Метроны шугам тавигдсанаар 150 мянган ажлын байр бий болно
Эв нэгдлийн яриа нэвтрүүлгийн зочноор Хотын дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү, Дуучин BX, Жүжигчин М.Саранцэцэг нар уригдан оролцлоо.
-Гэр хорооллыг барилгажуулах ажлынхаа талаар товчхон ярихгүй юу?
Хотын дарга Э.Бат-Үүл: Одоо Улаанбаатар хаашаа явж байгаа вэ гэж биднээс асуух юм бол бид олимп явж байна гэж хэлнэ. Бид Улаанбаатар хотоо ямар хот болох вэ гэдгийг төсөөлсөн.
Урд хөршийн мэргэжилтэн ажилтнууд юмыг асар хурдан хийдгээрээ гайхагддаг хүмүүс. Одоо манайхны зам тавьж байгааг тэд нар гайхаж байгаа. Долоохон хоногийн дотор л тавьчих юм гэж. Би тэгэхэд нь манайхан хийж чадна ш дээ гэж хэлсэн.
-Яг хэдэн он гэхэд бид метрогоор явах юм бэ?
ИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү: 2020 он гэхэд бид метрогоор зорчиж эхэлнэ. Метрон дээр эргэлзэж байгаа хүмүүс байхгүй байгаа байх. Сая бас судалгаа хийсэн. Нийслэлчүүдийн 95 хувь нь метро барих нь зөв, 60 хувь нь метрогоор зорчино гэсэн судалгааны дүн гарсан.
Жүжигчин М.Саранцэцэг: Бид нар метрог яагаад мөрөөдөл гэж үзсэн бэ гэхээр боломж байгаа үгүйг нь мэдэхгүй байгаа. Одоо бас олимпийн хот болно гээд яригдаж байгаа. Энэ боломжтой юу.
Хотын дарга Э.Бат-Үүл: Боломжтой байлгүй яахав.
Дуучин BX: Бидний үеийн залуусын нэг асуудал бол чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хотод жаахан хэцүү байгаа.
ИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү: Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэдгийг ярих их дуртай болчихжээ. Баар, ресторан, диско клуб гээд газрууд байна. Ийм газарт орсон залуучууд нь чөлөөт цагаа зөв боловсон биш өнгөрөөж таараад байгаа.
2020 он гэхэд бид метрогоор зорчиж эхэлнэ.
Ийм ойлголт энэ дэлхий дээр хаана ч байдаггүй. Залуучууд маань маш их өөрчлөгдсөн. Өнөөдөр паб ресторанд ороод хөгжим сонсоод найз нөхөдтэйгээ ярилцаад гараад явж байгаа зөндөө хүмүүс байна. Эд нарыг ингэж буруу ойлгож болохгүй.
Хотын дарга Э.Бат-Үүл: Дөрөв, тав дахь хагас сайн өдрүүдэд шөнийн гурав хүртэл ажиллах эрх нээгдсэн. Үйлчилгээний газрууд чөлөөтэй ажилладаг байх үед манай залуучууд харин ч архинаас гарч, чөлөөт цагаа хэний ч хязгаарлалтгүйгээр чөлөөтэй өнгөрөөдөг болоод их өөрчлөгдөж байсан.
12 цаг гээд хязгаарласан чинь далд наймаа яваад гэртээ нийлж уудаг болсон. Миний энэ захирамж гарсан чинь олон хүн надруу дайрч байх шиг байна. Яагаад гэхээр олон хүний шантаачилдаг орлого байхгүй болчихсон.
Жүжигчин М.Саранцэцэг: Дугаарын хязгаарлалт надад маш их таалагдаж байгаа.
Хотын дарга Э.Бат-Үүл: Ер нь бол машины дугаарыг хязгаарлах нь зорилго биш. Машин унасан юм чинь унах л ёстой. Тэгэхээр аргагүй эрхэнд авч буй арга хэмжээ. Үүнийг цааш нь болиулна. Чадвал бид зарим нэг урсгалаа сайжруулаад нийтийн тээврээ сайжруулчихвал 11 сард болиулъя гэж бодож байна. Тэр үед хэдийгээр хязгаарлалтгүй ч гэсэн түгжрэлгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Метро баригдахад бүр асуудалгүй. Метроны шугамыг тавиад 150 мянган тогтвортой ажлын байр бий болно.
Дуучин BX: Хуучин хотын дарга нар том том машинууд унадаг байсан. Тэрийг та болиулаад жижиг машин болгоод бас энэ хотын захиргааг хотын зах руу нүүлгэх асуудал юу болсон бэ?
Хотын дарга Э.Бат-Үүл: Ер нь бусад улсад төрийн ажилтнууд унаагаараа, өөрийнхөө тансаглалаар өрсөлдөх хориотой байдаг. Тэр тусмаа татвар төлөгчдийн хөрөнгөөр. Хотын захиргааны тухайд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу руу нүүнэ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад шийдвэрээ гаргасан.
Хотын захиргааны тухайд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу руу нүүнэ.
Бага тойруу шиг төвийг Баянхошуунд барих гэж байна. Яг ийм бүх үйлчилгээ, сургууль, цэцэрлэгтэй төвийг Сэлбэ рүү барина. 11-ийг барина.
Жүжигчин М.Саранцэцэг: Хуучны 1950, 1960-аад оны үед баригдсан барилгууд бий. Тэр яах вэ?
Хотын дарга Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө хотын засаг дарга, Засгийн газарт чиглэл өгсөн. Эхний ээлжинд 450 тэрбум төгрөг гаргаад боломжтой байшингуудыг дулаалж шинэчлэх. Засал авахгүй болсон байшингуудыг нь шинээр барина. Нураагаад шинээр барихаас өмнө орон сууцны доод газрыг нь иргэддээ хувьчилж өгөх гээд байгаа. Тэгвэл иргэд газар дээрээ барилаг бариулах тендерийг компаниудын дунд зарлана.