МАХН-ын экс жигүүр буюу Ө.Энхтүвшин, Н.Удвал хоёр
УИХ-ын Гишүүн, МАН-ын Дарга Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал
2013.06.13

МАХН-ын экс жигүүр буюу Ө.Энхтүвшин, Н.Удвал хоёр

Монголын өнөөгийн улс төрийн амьдрал дан шинэчлэгчдээр амьсгалж байна. Шинэ үеийг авчирч, Монголын шинэчлэлийг хорвоод “тунхаглаж яваа Ерөнхийлөгч” Ц.Элбэгдорж, шинэ үеийн засаглал буй болгож байгаа шинэчлэлийн гэх Засгийн газрын хийсэн ажил, хийх ажлаа “тунгалагаар”, иргэн бүрт хүрэх танхимаар сурталчилж байна.

Амьсгалж гэхийн өөр нэг учир бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхэлсэн явдал. Сонгууль болгоноор аль нам, хэн гэгч нэр дэвшигч ирэх цагийн элч, харин аль нь харьж яваа цагийн зараа болохыг тодруулах “тэмцэл” болдог жишиг тогтоод байгаатай холбоотой. Өмнөх бусад сонгуультай харьцуулахад аядуухан байгаа ч энэ л жишгээр үйл явдал өрнөж байна. Үүнийг тэрлүүлэгч би эхлээд улс төр гэдэг бие биеийнхээ муу муухайг онгичихын нэр юм байна хэмээн жигшингүй хардаг байлаа. Энгийн бид чинь сонгууль хэчнээн ч өгч байна даа. Сүүлийн хэдэн жилд хэн биднээр сонгуулах гэж зүтгэж, юу ярьж, юу бүтээв гэж бодох чөлөөгүй л сонгож байна.

Эргэж харвал тийм ч олон нам, олон хүн “намайг сонгоод аль” хэмээн нэхдэггүй хэдэн цөөн хүний дотор л эргэлддэг дүр зураг харагдаж байна. Энэ удаагийн сонгууль ч УИХ-д суудалтай гурван намын хооронд л болж байна. Сонгогч бидний нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намууд авчихаад байгаа болохоор би ингэж хэлж байна. Ёстой л зуун чавганц уралдахад яаж ийгээд нэг нь л түрүүлнэ гэдэг үлгэр. Бас болоогүй ээ, энэ тоглолтын ард нэр бүхий хүмүүс байх ажээ. Тэр бол намуудын удирдлага, дараа нь сонгуульд нэр дэвшигчдийн штаб. Нэр дэвшигчид Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарыг юу гэх гээд байна гэж гайхаж байна уу? Эд бол нэг хэсэгтээ нүүр, малгай, туг дарцаг.

Харин сонгогдож тодорсон нэг нь улс орны хөгжлийн талаар өөрийн бодол санаа илэрхийлээд, нэр хүнд нь намаасаа дээгүүр болох маягтай болоод эхэлбэл эрх барьж байгаа энхрий хайрт нам нь ч, эрсэлдэн өрсөлдөж байгаа намынхан ч ялгаагүй элдвээр хавсайдан хэлж эхэлнэ. Үүний хувьд хуучнаар МАХН, шинээр МАН харин ч нэг туршлагатай улс төрийн хүчин.

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр ийм л байсан. Ардчиллын эхэн үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай ч ялгаагүй. Буланд шахагдсан П.Очирбат гуай өрсөлдөгч нам руу, Н.Энхбаяр “сэргээсэн” нам руу шилэрсэн. Ялгаа нь, Н.Энхбаярын хийсэн нь барьцтай, хэлж ярих нь цэгцтэй, багийн гэхээсээ олон түмний хүсэл сонирхлыг илүү тууштай барих болсон юмсан уу, уусан идсэн гэж баахан аман салхинд нүдүүлж байснаа итгэхэд бэрх “үндэслэлээр аавын хаалга” татсан.

“Улс төр хийнэ” гэж ярьдаг болоод хэдэн жил болж байна. Багийн тоглолт ч гэх болсон. Баг гэдэг маань хэрэгтэй бол “хошгир” гэж урдаа хэн нэгнийг түлхэж гаргаад хэлснээр нь болохгүй бол өшиглөхийг хэлнэ. Надад л лав ингэж бодогдох боллоо. Бас сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, ялбал бялууг нь хүртдэг хэдэн хүн байх болсон гэсэн үг. Энэ хүмүүс “хошгирсон тарвага” л буудуулдаг гэдгийг мэдэх болохоор ил гарах нь бага. Юутай ч, далд юм шиг хэрнээ ил явдаг энэ цөөн хүний туулсан зам мөрийг бид сургаар ч болов мэдэж л байх хэрэгтэй цаг болжээ. Тэгсэн цагт л бид улстөрчид хэмээх баг өмссөн улсаас салах байх.

Эргэн харахад, манай сонгогчид ч үүнийг аль эрт зөнгөөрөө мэдэрсэн нь тодорхой байна. Сонгогчдын саналын дүнгээр УИХ-д МАХН 2000-2004 онд олонх суудал авч Н.Энхбаярын Засгийн газар, 2004-2008 онд МАХН (36 суудалтай), АН хоёрын алинд ч засаглах эрх өгөөгүйгээс Ц.Элбэгдорж М.Энхболд С.Баярын эвслийн засгийн газар, 2008-2012 онд үнэмлэхүй олонхи (46 суудал) биш юм гэхэд Засгийн газар байгуулах хэмжээний санал МАХН-д өгсөн боловч стандарт бус гэх тодотголтой С.Баярын эвслийн Засгийн газар тус тус байгуулагдан ажиллаж байв. Бид энэ үед анхааралтай байсан бол их юм ойлгохоор байжээ.

Бод л доо, үзэл бодлоор хэзээ ч нийлэхгүй гэж байсан хоёр намынхан “62-ын бүдүүн бүлэг” байгуулж, бүр цаагуураа МАХН, Ардчилсан нам хоёрыг нэгтгэн МАХН буюу Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулах тухай ярьж байсан гэдгийг МАН-ын өнөөгийн дарга Ө.Энхтүвшин мэдэгдэлдээ хэллээ. Харин одоо этгээд нэртэй Засгийн газрынхны уул уурхайн баялагтай холбоотой “молиго”, өөрсдөд нь бол “ашиг” гэрээг засч залруулах талаар амтай-намтай болгон ярьж, шогшрох болоод байна.

Үүнийг мөхөс бичээч миний бие тоочоод байгаагийн учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН, МАХН гэх нэг угшилтай, нэг түүхтэй, нэг бахархалтай гэх хэрнээ хоёр салчихсан хоёр намыг сонгууль хэмээх улс төрийн эрх мэдлийн төлөөх сунгаанд гаршсан зарим хүн гол тоглогчид болоод байгааг л анхааруулах гэсэн юм. Энэ нам бол Монгол орны ХХ-ХХI зууны улс төрийн амьдралын сайн муу, сайхан муухай бүхэнтэй холбоотой болохоор эхэлж онцлох ч ёстой.

МАХН дотор “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” хэмээх жигүүр байгуулсан байдаг

УИХ-ын 2004 оны сонгуульд намаа төлөөлөн оролцоод өвдөг сөхөрч, албан тушаалтны зөөлөн сэнтийгээс түлхэгдсэн Ө.Энхтүвшин тэргүүтэй хэсэг улсын цөс хөөрч МАХН дотор “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” хэмээх жигүүр байгуулсан байдаг. Жигүүрийг эхлээд Ө.Энхтүвшин, дараа нь Н.Ганбямба, Ц.Оюунбаатар, Н.Удвал нар тэргүүлж байжээ. Ялагдахаасаа өмнө Ө.Энхтүвшин дарга УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга зэрэг ажил алба хавсран гүйцэтгэж байсан болохоор цөс нь хөөрч амьсгаа нь дээрдэлгүй яахав.

“Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс” жигүүрийнхэн юуны түрүүнд “Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох” журам боловсруулан Бага хурлаараа хэлэлцүүлэн батлуулсан боловч Ө.Энхтүвшин даргын мэдэгдэж байгаагаар хэрэгжээгүй ажээ. Эргээд харахад харин ч хэрэгжсэн бололтой харагдана.

Баримт сөхье, жигүүрийн гишүүд болох Ө.Энхтүвшин БСШУ-ны сайд, 49 дүгээр тойргийн нөхөн сонгууль; А.Базархүү ОХУ-д консул, Э.Гомбожав Улсын сорьцын хяналтын албаны дарга, Р.Содхүү Хөрөнгийн биржийн захирал, Ж.Бат-Эрдэнэ яамны Төрийн нарийн дарга гээд албан тушаалаар амаа үдүүлж, нүдээ таглуулсан.

Харин (өмнө нь эрүүл мэндийн дэд сайд байсан) Н.Удвал энэ үед МАХН-ын дэргэдэх ёс зүйн хорооны дарга болсон байна. Энэ бол намын нэрийн өмнөөс төр, засгийн ажилд сонгогдсон, томилогдсон гишүүддээ хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч, арга хэмжээ ч авдаг онцгой эрх мэдэлтэн болсон гэсэн үг. Уншигч Та Н.Удвал гэхээр шинэ МАН-аас салан, хуучин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь болсон, Ерөнхийлөгчийн Сонгуульд МАХН-аас нэр дэвшээд байгаа эрхэм гэдгийг лав мэдэж байгаа байх.

Н.Удвал: “...Жигүүр бол өөрөө эцсийн зорилго биш... Хэзээ намд байсан сайн уламжлал сэргэж, нам шинэчлэгдэн дотоод ардчилал хөгжиж, шударга ёс тогтсон цагт жигүүр үүргээ биелүүллээ гэж үзээд татан буугдана. ...одоо бол бидний ажил дөнгөж эхэлж байна... жигүүрийнхэн өөрсдөө эрх мэдэлдээ хүрч байж шинэчлэл явагдана...” (2007.8.29) гэж мэдэгдэж байжээ.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон

Дөнгөж эхэлсэн ажил нь намын салан тусгаарлалтад хөтөлсөн бололтой. Жигүүрийн удирдлага ойр ойрхон өөрчлөгдөж байжээ. Тийм нэгэн удирдагч Н.Ганбямба (2009.11.22): “...Анх 14 асуудал намын удирдлагад тавьж байснаас 13 нь хэрэгжсэн... Албан тушаалаас болж үзэл бодлоо өөрчилсөн хүн бидний дунд байхгүй. Зарим нь төрийн албаны хуулиар намаасаа түдгэлзсэн. Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Цолмон нар жигүүртээ байгаа шүү дээ...” гэж мэдэгдэж байснаас үзэхэд салаад баймгүй байсан байж таарч байгаа биз? Гэтэл бас үгүй бололтой.

Н.Удвал хийгээд “Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүр” МАХН-ын дарга, Удирдах Зөвлөл, Бага хурлын гишүүддээ хандан (2010.4.06) гаргасан мэдэгд­лээ “...Шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд ... дэмжигч гишүүдийн чуулганыг улсын хэмжээнд зохион байгуулж дараагийн алхмаа тодор­хойлох болно” гэж мэдэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл, МАХН дотор улс орны хэмжээнд толгой даан үйл ажиллагаа явуулах боломжтой бүлэглэл буй болчихоод тулган шаардлага хийж эхэлсэн хэрэг. Харин энэ жигүүрийг анх санаачлан зохион байгуулагч Ө.Энх­түвшин УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хорооны даргын сэнтийд заларч байжээ.

Мөн л “Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүр”-ийг нэгэн үе удирдаж явсан, эдүгээ МАХН-ын нэрийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ц.Оюунбаатар: МАН бол “...удирдлагуудын зөрчил, олигархиудын ичгүүр сонжуургүй төрийн өмч идэж байгаагаас болоод хагарсан... маш түргэн шинэчлэгдэх ёстой...” нам гээд цааш нь “...Ө.Энхтүвшин дарга намаа шинэчлэх талаар ярьж байснаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Аймаг сумаар явж, ард түмнээрээ хэлэлцүүлж, хэлмэгдүүлэлтэд уучлал гуйгаад, бохир улстөрчдөөсөө салбал... Тэртэй тэргүй олон жил эрх мэдэлд суугаад, олон түмний нүдэнд хог болчихсон хүмүүс нь зайгаа тавьж өгсөн нь зөв өө. Та бүхэн идсэн үү? Идсэн. Төрөөс хөрөнгөжсөн үү? Хөрөнгөжсөн” (2013.2.21-нд) мэдэгдсэн байна билээ. Үүнээс үзвэл бас бодмоор, Ө.Энхтүвшин даргыг харан хүлээх учиртай зүйл бий бололтой.

Харин МАХН-ын шинэчлэлийн төлөө жигүүр хэмээх нэгэн түүчээнд хөллөгдөн зүтгэж явсан, нэг үзэл бодолтой Ө.Энхтүвшин, Н.Удвал нар юу хийж, юу ярьж байгааг бид харж байна.

МАН-ын дарга Ө.Энхтүвшин улс төрийн сонгуулийн сунгаа аль эрт эхэлчихээд байхад намаа шинэчлээд эхэлмээр байна..., би ингэж бодож байна..., хариуцлагатай ажил учраас... намын дарга би удирдана... нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гараад ирэхээр тодорхой болно... гэж дүлэгнэж байхад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал: “...Улс төрийн аварга Ц.Элбэгдэрж, улсын наадмын аварга Б.Бат-эрдэнэ хоёртой” улсын Ерөнхийлөгчийн төлөө үзэлцэнэ хэмээн манаргаж явна. Энэ юу болоод байна аа? Эртнээс бэлтгэгдсэн Ө.Энхтүвшиний лойдортол уу, аз нь гийсэн авхай Удвалын лидертэл үү? Аль эсвэл нам ярьж, сэм хийдэг улстөрийн намынхны ээлжит үзүүлэх тоглолт уу?... Сонгууль эхлээгүй байхад “бөхийнхөө тахим”-ыг эрхэм засуулууд нь өгүүлэх гээд байгаа биш биз?

Уншигч Танд тэгж санагдахгүй байна уу? Эгээ л Ерөнхийлөгчийн 2009 оны Энхбаяр-Элбэгдоржийн сонгуулийн дүр зураг шиг. Бодох юм мөн ч их байна даа...

Юутай ч, сонгогч бид улс төрийн нам, улстөрчид хэмээх ширэн нүүртнүүдийн тоглоом дандаа болоод байж л лав болохгүй санагдана.