Хоёр том улстөрч нэгнийгээ гэмт хэрэгтэн гээд зарлачихлаа, хуулиараа бол аль нэг нь шоронд орно л доо
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Түүнээс хуульч хүний хувьд өдгөө хууль, хяналтын байгууллагад шалгагдан олны анхаарлыг татаад буй томоохон хэргүүдийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхсон юм.
-Сайхан шинэлэв үү. Төрийн түшээ болсноос тань хойш болж байгаа анхны цагаан сар гэдэг утгаараа онцлог болсон байх?
-Сайхан шинэллээ. Миний хувьд 2012 он чухал бас онцлог жил байлаа. Хамгийн сайхан, баярт мөч маань үр хүүхэдтэй болсон явдал. Ер нь бүх баярын дундаас гайхамшигтай мэдрэмж төрүүлдэг, агуу нь үрийн зулай үнэрлэх тэр үе юм болов уу. Монгол уламжлалынхаа дагуу сар шинээр эхлээд аав, ээждээ дараа нь төрийн гурван өндөрлөг болох ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргатай очиж золгосон. Тэгээд намынхантайгаа болон намынхаа даргад очиж золголоо. Сонирхуулахад ерөнхийлөгчийн гэрт очоод алтан аяганаас цай уулаа. Монгол хүн амны бэлгээрээ гэж ярьдаг. Би хувьдаа энэ үйл явдлыг их бэлгэшээж байгаа.
-Таныг хэд хоногийн дараа Москва дахь МУ-ын Элчин сайдын яамны барилгын асуудлыг шалгахаар явах гэж байна гэж дуулсан?
-Ямар барилга?
-Элчин сайдын яамны мэдэлд байдаг Худалдааны төлөөлөгчийн газар гэж хуучнаар нэрлэж байсан Москвагийн Спасопесковский переулок 7/1 гэсэн хаягтай барилгыг 2007-2008 онд ГХЯ болон ТӨХ-ны зөвшөөрлийн дагуу тухайн үед Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай “Центр регион Эстэйт” хэмээх ОХУ-ын хувийн аж ахуйн нэгжид 10 жилийн хугацаагаар түрээслүүлсэн, зарим нь зарсан гээд мэдээлэл гарсан. Энэ нь манай улсын эрх ашигт хэр нийцэж байгаа, эсвэл хувийн ашиг сонирхол давамгайлж байна уу гэдэг асуудал яригдаж байгаа шүү дээ?
-Үнэндээ барилга байшинтай холбогдуулаад явах гэж байгаа юм биш. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийг хянаж, шалгах ажлын хэсэг гарсан. Энэ бүрэлдэхүүнд миний бие орсон учраас байнгын хорооны гишүүнтэй хамт Герман, Москвад байгаа МУ-ын Элчин сайдын яамны санхүү, төсвийн гүйцэтгэлийг шалгахаар явж байгаа. 2012 онд энэ шийдвэр гарчихсан байсан ч чуулган завсарлатал түр хойшлуулсан юм. Нэгэнт төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шалгах учраас мэдээж яригдаад байгаа асуудлуудыг цогцоор нь авч судлах болно.
-Одоо яригдаад, бичигдээд байгаа гэмт хэргүүдтэй холбоотой асуудлаар уулзалт хийх давхар зорилготой явж байгаа юм биш үү?
-Хэрэг төвөг судлах эрх надад байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүнийхээ хуульд заасан эрхийн дагуу хууль тогтоомжийн биелэлтийг судлах л чиг үүрэг бий. Энэ хүрээнд явах гэж байгаа. Харин гэмт хэргийг цагдаа, хуулийн байгууллага шалгана. Хошигноход манай улс цагдаагийн дарга шиг Хуульзүйн сайдтай болчихсон юм шиг санагдаад байгаа юм. Хуульзүйн сайд маань байнга олны өмнө гарч ирээд ийм хэрэг илрүүллээ, тийм хэрэг шалгаж байна гээд зарлаад байгаа. Үүнтэй адилтгаад манай сэтгүүлчид бас УИХ-ын гишүүнийг хэрэг илрүүлдэг гэж ойлгож бичээд байх шиг байна. Хуульзүйн сайд, УИХ-ын гишүүн хэрэг илрүүлдэггүй.
-Баярын үеэр С.Зориг агсны хэрэгт холбогдуулан АНУ-д хоёр монгол иргэнийг баривчиллаа гэх мэдээлэл дуулиан тарилаа. Бичсэн сэтгүүлч нь АНУ-аас авсан мэдээлэл гэж байгаа ч хууль хяналтынхан ташаа мэдээлэл гэж мэдэгдсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Энэ хэрэг илрэх ёстой, хуулийнхан илрүүлэх үүрэгтэй. Хэрэг үнэхээр илэрвэл хэн ч баярлана шүү дээ. Миний хувьд хэрэг илэрлээ гэхээр сүүлийн үед айдаг болчихоод байна. Манайд хэрэг угаадаг хэрэг л илрээд байна. Хүн бүхэн мэдэж байгаа. “Долдугаар сарын 1”-ний хэрэг илэрлээ гэхэд бүгд талархаж байсан. Би бүр баярлаад тухайн үед өмгөөлөгчөөр нь ажиллаж байлаа. Гэвч жинхэнэ хэргийн эзэн илэрч, ард түмний хүсэн хүлээсэн үр дүн гараагүй, алуурчин нь ч олдоогүй. Харин тушаал өгсөн эсэх нь тодорхойгүй хэдэн хүнийг албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр ял өгөөд дууссан. Д.Батхуягийн хэрэг илэрлээ л гэсэн. Тэр энэ холбоотой гээд л баахан яригдаж, бичигдсэн. Гэтэл Д.Батхуяг ганцаараа ялаа үүрлээ. Одоо МИАТ-ийн хэрэг байна. Энэ хэргийн дуулианаар хоёр том улстөрч бие биенийгээ гэмт хэрэгтэн мэт зарлачихлаа. Ц.Нямдорж Х.Баттулгыг, эргүүлээд Х.Баттулга нь Ц.Нямдоржийгоо. Хуулиараа бол аль нэг нь шоронд орох болчихоод байна. Хэрвээ хэн нь ч шоронд суухгүй бол миний яриад байгаа хэрэг угаах хэрэг болоод дуусах юм л даа. Мэдээж С.Зоригийн хэрэг илэрвэл сайн. Гэхдээ хэвлэл мэдээлэлд гарснаар бус шүүх хуулийн байгууллагын эцсийн шийдвэрт л итгэмээр байгаа юм билээ.
-Ер нь С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтэн АНУ-д орогнож байсныг тус улсын хууль, хяналтын байгууллага илрүүлэх боломжтой юу?
-Мэдэхгүй дээ. Хуульч хүний байр сууринаас харахад болно, болохгүй гээд ярихад хэцүү. Энд чинь бүхэл бүтэн хоёр улсын асуудал. Монгол Улс АНУ-д захиалаад, тэд нь өөрийн орондоо баривчилгаа явуулаад л. Тийм юм байхгүй л дээ. Хууль, дүрэм гэж бий. Эсвэл Монгол тийм хамаагүй, “хөндлөн” улс болчихсон юм уу.
Саяхан Хонконгийн банкны данс илрэхээр гайхаж л байсан. Энэ улстай манайх эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй, Интерполоор ямар нэгэн хүсэлт тавьсан уу, тавиагүй. Тийм атал яаж яваад ч тэр данс банкин дээр нь оччихдог юм. Монгол улс Хятадын нэг муж юм уу хаашаа юм. Худалдаа хөгжил, Голомт ч юм уу Монголын банкны данс гарсан бол ойлгоно. Энэ юу болоод байна вэ. Эсвэл их гүрэн биднээр тоглоод байна уу. Бодох хэрэгтэй байгаа юм. Юу хэлэх гээд байна гэхээр олон улсын хууль эрхзүйг хүндэлдэг хүний хувьд боломжгүй юмнуудыг манайхан бололцоотой юм шиг хараад, яриад, бусдад итгүүлээд тэр бүү хэл зарим тохиолдолд үнэмшэл төрхүйц үйл ажиллагааг явуулдаг шүү дээ.
-Таны хэлээд байгаа хэрэг угаах хэрэг Д.Батхуягийн хэрэгт давтагдсан гэж үзэж байгаа юу?
-Хэвлэл мэдээллээр дандаа худлаа зүйл гардаг болчихоогүй бол Д.Батхуяг ба гээд баахан хүний нэр яваад байсан. Гэтэл Д.Батхуяг л ганцаараа ял авлаа. Ард нь хүмүүс нь үлдчихсэн юм биш байгаа даа гэж хардаад байгаа юм. Би хэрэг шалгадаг хүн биш жирийн иргэн учраас хардах эрхтэй. Бусдын адил энэ эрхээ эдэлж хардсан. Гэвч хардсан хүн маань цэвэрхэн үлдчихлээ.
-Тэр нь хэн юм?
-Гадаадад амьдарч байгаа нүдний шилтэй хүнээс эхлээд асар олон хүний булхай илрэх болов уу гэж харж байлаа.
-МИАТ-ийн хэрэг бас ийм байдлаар шийдэгдчих вий гэсэн хардлага байна уу?
-Энэ хэргийн тухайд үнэхээр хэлж мэдэхгүй байна. Ер нь энэ хэрэг аль эрт илрэх ёстой байсан нь үнэн. 10 орчим жилийн турш үргэлжилсэн хэрэг шүү дээ. Уг нь аливаа гэмт хэргийг гарсан даруйд нь зогсоох ёстой. Энэ хэргийн талаар өмнө нь хууль, хяналтын байгууллагад гомдол очсон юм билээ. Тухайн үед тэр гомдлыг хүлээж аваад нэн даруй шийдсэн бол өнөөдөр хэчнээн хэмжэээний мөнгийг хэмнэх байсан бэ. Тэр утгаараа тухайн үед УМБГ-ын дарга байсан хүнийг шалгах ёстой. Гэмт хэрэгтэй холбоотой гомдол, санал ирсээр байхад яагаад шалгалгүй дараад өнгөрсөн бэ. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан, хайнга хандсан үйлдэл шууд утгаараа мөн биз дээ. Украинд Тимошенког улсдаа алдаатай гэрээ хийсэн гээд ялласан. Түүн шиг гэмт хэргийг таслан зогсоох чиг үүрэг нь байсаар байхад зогсоогоогүй гэдгээр нь шалгаж, буруу зөвийг нь тогтоон улсыг хохиролгүй болгох ёстой.
Нуун дарагдуулсан нь илэрвэл зохих ял шийтгэлээ хүлээх ёстой, Мөрдөн байцаах албаны дарга гэдэг ажилдаа хайнга хандах эрх байхгүй. Хэрэв прокурор шууд хэрэгсэхгүй болгосон бол тэр нөхрийг ч гэсэн мөн шалгах хэрэгтэй. Бид Прокурорын дэргэдэх мөрдөх албыг ийм ажил хий гэж байгуулсан шүү дээ. Саяхан би А.Гансүхийн яриаг сонсоод инээд хүрсэн. Энэ хэрэг илрэх үү гэж сэтгүүлч асуухад “Аймаар зоригтой хууль зүйн сайд, зоригтой цагдаагийн даргатай байгаа учраас илэрнэ гэж байсан. Уг нь бол хуульч прокурортой байгаа тул шууд прокурор хяналтандаа авсан тиймээс илэрнэ гэж итгэлтэй хэлэх байсан болов уу.
-МИАТ-ийн хэргийг нуун дарагдуулсан нь нэг биш олон хүний хийсэн зүйл юм биш үү. Хууль бус санхүүгийн эх үүсвэрээ алдахгүй гэсэндээ хувьчлалгүй өдийг хүрсэн гэж ойлгоод байгаа?
-МИАТ-ын хэрэгт хэдэн хүн, хэн хэн оролцсон нь хууль хяналтын байгууллага тогтоох байх. Гол нь жинхэн эздийг нь гаргаж чадах уу гэдэгт би үнэхээр итгэхгүй байгаа шүү. Илрүүлбэл сайн л биз. Би МИАТ-ийг хувьчлахын эсрэг байр суурьтай байгаа. Үүнийгээ ч илэрхийлсэн. МИАТ-ийг яагаад хувьчилж авах гээд байна вэ. Ямар ч улс оронд өөрийн авиа компани байдаг. Үүгээр дамжаад төрийн нууц явж байгаа шүү дээ. Энэ утгаар нь бодохоор төрийн нууцаа алдъя л гэсэн үг биз дээ. Зүгээр бизнес бол бизнес. Дэлхийн хаана авиа компаниа бүрэн хувьчилчихсан орон байгаа юм.
Аливаа улс орон үндэсний аюулгүй байдлаа хадгалж үлдэхийн тулд хэд хэдэн обьектоо бодох хэрэгтэй байдаг. Тэр нь телевиз, авиа компани, төрийн ордон. Энэ гурав бусдын гарт орвол олон улсын хуулиараа тухайн орон бүрэн эзлэгдлээ гэж үздэг. Тэгэхээр авиа компанийн асуудал үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
-Нөгөө талаар МИАТ-ийг хувьчлахгүй л бол идэж, уудаг энэ асуудал зогсохгүй гэж харах хүмүүс байна л даа?
-Манайхан тэгж ярьж байгаад л хувьчлаад авдаг. Өмнөх өмч хувьчлалын олон жишээг дурдаж болно. Би тэдгээр өмч хувьчлалын асуудлыг сөхөн хуулийн дагуу явагдсан эсэхийг ч шалгах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа Улаанбаатар телевиз, Улаанбаатар зочид буудал, Баянгол зочид буудал гэх мэт ашигтай байснаа гэнэт ашиггүй болсон объектуудыг нэг шалгаад үзэх хэрэгтэй.
-МИАТ-аас гадна ИНЕГ-ын хуучин болон одоо ажиллаж буй удирдлагууд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, зувчуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа. Ер нь энэ салбарт хяналт гэж байна уу?
-Яагаад мөнгө завшаад байгаа шалтгааныг нь хууль, хяналтын байгууллага тогтоох хэрэгтэй болохоос биш асуудал компанидаа байгаа юм биш. Төр засгийн хувьд аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас салангид явах нь чухал. Гэхдээ төр ард түмний эрх ашиг хаана байгааг байнга бодож ажиллах хэрэгтэй л дээ. Тэгэхээр хувьчлах нь зөв, буруу гэхээсээ илүү ард түмний эрх ашигт нийцэж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Чононд хонио мануулав гэдэг шиг байгаад байж болохгүй.
-Одоо шалгагдаж байгаа хүмүүст хариуцлага тооцоод, албан тушаалаас нь чөлөөлсөн ч дараагийн хүмүүс нь ил далдаар идэж, уухгүй гэх баталгаа алга байгаа юм биш үү?
-Энэ нөхцөл байдлыг хэн бий болгов. Хэний эрх ашгийн төлөө энэ хүмүүс үйлчлээд байна вэ гэдгийг тогтоох ёстой. Хорт ургамлыг үндсээр нь устгах ёстой болохоос дээрээс нь тасдаад өнгөрч болохгүй л дээ. Тэгэхээр үндсийг нь олох хэрэгтэй. Улс төрчдийн гар хөл болсон бол тэд одоо л бүх үнэнийг хэлэх хэрэгтэй. Нөгөө барын амнаас гараад арслангын аманд оров гэдэг шиг, нэг хулгайчийн тухай мэдээлэлийг нөгөө хулгайчид хэлэхээс сэргийлэхийн тулд бодит үнэнг олон түмэнд нээлтэй байлгаж, бүх зүйлийг ил тод явуулах юм бол аливаа асуудлаас сэргийлж чадна.
-Татварын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд иргэдийн хөдөлмөрлөж олсон мөнгийг үр хүүхэд, амраг садныхаа данс руу саяар нь биш, хэдэн тэрбумаар нь шилжүүлж байсан хэрэг илэрлээ. Төрийн мэдлийн энэ байгууллагуудад хяналт гэж байна уу?
-Монголчууд цөөхүүлээ. Хэн нь хаана, юу хийгээд байгааг мэдэх тийм ч хэцүү биш. Хүсвэл ямар ч хэргийг илрүүлж болно. Гол нь хүсэх асуудал. Дээрээс нь манайхан гэмт хэргээр шоу хийгээд байгаа нь утгагүй юм. Ингээд хэрэг угаагаад байх юм бол хэрэг илрүүлэх ямар шаардлагатай юм. Энэ байдлыг таслан зогсоох цорын ганц арга нь гэмт хэргийн үндсийг олж тасдах. Цаад эздийг нь олохгүй бол ямар ч үр дүн гарахгүй.
-Гэмт хэргийг багасгах талаар төрийн түшээгийн хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Хууль ч хүний хувьд улс орныг мөхөөх хоёр төрлийн гэмт хэрэг байдаг гэж боддог. Бусад бүх хэргийг тэгж их сүр дуулиан болгох хэрэггүй юм л даа. Учир нь улс орон байгаа бол гэмт хэрэг байж л байна. Тиймээс кримналистикын шинжлэх ухааны хүрээнд төрийн бодлого явахад аяндаа тухайн хэргүүд багасна. Харин эх орноосоо урвах, эрх мэдэлтнүүд хэргээ угааж нэр цэвэр үлдэх гэсэн хоёр хэрэг л Монгол улсыг мөхөлд хүргэнэ шүү. Би хэвлэлийнхэн яагаад тэр Хан-Уул дүүргийн шүүхээс өчнөөн олон удаа буцаад сүүлдээ прокурор нь өөр тийшээ шилжсэн хэргийг сонирхохгүй байгааг ойлгодоггүй юм. Уг нь тэр хүнийг ингэж удаан зовоохоор цагаатгах хэрэгтэй. Үгүй бол бушуухан хэнтэй хамт зогсоод орилж байсныг нь тогтоох хэрэгтэй шүү дээ.