Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах үйл ажиллагааг хариуцна
Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан байгууллагууд, хүний эрхийн асуудал хариуцсан албаны захирал, Элчин сайд Жанез Ленарчичийг хүлээн авч уулзлаа.
2013.06.25

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах үйл ажиллагааг хариуцна

Гадаад харилцааны сайд Л.Болд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан байгууллагууд, хүний эрхийн асуудал хариуцсан албаны захирал, Элчин сайд Жанез Ленарчичийг хүлээн авч уулзлаа.

Варшавт төвтэй АБХЭА нь ЕАБХАБ-ын зүгээс манай улсад болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж байгаа юм. Жанез Ленарчич нь ЕАБХАБ-ын АБХЭА-ыг 2008 оноос хойш удирдаж буй туршлагатай дипломатч аж.

Уулзалтын үеэр сайд Л.Болд ЕАБХАБ-ын ажиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд талархалтай байгаагаа илэрхийлэхийн сацуу Монгол, ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд Монгол-ЕАБХАБ-ын харилцаа өнгөрсөн хагас жилийн богино хугацаанд олон чухал үйл явдлаар дүүрэн байсныг онцлон тэмдэглэсэн юм.

ЕАБХАБ-ын үйл ажиллагааг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний аюулгүй байдлын гэсэн хэмжигдэхүүнээр авч үздэг. Гишүүн орнууд эдгээр гурван үндсэн чиглэлийн хүрээнд зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцон зөвлөлдөж, хамтран ажилладаг байна.

Варшавт төвтэй АБХЭА нь ЕАБХАБ-ын зүгээс манай улсад болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж байна.

ЕАБХАБ нь Монгол Улстай ч эдгээр чиглэлийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа аж. Түүний дотор жендерийн эрх тэгш байдлыг дээшлүүлэх буюу улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар боловсруулж буй хуулийн төслийг экспертүүдээр хянуулж зөвлөмж өгөх боломжтой гэдгийг Элчин сайд цохон тэмдэглэв.

Харин Л.Болд сайд ЕАБХАБ-ын Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагаанд тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийлэхэд Элчин сайд Ленарчич "Ажиглагчдын хэсгийн үйл ажиллагааны гол зорилго нь сонгуулийн явц дахь зөрчил, дутагдлыг илрүүлэх бус, харин тухайн орон цаашид ардчилсан сонгуулиа улам бүр боловсронгуй явуулахад нь ашиг тустай санал зөвлөмж өгөхийг чухалчилдаг" хэмээн онцлов.

ЕАБХАБ-аас ИБУИНВУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орны сонгуулийг ч ажиглаж, санал зөвлөмж өгсөөр иржээ.