Өрхийн орлого 14.4 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн хорооноос явуулдаг 2013 оны 4 дүгээр улирлын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар манай улсын өрхийн сарын дундаж орлого 893 мянган төгрөг гэж тогтоожээ.
Энэ нь 2012 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад өрхийн дундаж орлого 112 мянган төгрөг буюу 14.4 хувиар өссөн үзүүлэлт аж.
Тэгвэл өрхийн сарын дундаж зарлага орлогоосоо давсан үзүүлэлт гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээр өрхийн зарлага 902 мянган төгрөг болж, 2012 оныхоос 162 мянган төгрөгөөр өссөн байна.
Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын хэрэглээний үнийн индекс 2.7 хувиар өссөн байна. Тодруулбал, хэрэглээний үнийн индексийн өсөлт жилийн өмнөхтэй харьцуулахад 0.1 хувиар, харин 2012 онтой харьцуулахад хоёр дахин багасчээ.
Мөн өмнөх сартай харьцуулахад инфляци 0.9 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс гадна оны эхэнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгддэг үе буюу сар шинийн баяр тохиосон хэдий ч инфляцийн өсөлт гурван жилийн доод хэмжээндээ хадгалагдсан байна.