Гэр хорооллыг барилгажуулах хөрөнгө хаврын чуулганаар шийдэгдэнэ
УИХ-ын намрын чуулган ирэх сарын 8-ны өдөр завсарлана
2013.01.31

Гэр хорооллыг барилгажуулах хөрөнгө хаврын чуулганаар шийдэгдэнэ

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 8-ны өдөр завсарлана, Ирэх хаврын чуулганаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2015-2016 оны төсвийн төсөөлөл батлах хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон ирэх оны үндсэн чиглэлийг батлахаар төлөвлөжээ.

Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл хаврын чуулганыг хүлээж байна.

Үүнээс гадна "Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай", "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах юм байна. Газрын тухай багц хууль буюу Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай зэрэг хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр товложээ.

Үүнээс гадна Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай төслийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр товложээ.