Ж.Сүхбаатар: Ц.Элбэгдоржид илүү санал өгсөн сумыг дэмжинэ гэж ярьсан байна лээ
Монгол Ардын Намын Нарийн Бичгийн Дарга Ж.Сүхбаатар
2013.06.19

Ж.Сүхбаатар: Ц.Элбэгдоржид илүү санал өгсөн сумыг дэмжинэ гэж ярьсан байна лээ

МАН-ын сонгуулийн төв комиссын хууль зүйн ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-АН-ын нэр дэвшигчийг хууль зөрчсөн 10 гаруй үйлдэл гаргасан гэлээ. Энэ талаар тодруулна уу?

-Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлийг гаргаж байна. Тодруулбал сонгууль зохион байгуулах үүрэг бүхий СЕХ, хороод хууль зөрчсөн байна. Аймаг, нийслэлийн хэсгийн хороодыг хууль бусаар байгуулсан талаар бид өмнө нь дурдаж байсан. Энэ асуудлыг цэгцлэх дорвитой арга хэмжээг одоог хүртэл аваагүй байна.

Хоёрдугаарт төрийн эрх мэдэл, эд хөрөнгийг ашиглаж, төрийн албан хаагчийн сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулж байгаа байдал энэ сонгуульд их ажиглагдаж байна. Бид нийслэлийн цагдаагийн газар, СЕХ-нд зөрчлийг шалгуулах арга хэмжээ авах тухай албан бичгийг хүргүүлсэн.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хууль зөрчөөгүй” гэсэн хариу ирүүлсэн. УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар сурталчилгаанд ил тод оролцож байгааг та бүхэн мэднэ. Сонгуулийн хуулийн 33.7.1-т улс төрийн албан хаагчаас бусад албан хаагчийн сонгуулийн сурталчилгаанд оруулахаас хориглодог.

Мөн Төрийн тусгай албан тушаалтан Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал гэдэг нөхөр сонгуулийн сурталчилгааны сонин дээр Ц.Элбэгдоржийг илт сурталчилсан байна. Мөн зарим элчин сайд нар энэ үйл ажиллагаанд оролцсон байгаа юм. Төрийн албан хаагч олноороо чөлөө авч хөдөө орон нутагт ажиллаж байна.

Төрийн өмчийн мэдлийн автомашин, хэрэгслүүдийг орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд дайчлан ажиллаж байгаа тухай  мэдээлэл бидэнд ирсэн.Сонгогчдын саналыг хууль бусаар татах чиглэлээр сонгуулийн сурталчилгаа нилээн явагдаж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Баянхонгор аймагт сонгогчидтой уулзахдаа “Засгийн газрын “Шинэ сум” төсөлд танай аймгийн нэг сумыг хамруулахаа амлаж байна. Гэхдээ сонгуулиар Ц.Элбэгдоржид хамгийн өндөр хувиар саналаа өгсөн сумыг дэмжинэ” гэж ярьсан байна.

Бид зөрчлийг арилгуулах албан бичгийг цагдаагийн газарт явуулсан. Харамсалтай “Хууль зөрчөөгүй” гэдэг хариу ирсэн. Нэг сумыг засгийн газрын төсөлд хамруулна гэдэг нь төсвийн мөнгийг зарцуулахтай шууд холбоотой асуудал. Тэгэхээр сонгуулийн хуулийн хоёр ч заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалт хийсэн газар бүртээ мөнгөн амлалт өгч байгаа. Оюутнууд, ээжүүдэд, ахмадуудад, багш нарт мөнгөн амлалт өгч байгаа. 2009 оны сонгуульд оролцохдоо 2,5 сая төгрөгийг өгүүлнэ гэсэн. Тэр сонголтоо биелүүлээгүй байж энэ удаагийн сонгуульд бүхий л чиглэлээр мөнгөн амлалт өгч байна.

-Та бүхэн шударгаар өрсөлдөхийг уриалж байгаа. Тэгэхээр танай намын зүгээс нөгөө намынхаа нэр дэвшигчийг ямар нэгэн байдлаар харлуулсан сурталчилгаа хийхгүй гэсэн үг үү?

-Бидний гаргасан мэдээлэлд зохиогоод гаргасан зүйл байхгүй. Хэлсэн үг, хийж байгаа үйлдлийг нь иргэдэд танилцуулж байгаа. Харин сөрөг хүчний зүгээс МҮОНТ-ээр “Анализ” гэдэг нэвтрүүлгээр шинжээчийн цаг гэдэг нэрийдлээр Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дүн шинжилгээг харьцуулж байгаа байдал гаргасан. Ингэхдээ МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн эсрэг мэдээлэл цацсан.

Нэг ч хууль санаачлаагүй, мөрийн хөтөлбөр нь муу болсон тухай ярьсан. Эрх баригчдын зүгээс хэт даварсан сурталчилгааг явуулж, улс төрийн тэнцвэргүй мэдээллийг олон нийтэд хүргэж байна. АН-ын ухуулагч нарын өврийн дэвтэр гэсэн ном гарсан байна лээ. Энэ дэвтэрт Б.Бат-Эрдэнийг хэрхэн муулах вэ гэсэн зүйлүүдийг заасан байна.

Эрх баригчдын зүгээс хэт даварсан сурталчилгааг явуулж, улс төрийн тэнцвэргүй мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

Мөн утсаар “МАН-аас ярьж байна” гэж хэлээд хүн эвгүйцэхээр зүйлийг бидний өмнөөс ярьж байна. Авлига бол сонгуулиас ундардаг гэж үздэг. Тэгэхээр хэн нь авлигач юм бэ гэдгийг харуулах ёстой. МАН-аас нэг ч удаа мөнгө тараагаагүй. Харин орон нутагт мөнгө тараах сүлжээний зохион байгуулалтын ажил АН-аас нэр дэвшигчийн зүгээс ажиглагдаж байна гэж ярьж байна.

Бид энэ талаар баримт мэдээлэл цуглуулж байна. Тэгэхээр мөнгө тараасан үйлдлийг зохих газарт нь мэдэгдэж урамшууллаа авах ёстой. МАН-ын зүгээс мөнгө тарааж байвал бидэнд даруй мэдэгдэх ёстой. Манай нэр дэвшигч харгүй сайхан өрсөлдөнө гэж байгаа.

Мөн сонгуулийн дүнг тодорхой болчихлоо гэдэг яриаг АН-ын сонгуулийн штабаас мэдээлж байна. Гадаадад байгаа иргэдийн 70 гаруй хувь Ц.Элбэгдоржийг сонгочихжээ гэх мэтээр иргэдийн бодолд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх гэж оролдож байгаа нь эрх баригчдын башир арга гэж үзэж байгаа.

-Мөнгөн амлалт өгсөн гэж ярьж байна. Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч ч мөн мөрийн хөтөлбөртөө оюутны 70 мянган төгрөгийн талаар дурдсан байсан шүү дээ?

-70 мянган төгрөг бол УИХ-аас баталсан төрийн шийдвэр. Одоо ч олгогдож байна. Манай нэр дэвшигч 70 мянган төгрөгийг үргэлжлүүлж олгоно гэсэн. Энэ нь одоо явагдаж байгаа ажлыг үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Түүнээс бид 70 мянган төгрөгийг шинээр өгнө гэж яриагүй.