Чуулганы хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын намрын чуулганы хуралдаан
2013.02.08

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 84,3 хувийн саналаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 81,1 хувийн саналаар тус тус баталлаа. Харин Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт гишүүдийн олонхийн санал авч чадаагүй тул батлагдсангүй. Ингэснээр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав.

Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүдийн зүгээс асуух асуулт байсангүй. Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар гаргасан горимын санал 76,3 хувийн саналаар дэмжигдсэнээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

УИХ-ын 20 хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссон

Мөн хуралдааны явцад Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газар татаж авч байгааг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн юм.
Чуулганы хуралдаанд УИХ-ын 20 хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор 2012 оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлыг дуусгалаа.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдэж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулган төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэлээ. Намрын чуулган ажлын 93 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 34 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 131 удаа хийсэн байна.

Чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 68, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 16, Улсын Их Хурлын 59 тогтоолыг тус тус хэлэлцэн батлав.

Хуулийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн тухай хуулиуд, төрөөс 2013 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагуудыг хангасан төсвийг баталлаа.
Макро эдийн засгийг мөнгөний бодлогоор тогтворжуулж ирснийг өөрчилж, төсөв, мөнгөний харилцан уялдсан бодлогыг хэрэгжүүлэхээр болсон нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөг бууруулах эерэг үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлж байна.

Нэгдсэн төсвийн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөгт хүрлээ. Төвлөрлийг сааруулах чиглэлээр Төсвийн тухай хуульд хийсэн шинэчлэлт, өөрчлөлт хэрэгжиж, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн алхам болсон. “ гэлээ.