2013.05.20

З.Баянсэлэнгэ: МАХН-ынхныг муулдаг хүмүүсийг өрөвдөх юм

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцсан юм.

-Өөрийгөө МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн гэсэн нэг хүн “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намын нэр дэвшигчийг дэмжиж оролц гэсэн ч МАХН-ынхан хүчээр Н.Удвалыг нэр дэвшүүлчихлээ” гэсэн утгатай зүйлийг яриад бай­сан. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Тухайн үед намын даргын биеийн байдал муу байсан болон орон нутгаас Бага чуулганы гишүүд маань ирж амжаагүй байсантай холбоотойгоор Бага чуулганыхаа хуралдааныг хойшлуулж, хам­гийн сүүлд бид нэр дэвшигчээ зар­ласан шүү дээ.

Бага чуулганы хуралдаанаас өмнө Гүйцэтгэх тов­чоо хуралдаж намын даргын саналыг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Шийдвэрээ Бага чуулганы хуралдаанаар оруулахад гишүүдийн олонхи нь хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ямар ч хууль, дүрэм зөрчсөн асуудал үүсээгүй.

Хэвлэлийн бага хурал хийлгэж, дээрх зүйлийг яриад байсан Г.Баярсайхан гэдэг хүн чинь манай намын Гүйцэтгэх товчооны гишүүн биш шүү дээ. Тиймээс Гүйцэтгэх товчоон дээр ямар асуудал ярьсныг тэр хүн мэдэхгүй. Тэгээд ч намын даргын нэрийг ашиглаж гүтгэлгийн шинж чанартай зүйл ярьж байгаа хүнийг бид намын эв нэгдлийг бусинуулах гэсэн этгээд гэж харж байгаа.

-Гүйцэтгэх товчооны хурал дээрээ юу ярьсан гэж?

-Намын даргын санал дээр үндэслэж, Ерөнхийлөгчид нэр дэв­шигчийг тодруулсан. Гэхдээ тэр бол баталгаажсан шийдвэр бай­гаагүй. Бага чуулган гишүүд Гүй­цэтгэх товчооны шийдвэрийг баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргасан. Бага чуулганы маань 260 орчим хүнтэй.

Үүний таван хувь нь л бидний шийдвэрийг эсэргүүцэж байсан. Гэхдээ энэ бол манай намд ардчилал байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Тиймээс манай хурал ардчилалтай болж чадсан.

-Тэгээд л УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэр Г.Баярсайхан гэгчтэй нударга зөрүүлсэн юм уу?

-Би Бага чуулганы хуралдааныг даргалж явуулсан. Тэнд ямар ч нударга зөрүүлсэн тохиолдол гар­гаагүй. Харин маргаан бол гарсан. Би дээр хэлсэн шүү дээ. Чуулган маань ардчилалтай болсон гэж.

Тэгээд ч намууд бидэнд хамтарч ажиллах санал тавиагүй байхад бид тэднийг дэмжиж ажиллах ёсгүй гэдэг зарчмыг бид баримталсан байгаа. Тэгээд ч МАХН-ынхан МАН-ын нэр дэвшигчийг биш, МАН-ынхан ч МАХН-ын нэр дэв­шигчийг дэмжиж оролцох боломж байсан гэдгийг хэлмээр байна.

-Н.Энхбаяр даргыг “эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй” гэсэн магадлагааг ШШГЕГ-аас гаргасан гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Н.Энхбаяр даргын биеийн байдал муу байгаа нь үнэн. Үүнийг нь ч эмч нэр баталж удаа дараа дүгнэлт гаргасан. Хамгийн сүүлд хорих ангийн эмч нар нарийвчилсан үзлэг хийгээд прокурорын байгууллагад дээрхтэй ижил дүгнэлтийг явуулсан.

Ха­рамсалтай нь өнөөдрийг хүртэл прокурорынхон энэ асуудалд ан-хаарал хандуулахгүйгээр цаг хугацаа алдаж байна. Хууль хянал­тын байгууллага асуудлыг бие бие рүүгээ “чулуудалцаж” байх хоо­ронд тэр хүний амь насанд эрсдэл учирвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Хэрэв жирийн иргэн байсан бол асуудлыг нь аль эрт шийдээд өгчих байсан. Харин Н.Энхбаяр даргыг болохоор цаг хугацаа алдуулж, соёлтойгоор тамлан зовоож байна шүү дээ.

Прокурорын байгууллага өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд иргэдийг ял­гаварлан гадуурхаж байгааг хүмүүс харж байгаа.

-Та бүхнийг ингээд яриад ирэхээр “Нэг хүний намын гишүүд” гэх зэргээр гоочилдог. Ингэхэд та Н.Энхбаяр даргатай хэзээ анх нүүр тулж уулзаж байсан юм бэ?

-Би 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Н.Энхбаяр дар­гатай хамтарч ажиллаж байгаа юм шүү дээ. Тэр хүнтэй би жирийн иргэн байхдаа уулзаж, хамтарч ажиллаж байсан юм. Би “Улааныг харж урвадаг, шарыг харж шар­вадаг”, өнгө, мөнгөтэй хүнд үйлчилдэг, ханилж яваа нөхрөө бус­дад худалддаг нэгэн биш.

Нөгөөтэйгүүр, Н.Энхбаяр гэдэг хүн бол МАХН-ын дарга. Тиймээс бид тэр хүний төлөө үгээ хэлэх эрхтэй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ардчилсан намын дарга байхдаа трактортой жагсаал зохион байгуулсан гэгдэж баригдах үед Ардчилсан намынхан саатуулах байрны хаалгыг хэмхэлчих шахаж байж даргыгаа гаргаж авч байсныг олон хүн мартаагүй байх.

Ямар ч намын гишүүд ижилхэн шүү дээ. Тиймээс биднийг янз бүрээр гоочлох нь өөрсдийгөө л муухай харагдуулна гэж хэлэх байна. Тэгж ярьж байгаа хүмүүсийг би хараад харамсдаг. Гадныхны захиалгаар төрийн өндөрлөгүүдийг хэлмэгдүүлдэг түүх өнөөдөр дав­тагдаж байгаа юм болов уу гэж бодож явдаг юм.

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр даргатай уулзсан гэсэн. Тэд юуны талаар ярилцсан талаар та сонирхож үзсэн үү?

-Тухайн үед би АОХН-ийн эмэгтэйчүүдийн уулзалтад орж бай­сан болохоор энэ талаар нэг их сонирхоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс л энэ талаарх мэдээллийг олж мэдсэн.

Уулзсан бол сайн л байна гэж хэлэх байна. Хамтарч ажиллаж байсан хүмүүс нь очоогүй байхад өөр намынх атлаа очиж уулзаж байна гэдэг чинь хүн чанартай гэдгээ харуулж байгаа нэг хэлбэр биш үү.

-УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын орон сууцны асууд­лыг шийдэх 250 сая төгрөгийн сангаас таныг 150 сая төгрөгөөр нь орон сууц авахуулсан гэсэн мэдээлэл гарсан байна билээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Би одоогоор орон сууцанд ороогүй байна. Тиймээс намайг хардаж сэрдэх шаардлага байхгүй. Тэгээд ч тэр 250 сая төгрөг бол зөвхөн УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын орон сууцны асууд­лыг шийдэхэд хэрэглэдэг мөнгө. УИХ-ын гишүүдэд ямар ч хамаагүй.

 Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүмүүсийг хараад би маш их өрөвддөг.

Энэ мөнгийг байнга надтай холбодог учрыг гэр хороололд амь­дардагтай минь холбоотой юм болов уу л гэж бодох юм байна шүү дээ. Харин намайг өрөвдсөндөө юу, басамжилсандаа тэр үү гэдгийг мэдэхгүй юм.

Уг нь  өмнө нь УИХ-ын гишүүдэд орон сууцны дэмжлэг гэж үзүүлдэг байгаад больчихсон гэсэн. Энэ нь УИХ-ын гишүүдийг ямар нэгэн лоббид автуулахгүй байх зорилгыг агуулж байсан юм билээ.

-УИХ-ын гишүүдийг ямар нэгэн лоббид автуулахгүйн тулд орон сууцны асуудлыг нь шийдэж өгдөг байсан гэлээ. Өнөөдөр тантай ийм асуудал тулгарч бай­на уу. Ямар нэгэн байдлаар орон сууц өгөх санал тавих ч юм уу?

-Тийм зүйл байхгүй. Байсан ч тиймэрхүү зүйлд автахгүй гэж боддог. “Хүний буяны сав дундуур байх хэрэгтэй” гэж ээж маань хэлдэг юм л даа. “Болох, болохгүй зүйлээр буяныхаа савыг дүүргэх нь тэр хүний насыг гүйцээчихдэг юм” гэнэ билээ.

Хөгшчүүл маань тэгж сургадаг учир би тэр сургаалийг нь дагаж явахыг л хичээдэг юм даа. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй хүмүүсийг хараад би маш их өрөвддөг.

Өнөөдөр хүн сэтгэл хангалуун байхын тулд тийм их мөнгө хэрэггүй шүү дээ. Хүн хэрэгцээгээ хангадаг байхад л бүх зүйл аяндаа сайхан болно гэж би боддог юм.