Н.Удвал: Нийслэлд эх, нярайн эндэгдэл өсөх хандлагатай байна
Монгол Улсын Засгийн гишүүн Эрүүл Мэндийн сайд Н.Удвал
2013.09.19

Н.Удвал: Нийслэлд эх, нярайн эндэгдэл өсөх хандлагатай байна

Эрүүл мэндийн яамны удирдлагууд саяхан нийслэлийн ЗДТГ-тай хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн ЗДТГ-тай хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцсан гэсэн. Ямар асуудлуудыг хэлэлцсэн бэ?

-Юуны өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж, өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийг тус бүрийг нь 15 сая төгрөгөөр, бас хороодод эрүүл мэндийн талаар тодорхой арга хэмжээнүүдийг дэмжиж хөрөнгө оруулж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд, мөн Эрүүл мэндийн яамныхаа нэрийн өмнөөс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг дарга Э.Бат-Үүлд талархал илэрхийлье.

Хүн амын олонхи нь нийслэлд амьдарч байна. Улаанбаатар хот үнэхээр ачаалалтай байна. Эрүүл мэндийн байгууллага өнөөдөр яг энэ бүтцээрээ тусламж үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй болжээ гэдгийг бид жил бүр ярьж байна.

Тиймээс төвлөрлийг сааруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс дүүргүүдэд Эрүүл мэндийн газар байгуулах, эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад анхаарах зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна.

-Таны хувьд хамгийн түрүүнд юуг илүү анхаарах ёстой гэж бодож байна вэ?

Эх барих эмэгтэйчүүд, нярайн. эрчимт эмчилгээний эмч нарыг бодлогоор бэлдэх асуудлыг бодлогодоо тусгасан

-Миний хувьд Эрүүл мэндийн сайд болсон цагаас эхлэн нэгэнт нийслэл хот маань хүн ихтэй болсон учраас Дүүргүүдэд эрүүл мэндийн газар байгуулах асуудлыг тавьж байгаа.

Эхний ээлжинд зургаан дүүрэгтээ Эрүүл мэндийн газар байгуулаад төвлөрлөө аль болох ард түмэндээ ойртуулвал удирдлагын үр ашиг дээшлэх юм гэж үзэж байна. Тиймээс сайдын тушаалыг яаралтай оруулж ирэх шаардлагатай байна.

Мөн эх барих эмэгтэйчүүд, нярайн. эрчимт эмчилгээний эмч нарыг бодлогоор бэлдэх асуудал манай хүний нөөцийн бодлогод орсон байгаа. Заримыг нь гадагшаа явуулж бэлдэж байна. Ачаалал, норм нормативын хувьд улсын хэмжээгээр судалгаа хийж байна. Улсын хэмжээнд мэргэжил болгоноор судалгаа хийгээд нэгж, тусламж үйлчилгээний өртөг зардлыг тогтоох ажлыг Эрүүл мэндийн яам хийгээд дүнгээ гаргаж байна.

Норм нормативын судалгаа, орны хэрэгцээг тогтоох судалгаа дундаа явж байна. Улсын хэмжээнд нийт хэдэн эмнэлгийн ор хэрэгтэй вэ гэдэг судалгааг гаргаад, хэд нь нийслэлд, хэд нь орон нутагт байх вэ гэдгийг шийднэ. Тэгэхгүй бол олон ор ажиллаад байдаг мөртлөө эмнэлгийн хүлээгдэл төдийлөн буурахгүй, тусламж үйлчилгээнд сэтгэл ханамж авч чадахгүй байна.

-Нийслэлд эрүүл мэндийн сүлжээтэй болъё гэж яриад байна. Энэ талаар товчхон мэдээлэл дуулгаач?

-Нийслэлийн эрүүл мэндийн салбарын барилга байгууламж, тоног төхөөрөмж, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагууд ялангуяа, нэхдсэн эмнэлгүүд бодлогоос орхигдож олон жил хаягдсан. Тиймээс бид СХД-ийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар 25 сая ам.долларын хөрөнгөөр загвар эмнэлэг барихаар гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулаад хэрэгжүүлэх гэж байна.

Эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд эрүүл мэндийн сүлжээ гэж нийслэлд 150 мянган хүн тутамд нэг сүлжээ байхаар нэгдсэн тохижуулалтад оруулъя. Тэнд нь нэг нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, хувийн эмнэлгүүд, эмийн сангууд, сувиллууд ороод үүнийгээ эрүүл мэндийн сүлжээ гэсэн зохион байгуулалтад оруулахаар ярьж байна. Ийм зохицуулалт хийхгүй бол хоорондоо холбоо муутай, нэг нэгнээсээ тасархай болоод байна.

-Тэгэхээр загвар эмнэлэг барихын тулд хуучин барилгыг нь нураана гэсэн үг үү?
Эмнэлгийг нураахгүйгээр барих уу, нурааж барих уу?

-Эмнэлгийг нураахгүйгээр барих уу, нурааж барих уу гэдэг шийдвэрийг гаргах ёстой. Мөн нураахгүй ашиглах боломж юу байна вэ гэдгийг ярилцах ёстой юм.

Энэ мэтчилэн явцын дунд хамтарч шийдэх олон асуудал байна. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхэд төлөөлж оролцох Эрүүл мэндийн газрын даргаас гадна захиргааныхаа зүгээс Засаг даргын Тамгын газрын зүгээс төсөв дээр хамтран ажиллах баг хэрэггэй болно гэж бодож байна.

-Эх, нярайн эндэгдэл орон нутагт буурсан ч нийслэлд өсөх хандлагатай байгаа нь юутай холбоотой вэ. Энэ талаар хотын удирдлагуудтай хамтарч ажиллах тухай ярьсан уу?

-Сүүлийн үед охид, бүсгүйчүүд захаас үр зулбуулах эм авч ууснаас дөрвөн ээж эндсэн асуудал гарсан. Энэ бол маш ноцтой хэрэг. Аль зах дээр байдаг ямар эмийг хэн зараад байгаа талаар цагдаагийн газраас бичиг ирсэн. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм билээ. Тиймээс бид ТЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ, МХЕГ руу энэ асуудлаар хандаж бичиг явуулсан.

Тиймээс энэ асуудалд нийслэлийн ЗДТГ-аас анхаарлаа хандуулаач гэсэн хүсэлт тавьж байна. Мөн улсын хэмжээнд 700 гаруй эмийн санд хяналт, шалгалт хийсэн. Эм хүнсний худалдаа шиг болоод бизнес тал руугаа орчихоод, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүн гэдэг зүйлээсээ хазайчихаад байна. Энэ асуудал дээр бас хамтарч ажиллаач гэсэн байр суурьтай байна.