З.Баянсэлэнгэ: Нам биш бүлэглэл байдаг гэдгийг хамгийн их мэдэрлээ
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.06.25

З.Баянсэлэнгэ: Нам биш бүлэглэл байдаг гэдгийг хамгийн их мэдэрлээ

УИХ-ын гишүүн З. Баян­сэлэнгийг “Ярилцах тан­хим” булангийнхаа энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа.

-МАХН гэдэг нэрийг дээд шүүхэд бүртгүүлээд хоёр жилийн ой болж байгаа юм байна. Үүнийг  тохиолдуулаад та бүхэн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах уу?

-МАХН-ын гишүүд  дэмжигч, тэдний үнэнч зүтгэлийн үр дүнд  МАХН хэмээх нам нэрээ авч, УИХ-ын сонгуулиар ялалт бай­гуулсан. Ялалт байгуулсан гэж хэлсний учир нь МАХН УИХ-д эвсэж орсон МҮАН-тайгаа нийлээд бүлэг байгуулах хэмжээний суудал авсан юм. Үүнээс өмнө гуравдагч хүчин гэж байгаагүй.

Манай нам улс төрд орсноороо Монголын улс төрд үгүйлэгдэж байсан гуравдагч хүчний байр суурийг бий болгож чадсан. Манай намыг улс төрд орж ирэхээс өмнө гуравдагч хүчин гэж байгаагүй. Намынх нь дарга нар л нэр төдий улс төрд орж ирж, сонгууль болохоор л идэвхждэг шүү дээ. Одоо ч тийм хэвээрээ л байна.

Гэтэл манай нам хоёрхон жилийн дотор ард түмний итгэлийг авч чадсан нь Монголд гуравдагч хүчний орон зай дутагдаж байсныг гэрчилж байгаа гэж боддог. Гэхдээ манай намын үйл ажиллагаа хоёр жил өрнөөгүй. 2009 оноос хойш эхэлсэн гэдгийг хэлмээр байна. Ерөнхийлөгч  асан Н.Энхбаярыг нөхөн сонгуульд ялагдсанаас хойш л одоогийн МАХН-ын үйл ажиллагаа эрчимжсэн.

Энэ хугацаанд бид олон зүйлийг амжууллаа. Цаашид ч ихийг хийнэ. МАХН гэдэг нэрийг авсны хоёр жилийн ой болж байгаа ч бид ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй. МАХН нэрийг авсны хоёр жилийн ой маань Ерөнхийлөгчийн сон­гуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаатай давхцаж байгааг бид билэгшээгээд  ямар нэгэн арга хэмжээ зохиохыг хүсээгүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлаад нэг жилийн нүүр үзэж байхад танай намаас  акци зохион байгуулахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Тухайлбал, МАХН-ынхан сан­хүүжилт сайтай юм гэж ярьж байх нэг хэсэг байхад Н.Энхбаярыг баривчлагдсаны нэг жилийн ойг тэмдэглэж байна гэж ярих нэг нь ч байсан. Энэ бүхний талаар та юу хэлэх вэ?

-Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлаад нэг жилийн нүүр үзэж байхад нь бид орчин цагийн хэлмэгдүүлэлт эхэлснийг зарлаж үйл ажиллагаа зохион байгуулсан. Бид бусад намынхан шиг мөнгө төлж хэн нэгнийг урьж, жагсаал цуглаан зохион байгуулдаггүй.

Учир нь манай намын гишүүд дэмжигчид биднийг сэтгэл зүрхээрээ дэмжиж, бидний зохиох  үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ оролцдог юм. Түүнээс биш бид их мөнгөтэйдөө энэ бүхнийг зохион байгуулаад яваад байдаг юм биш. Ард түмэн маань бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байдаг юм. Тиймээс энэ бүхэн нийгмийн захиалга байсан гэж би үздэг.

-Өнгөрсөн хугацаанд танай нам байгуулагдсанаас хойш дотооддоо нэлээд зөрчилтэй байсан юм шиг санагддаг. Тухайлбал энэ бүхний илрэл нь Шадар сайд Д.Тэрбишдагвын саяхан гаргасан үйлдлээр илрээд ч байгаа юм шиг. Тэрбээр саяхан сонгуулийн ерөнхий менежерийн ажлаа өгсөн шүү дээ?

-МАХН-ыг босгосноос хойш би янз бүрийн дарамт шахалтад орж байсан. Биднийг чагнадаг, тагнадаг. Худалдаж авах гэж оролддог байсан нь үнэн. Өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн асуудал дээр биднийг ашиглах гэж янз бүрийн зүйл амладаг. Бид дарамт шахалтад орж байсан. Гэсэн ч манай намынхан энэ бүхнийг тэсэж гарч чадсан гэж би хувьдаа боддог.

Анхандаа гаднын дарамт шахалт ирдэг байсан ч сүүлдээ дотооддоо энэ бүх асуудал даамжирч эхэлсэн нь үнэн. Бусад намын бохир заваан үйл ажиллагаа мэдээж хүнээр дамжиж илэрдэг байсан. Энэ бүхнээс үүдээд намын үйл ажиллагааг бутаргах гэсэн оролдлого олон гарсан. Гэсэн ч бид энэ бүхнийг даваад гарсан.

Шадар сайд Д.Тэрбишдагвын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг шударга бус болж байна гэж үзсэний үндсэн дээр сонгуулийн ерөнхий менежерийнхээ ажлыг өгсөн. Түүнээс биш өөр ямар нэгэн асуудал байхгүй. Манай нам асуудлыг давж гарч чадсан. Одоогоор манай намд дотроосоо ялзарсан зүйл байхгүй байна.

-УИХ-ын бусад намын гишүүд МАХН-ын гишүүдийг үл ойшоогоод байгаа юм шиг санагддаг. Ялангуяа таныг. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дэд дарга Л.Цогтой хамт та Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргуулах үеэр энэ бүхэн нэлээд тодорхой илэрсэн. Энэ болгонд та ямар хариулт өгдөг вэ. Эмэгтэй хүний хувьд хэцүү л байдаг байлгүй дээ?

-Эхэндээ энэ бүхэн надад маш хэцүү санагддаг байсан. Жолоочоороо нүүрс зөөлгөдөг байсан л гэнэ. 250 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан л гэнэ. Энэ бүх мэдээлэл надад эмзгээр тусдаг байсан. Гэхдээ энэ бүхний цаана ямар хүмүүс байгаа вэ гэдгийг би мэддэг болсон учир одоо эмзэглэхээ больсон. Ийм дайралтууд ирдэг байсан. Одоо ч ирсээр байгаа. Цаашид ч ирсээр байна гэдэгт би итгэлтэй байна.

Манай нам улс төрд орсноороо Монголын улс төрд үгүйлэгдэж байсан гуравдагч хүчний байр суурийг бий болгож чадсан.

Гэхдээ энэ бүхэнд би бэлтгэлтэй байгаа. Яагаад гэвэл тэрийг ямар улстөрчид яах гэж бичүүлж байгааг би мэддэг болсон учраас тэр. Гэхдээ өнөөдөр Монголын сонгогчдын боловсрол харьцангуй дээшилж байгаа учир УИХ-д сууж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болчихсон байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг юу хийснийг асуух нэг нь байхад бидэнтэй харьцуулах ч юм биш гэх нэг нь ч бий шүү дээ. Тэр хүн Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа янз бүрийн хэргийг нуун дарагдуулж, албан тушаалаа ашиглаж, гэрээнд гарын үсэг зурсан гэдэг асуудлыг гаргаж тавьсан.

Энэ хүнтэй холбоотой маш олон мэдээлэл УИХ-ын гишүүдэд байдаг юм билээ. Гэхдээ яагаад тэд хэлэхгүй МАХН-ынхан тэр бүх асуудлыг тавьж байгаа юм бэ гэдгийг харах ёстой байх. Бид өнөөдөр шударга үнэнийг тогтоохын төлөө явж байгаа учир л тэр шүү дээ. Гэтэл хэн нь өнөөдөр үгсэн хуйвалдаж байна вэ. Үүнийг бодох л асуудал.

-Намын нэрийн жагсаалтаар орж ирсэн болохоор та УИХ-ын гишүүдийн дунд нэлээд эвгүй байдалд ордог байх. Таныг пропорцианоль системийн алдаа гэх нь ч байдаг юм билээ?

-Нэгэнт л сонгуулийг холимог системээр явуулсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хэлээд байх шиг байна. Тэр хүн өнөөдөр тойрогт нэр дэвшээд ялалт байгуулчихсан бол бидэн шиг намын нэрийн жагсаалтаар нэр дэвшээд гараад ирчихсэн хүмүүсийг алдаа гэж хэлэх эрхтэй байхсан.

Харамсалтай нь тэр хүн  бидэн шиг л намын нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн шүү дээ. Анхнаасаа пропорцианоль системээр сонгууль явуулахаар зөвшөөрчихсөн хүмүүс нь хэн билээ. Тиймээс одоо ингэж ярих хэрэггүй байх аа л гэмээр байна. 

Эсвэл тэдний хүссэнчлэн тэдэнтэй гар нийлэх хүмүүс намын нэрийн жагсаалтаар нэр дэвшээгүй болохоор ингэж  аашлаад байгаа юм уу. Би үнэхээр  мэдэхгүй байна. Өөрсдөө олонхи байхдаа энэ хуулийг баталчихаад араас  нь ингэж уйлан дуугарах нь ямар ашигтай юм бол доо. Өөрсдийгөө л улам доош нь хийгээд байна гэсэн үг биз дээ.

-Та УИХ-ын гишүүнээр нэг жил хэртэй ажиллачихлаа. Энэ хугацаанд юу мэдэрсэн бэ?

-Өнөөдөр ард түмний амьдрал үнэхээр хэцүү байна. Гэртээ сууж байгаад л гэрээ дэлбэлүүлэх шахаж байна шүү дээ. Саяхан Биокомбинатад ажиллахдаа ирэхэд тэнд хайрга ухсан хүмүүсээс болж гэртээ тайван ч сууж чадахаа больсон иргэдтэй уулзлаа.

Нам харгалзахгүйгээр өөрсдийн эрх ашгийг хамгаалсан бүлэглэлийн вант улс болчихоод байна шүү дээ, өнөөдөр Монгол Улс.

Төрөөс ямар ч дэмжлэггүйгээр нэг литр сүүг 250 төгрөгөөр борлуулахын тулд өөрсдийн нөөц бололцоог ашиглан ажиллаж байхад сүүг нь авч явчихаад хоёр хоногийн дараа эргүүлээд аваачаад өгчихөж байх жишээ олон байна. Энэ хүмүүстэй уулзаад явж байхад  “Улстөрчид гэж уран цэцэн амласан хүмүүс л байх юм.

Бодит байдал дээр бидний амьдралд дээрдсэн зүйл алга” гээд толгойгоо гашилгаад сууж байсан. Өнөөдөр иргэдийн сонгосон сонголт л төр барьж байгаа. Нөгөөтэйгүүр иргэд маань энэ төрд намын харьяалал гэж байдаггүй гэдгийг мэдэхгүй байна.

Нам харгалзахгүйгээр өөрсдийн эрх ашгийг хамгаалсан бүлэглэлийн вант улс болчихоод байна шүү дээ, өнөөдөр Монгол Улс. Хэн хүчтэй тэрний талд л мөнгө үйлчилж байна. Өнөөдөр улстөрчид камерын өмнө талцаж хуваагддаг болохоос биш өөрсдийн эрх ашгийн төлөө хэзээд эвлэлдэн нэгдэж чаддаг юм.

-Энэ бүхнийг та тодорхой жишээн дээр тайлбарлахгүй юу?

-МАН болон АН-ынхан иргэдийг намаар нь талцуулж өөрсдийн нэр хүндийг өсгөж байгаа хэдий ч үнэндээ тийм биш байдаг юм билээ. Өнөөдөр тэд намаараа олон түмний нүдэн дээр талцаж байгаа ч цаанаа өөрсдийн эрх ашгийн төлөө ямагт нэгдэж чаддаг. Тухайлбал, бид аливаа хуулийн төслийг өргөн барихад энэ хоёр нам гацааж байна. Өршөөлийн тухай хууль байна.

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийнхэн болон Ардчилсан намынхан энэ хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан ч одоо болтол батлаагүй. Уг нь Улсын их баяр наадмын өмнө энэ хуулийн төслийг баталж олон хүнд буян болох байсан юм. Гэсэн ч улстөрчид маань үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төлийг ч баталж болох байсан. Гэсэн ч тэгсэнгүй.

-УИХ-ын үйл ажиллагаа энэ долоо хоногоос эхэлж идэвхжих байсан ч тэгсэнгүй. Ирэх пүрэв гарагт УИХ-ын чуулганы үйл ажиллагаа нээгдэх ёстой. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн­гээс шалтгаалж УИХ-ын чуулганы үйл ажиллагааны уур амьсгал бүрэлдэх байх гэж бодож бай­на. Таны хувьд?

-Тантай санал нэг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж УИХ-ын чуулганы үйл ажиллагааны уур амьсгал бий болно. Гэхдээ ер нь бол баяр ёслол гэхээр улсын үйл хэрэг хоёрдугаарт тавигддаг юм шиг санагдсан шүү.