Оросууд Горбачевыг үнэн голоосоо үзэн яддаг
Михаил Сергеевич Горбачев
2014.03.31

Оросууд Горбачевыг үнэн голоосоо үзэн яддаг

Монголчууд бид Горбачевыг ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлийг авчирч, хаалттай нийгмийг халсан төр нийгмийн зүтгэлтэн гэж боддог. Гэвч Оросууд өөр бодолтой бөгөөд Горбачевыг үнэн голоосоо үзэн яддаг.

Өнгөрсөн оны намар ЗХУ-ын сүүлчийн, ОХУ-ын анхны ерөнхийлөгч Горбачевыг нас барсан тухай ээлжит мэдээлэл хэвлэлээр тарав. Гэвч ахиад л худал болж таарлаа.

Үндэслэлгүй мэдээлэл Оросын үндэсний мэдээллийн агентлаг “РИА Новости”-гийн герман хэл дээрх бичил блог болон твиттер дээр гарсан байв.

Харин Кремлийн хуучин эзэн өөрийгөө “амьд, сэрүүн” гэдгээ дахин мэдэгдэв. Даралт 150, 80-тай, сахарын хэмжээ ч хэвийн байгааг хэлэв. Түүгээр ч барахгүй эдүгээ 82 настай Горбачев зуслангаасаа өөрийн эрхэлдэг сангийн ажилдаа явсан тухай ч түүний ойр дотны нэг хүн Германы “Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүний хэлснээр дээрх мэдээлэл “ямар ч утгагүй зүйл” бөгөөд Горбачевт одоохондоо үхэх төлөвлөгөө байхгүй ажээ.

Михайл Горбачев ба Рональд Рейгэн хоёр

Ташаа мэдээлэл “РИА Новости” агентлагийн хувьд тун таагүй явдал болсон нь мэдээж. Агентлагийн нэгэн ажилтны мэдэгдсэнээр дээрх мэдээллийг хэвлэгдсэнээс хойш таван минутын дотор устгажээ. Хэргийн учир нь хакерууд агентлагийн сайтыг эвдэж Горбачевын үхлийн тухай шувууг нисгэсэн аж.

Гэхдээ энэ нь ЗХУ-ын Коммунист намын сүүлчийн Ерөнхий нарийн бичгийн даргыг «үхүүлж» буй анхны тохиолдол биш гэдгийг хэлэх хэрэгтэй. 2013 оны зургаан сард ч бас ийм цуурхал тарсан билээ. Тэр байтугай 2012 оны тавдугаар сард Горбачевын үхлийн тухай мэдээлэл Википеди онлайн толины англи хэл дээрх хуудсанд гарч, тэр нь олон нийтийн сүлжээгээр дамжиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан түүхтэй.

Оросууд яагаад тэгтлээ Горбачевыг үзэн яддаг вэ?

Өөрийг нь нас барсан мэдээлэлд Горбачев тайван хандаж байсан ч өөрийгөө тайвшруулахыг хүчилсэн гэдэг нь хэнд ч тодорхой байв. Мэдээж үе үе үхүүлээд байхад 82 настай хөгшинд яаж таатай байх вэ дээ. Харин Ерөнхийлөгч асан энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн хүрээлэл байгаа хэмээн таамагладаг.

Горбачевыг цоо эрүүл гэж хэлэхэд хэцүү. Сүүлийн гурван жилийн дотор гурван хүнд мэс засалд орсон нь түүний эрүүл мэндэд нөлөөлсөн. Чихрийн шижин байнга зовоодгоос үе үе эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болдог. Хамгийн харамсалтай нь өөрийн эх орондоо адлагдсан хүний нэг болоод байна. Гэвч Горбачев өөрийнхөө талаар болон улс төрд хийсэн ололтынхоо талаар өөр төсөөлөлтэй.

Хоёр жилийн өмнө Spiegel сэтгүүлийн сурвалжлагч түүнд “Оросууд яагаад тэгтлээ таныг үзэн яддаг юм бэ?” гэсэн асуултыг тавьжээ. Горбачев тэгэхэд хэсэг дуугүй суусны эцэст “Магадгүй хүмүүс намайг үхсэний дараа л үзэн ядахаа болих байх” хэмээн хариулсан байна. Гэвч дараа нь толгой сэгсэрч “Үгүй ээ. Намайг үзэн яддаг гэж би бодохгүй байна” гэж үгүйсгэв.

“Магадгүй хүмүүс намайг үхсэний дараа л үзэн ядахаа болих байх”

Гэвч Горбачевын төсөөлөл эндүүрэл гэдэг нь дээр дурьдсан мэдээллээс харагдаж байна. Ташаа мэдээллийг тэр даруй устгасан ч орон даяар тархаж амжжээ. Интернэт дэх элдвийн сэтгэгдэл тайлбаруудаас харахад Оросууд Горбачевт хичнээн дургуй нь мэдрэгддэг.

Горбачев ЗХУ-д өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, нийгмийг нээлттэй болгосон гэж олон оронд үздэг. Гэвч ЗХУ хэмээх 20 дугаар зууны энэ том гүрэн сүр чимээгүй задран унасанд олон Орос хүн одоо болтол харамсдаг. Тэд үүний гол буруутан нь Горбачев гэдэг бөгөөд түүнийг Америкчуудын даалгавраар Зөвлөлтийг задалсан гэж үздэг хүмүүс ч цөөнгүй.

Барууныхан Горбачевыг үндэсний баатар хэмээн үздэг ч Оросын ард түмэн түүнийг эрх чөлөө бус, эмх замбараагүй байдлыг авчирсан гэж буруутгадаг.

Mail.ru хэмээх сайт дээр уншигчдын үлдээсэн хоёр сэтгэгдэл тутмын нэг нь “урвагч” гэсэн үгтэй байв. Нэг эмэгтэй “Горбачев “30 мөнгөн зоосоор” ЗХУ-ыг зарж Р.Абрамовичаас ч илүү баяжсан, түүний хүүхдүүд, ач зээ нар дараагийн 20 жилийн турш түүний хураасан мөнгөөр хангалттай амьдарна” гэж бичжээ.

Хэн нэгэн “Бүх ард түмэн нь үзэн яддаг урвагч эх орондоо амьдрахад хэцүү байдаг уу” гэж асуужээ. Мөн өөр нэг сэтгэгдэл үлдээгч “Горбачев ард түмэн түүнийг шүүхээр оруулах хүртэл үхэхгүй байж байх хэрэгтэй” гэж бичжээ. Өөр нэг нөхөр үлдээсэн постдоо Горбачевыг илэрхий дооглож “тэр хэзээ ч үхэхгүй. Яагаад гэвэл ЗХУ-ыг задалсан ад чөтгөр тамыг ч нурааж мэднэ” гэжээ.

Бусад уншигчид түүнийг бүр ч гутаав. “Үхээгүй нь ямар харамсалтай юм бэ?”, “Вагоноор түүнийг дайрах хэрэгтэй”, “Золбин нохой хурдан үхэхгүй юугаа хийгээд байгаа юм бэ”, “Түүний хоногийн тоо гүйцсэн. Үхлийнх нь өдөр бүх ард түмийн баярын өдөр байх болно”, “Булшин дээр нь бид авс руу нь нулимахын тулд ирнэ” гэх мэт.

Гэхдээ ганцхан хүн “Урт насалж, удаан жаргаарай. Михаил Сергеевич. Та хөндий хоосон ЗХУ-ыг задалсан нь сайн хэрэг болсон” гэж бичсэн ч уг сэтгэгдлийг олж уншихад төвөгтэй байлаа.

Удалгүй үхлийн тухай ташаа мэдээллээс гадна доор нь үлдээсэн сэтгэгдлүүдийг ч устгасан байлаа. Гэвч богинохон хугацаанд интернетэд жижигхэн цонх нээгдэж, түүгээр дамжуулан Орос хүмүүсийн сэтгэлийг таних боломж олдсон юм. Тэд Горбачевыг үзэн яддаг, яагаад гэвэл түүнийг хэзээ ч ойлгож байгаагүй.