэ нь тэдний сэтгэлгээг хөгжүүлдэггүй, улаан диплом авахад нь тусалдаггүй.
Хүний оюун ухааны хөгжлийн хамгийн чухал зүйл бол ургасан үрийг хогноос ялгах буюу хэрэггүй мэдээллийг хаяж, авах гээхийн ухаанаар амьдрах. Гэвч элдвийн хогон мэдээллээр тархиа дүүргэх асуудал насанд хүрэгчдэд ч байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд бүр ч хэцүү байж таарах нь.
Гарын алганд багтах ухаалаг гар утаснаас хаана ч явсан интернет дэх мэдээллийн ёроолгүй сангаас сонирхсон мэдээллээ агшин зуур олох боломжтой. Интернет хэрэглэгч хэдий чинээ балчир байна, төдий чинээ нөлөөллийн хүч их.
Польшид «ухаалгаар уйтгарлах» («smart boredom») гэсэн нэр томъёо гарчээ. 10-20 жилийн өмнө бороо ороход хүүхдүүдэд их уйтгартай байдаг байв. Харин өнөөдөр бол үгүй. 24 цагийн турш интернетэд амьдралаа өнгөрөөдөг залуучууд хаа ч явсан өөрийгөө зугаацуулж чаддаг. Автобус хүлээх, эсвэл шүдний эмчийн өрөөний үүдэнд дараалалд зогсох уйтгартай гэдгийг тэд мэдэхгүй.
“Манай талынхан цагтаа ирэхгүй бол яах вэ? Дройдуудын арми биднийг ялвал манай дэлхийг юу хүлээж байгаа бол?”
Зохиолч, сэтгэл судлаач Ханна Самсон (Hanna Samson) унтахын өмнө элдвийг ургуулан бодож, өөрийнхөө фантазид автдаг байсан хүүхэд насаа харуусалтай дурсан санадаг. Түүний үзэж буйгаар орчин үеийн хүүхдүүд ургуулан бодох чадвараа зургаан насандаа гээдэг ажээ. Тэдний бүтээлч сэтгэлгээ эцэг, эхийнх нь хүүхэд настай харьцуулахад хамаагүй хожуу хөгжиж эхэлж байна. Хүүхэд байхдаа бүтээлчээр сэтгэж сурсан хүүхэд том болсон үедээ элдвийн асуудлыг шийдэх чадвартай байж, өөрийгөө илүү аз жаргалтайгаар мэдэрдэг.
Орегоны Их сургуулийн 1997 онд явуулсан судалгаагаар дотроо аливааг ургуулан сэтгэж чаддаг дөрвөн настай хүүхдүүд бодит амьдрал, санаанаас зохиосон хоёрыг төвөггүй ялгаж байлаа. Харин байнга интернетэд тоглодог хүүхэд ийм чадваргүй. Тиймдээ ч “Джедай” хэмээх тоглоом тоглодог сургуулийн өмнөх насны хэсэг хүүхэд “Манай талынхан цагтаа ирэхгүй бол яах вэ? Дройдуудын арми биднийг ялвал манай дэлхийг юу хүлээж байгаа бол?” гэж үнэн голоосоо санаа нь зовж байх жишээтэй.