МУ-ын нийт хүн амын 100 хүн тутмын 27 нь ядуу
Манай улсын ажилгүйдлийн түвшин 14,7 хувиар буурсан статистик үзүүлэлт гарчээ. Дунджаар нэг өрхийн сарын орлого 820 мянган төгрөг байх юм. Хэдийгээр ажилгүй иргэдийн тоо буурч байгаа ч валютын ханшны өөрчлөлт иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.
Өөрөөр хэлбэл нэг талаас импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг сулруулж, бодит орлогыг бууруулж байгаа гэж албаныхан үзэж байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны газрын дарга Л.Оюунчимэг: Хүн амын амьжиргааны түвшинг хүн амын орлогоор нь юм уу хэрэглээ талаас нь тэнцүү таван бүлэгт хорь, хорин хувиар нь хувааж үзвэл хамгийн чинээлэг 20 хувь, хамгийн доод түвшний 20 хувь хоорондын хэрэглээний ялгаа 5,5 дахины зөрүүтэй байгаа гэлээ.
Харин Үндэсний статистикийн хорооны дэд дарга Г.Гэрэлт-Од хэлэхдээ, Манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17,5 хувь, 2012 онд 12,4 хувийн өсөлттэй байсан нь дэлхийд эхний тавд орох хэмжээний өндөр өсөлтүүд.
Улаанбаатар хотын хүн амын 24 хувь, хөдөө орон нутгийн иргэдийн 32 хувь нь ядуу гэсэн нийгмийн ангилалд багтаж байна.
Энэ өсөлтийг хэвээр хадгалж эдийн засгийн салбарын бүтцийн болон эдийн засгийн бүх төрлийн хөрөнгө оруулалтын бодлого, мөнгөний бодлого бүгд эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хадгалж байвал хүн амын амьжиргааны түвшинг хадгалах, цаашлаад амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлого бодитой гарна гэв.
Иргэдийн амьжиргааны түвшин буурсан үзүүлэлттэй гарсан нь нөгөө талаас гадаад худалдааны үндсэн гол дөрвөн түншийн валюттай харьцах төгрөгийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд зарим нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хэмжээнд суларсан.
Гаднаас орж ирж буй евро, юань, доллар, рублиэр хийсэн худалдаа дунд хугацаандаа зах зээлийн үнийн өсөлт бий болгож байна. Энэ нь хүн амын бодит орлого, худалдан авах чадвар болоод иргэдийн амьжиргааны түвшинд нөлөөлөхийг үгүйсгэхгүй гэж эдийн засагчид үзэж байна.