Гэр хорооллыг барилгажуулах ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа.
-Зургаан хэсгийн гэр хорооллыг барилгажуулна гээд нийслэлээс зарлачихлаа. Энэ байршлуудыг ямар шалгуураар сонгосон бэ?
-Гэр хорооллыг барилгажуулахын тулд хамгийн түрүүнд анхаарах гол асуудал бол дэд бүтэц. Миний хувьд энэ асуудлыг нь хариуцаж байгаа. Дэд бүтэц талаас нь харж байгаад эхний ээлжинд зургаан газрыг сонгосон юм. Ханын материалын эцсийн буудал хавийн газар гэхэд л бохир, цэвэр ус, дулаан хангамж цахилгааны найдвартай эх үүсвэртэй. Дэд бүтцийг нь өргөтгөөд явахад барилга байшин барих бололцоо өндөр. Дараагийн байршил нь Гандан. Энд 61 айл бохирын шугамууд дээр байрласан байгаа. Тэр айлуудыг чөлөөлж чадвал бохир усны шугамыг нь үндсэн цэвэрлэх байгууламжтай холбочих юм. Ингэвэл дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. Амгалангийн хувьд Цэргийн их сургууль, УС-15 гээд тэр хавьдаа дулааны нөхцөл нэлээд сайтай. Цахилгааны эх үүсвэр нь ч боломжийн. Цэвэрлэх байгууламж, бохирын цэвэр усны эх үүсвэрүүдтэй. Дарь эхийн овоо, Дамбадаржаагийн тухайд Дэлхийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд бохирын шугам тавьчихсан. Одоо ашиглалтыг нь сайжруулах, цахилгааны дэд өртөөнүүдийг барих ажил бий. Өөр нэг онцлох зүйл гэвэл энэ хавьд цэвэр усны шугам оччихсон. Тэгэхээр дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэх боломж бүрэн бий гэж ойлгож болно.
-Азийн хөгжлийн банкнаас Баянхошуу, Долоон буудал хавийг орчин үеийн хороолол болгох ажил эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
-Бидний хийж байгаа ажлаас гадна онцолж хэлэхээр ажил гэвэл энэ л дээ. Азийн хөгжлийн банкны төслөөр эхний санамж бичигт гарын үсэг зурснаар Сэлбэ буюу Долоон буудал орчим газарт 250 орчим сая ам.долларын хөрөнгөөр анхны судалгааны ажлууд хийгдээд эхэлсэн. Баянхошууны шинэ эцэс орчмын газар ч тэдний төсөлд хамрагдана.
-Та түрүүн Гандангийн 61 айл бохирын шугам дээр байгаа гэж ярилаа. Тэр айлуудтай газар чөлөөлөх талаар яриа хөөрөө хийсэн үү?
-Өнгөрсөн намар Э.Бат-Үүл дарга бид хоёр тэр хорооны иргэдтэй уулзахдаа энэ талаар хөндсөн. Дахин төлөвлөлтөд оролцъё гэсэн иргэд байгаа. Түрүүний дурдсан 61 айлын газрыг чөлөөлөхөд хууль эрх зүйн хувьд нөхөн олговор олгох асуудал яригдана. Мөнгөний үнэ цэнээ зах зээлийнх нь хэмжээнд ойлголцох зэргээс эхлээд асуудал үүсэх байх. Ойлголцож чадвал орон сууцны асуудлыг нь шийдэх боломж бий. Өөр нэг асуудал гэвэл зарим нэг айл нь газрын зөвшөөрөлгүй байгаа. Үерийн ам буюу инженерийн байгууламжийн дээр буусан айлуудыг чөлөөлөх асуудал бий. Гэхдээ бид хүний суурьшсан газрыг хүчээр авахыг урьдал болгохгүй. Хууль дүрэм талаасаа ойлголцъё гэсэн бодол санаатай байгаа.
-Газар чөлөөлөлтөн дээр нэлээд асуудал гарах байх. Ер нь иргэд газраа чөлөөлөх тал дээр ямар бодолтой байгаа бол. Энэ чиглэлээр хийсэн судалгаа бий юу?
-Газар чөлөөлнө гэдэг ярвигтай, түвэгтэй асуудал л даа. Гэхдээ нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн дунд явуулсан судалгаагаар 50-иас илүү хувь нь газраа орон сууцаар солих сонирхолтой гэсэн хариу гарсан. Гэхдээ газар чөлөөлөх асуудал дээр нэг зүйл ажиглагдаж байна. Хүмүүсийн итгэл байхгүй болчихож. Эд нар ярьснаараа хийх болов уу, арай гэж олсон хөрөнгөө алдчихвал яах вэ гэсэн болгоомжлол их байна. Өмнө нь энэ чиглэлээр хийгдсэн ажлуудын зохион байгуулалтаас болоод итгэл нь алдарсан өрх олон байна. Бидний хувьд итгэл өгөхийн тулд хэд хэдэн ажил хийж эхэлсэн. Жишээ нь Зуун айл дээр 300 айлын орон сууц ашиглалтад оруулж байна. Газраа чөлөөлсөн айлуудыг тийш нь оруулах юм. 300 айлыг энэ байранд оруулахад овоо хэдэн га газар чөлөөлөгдөнө гэсэн үг.
-Тэгэхээр газраа чөлөөлсөн айлууд шууд орон сууцанд орчихож байна гэсэн үг үү?
-Орон сууцанд ортлоо байрлах байр. Дамжин өнгөрүүлэх байр гэж ойлгож болно. Одоогоор орсон айл алга байна. Хавраас оруулж эхлэх байх.
-Тэгвэл газраа чөлөөлж өгсөн иргэд орон сууцаа ашиглалтад ортол байраар хангагдах боломжтой байх нь ээ?
-Манай Гэр хорооллын хөгжлийн газрынхан энэ асуудал дээр анхаарч ажиллаж байгаа.
-Нэг хэсэг гэр хороолол руу дулааны шугам татаж дэд бүтцийг нь шийдээд өгчихье, тэгвэл айлууд тохилог хаустай болох боломжтой гэсэн яриа гарч байсан. Саяын зургаан байршлын алин дээр нь энэ санааг хэрэгжүүлэх гэж байна?
-Дэд бүтэц оруулаад орхих нь хамгийн зөв бөгөөд аль аль талдаа ойлгомжтой асуудал л даа. Хэрвээ тэгчихвэл айлууд гэр рүүгээ дулаан татаж асуудлаа шийдэх бололцоотой. Гэхдээ тэр болгоныг хийх хөрөнгө мөнгөний бололцоотой айл ховор байна. Ихэнх айл барилгажуулах саналыг дэмжиж байгаа. Тэгэхээр орон сууцжуулах нь илүү бодитой ажил гэж харж байна. Одоогоор онцолсон хэсгийн айлуудын саналыг авах судалгаа явагдаж байна. Ер нь бол энэ ажилд төр шууд оролцохгүй. Хувийн компани, иргэд хооронд яриа хэлцлүүд явагдана. Хотын захиргааны зүгээс зохицуулалтын ажил хийнэ. Залилан мэхлэлт, ярьсан гэрээнээсээ буцах зэрэг иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал дээр хяналт тавих маягаар ажиллана.
-Гэр хорооллыг барилгажуулахдаа дан орон сууц барих уу, эсвэл нийтийн хямд байрууд барих төлөвлөгөө байгаа юу?
-Тохилог орон сууцаар хангах нь л бидний гол зорилго. Нийтийн хямд байр барьсан газрууд цөөнгүй байдаг юм билээ. Хотын өнгө үзэмж, бидний бодож байгаа бодлогод таарахгүй л дээ.
-Хувийн компаниуд гэр хорооллыг барилгажуулах ажлыг хэр сонирхож байна?
-Саяхан манай барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрынхан уулзалт зөвлөгөөн хийхэд олон компанийн төлөөлөл ирсэн. Оролцох сонирхол өндөр байна лээ. Нөхцөл боломжоо харах, гэрээгээ яаж хийх, хүмүүстэйгээ хэрхэн ойлголцох зэрэг олон асуудал цаана нь байгаа учраас шийдвэрээ шууд гаргахгүй л дээ. Бидний хувьд иргэд болон компаниудын хариуцлагатай ажиллах бололцоог бүрдүүлэх талд ажиллана гэж бодож байна.
-Гэр хорооллыг барилгажуулахад хөрөнгө оруулах бодитой санал тавьсан компани бий юу?
-Яг одоохондоо ийм мөнгө ингэж оруулъя гэсэн компани алга. Хүсэлтээ гаргах боломж бололцоо нь энэ хавар эхлэх байх. Зурагт буюу Чингэлтэй дүүргийн ес, аравдугаар хороо руу барилгын нэг компани санал оруулчихсан явж байгаа.
-Аль хэдэн жилийн өмнө л зурагт орчмын гэр хорооллыг барилгажуулна гэж ярьж байсан байх аа?
-Яригдаж байгаад одоо л ажил нь эхлэх гэж байна. Зурагт хавийн байрлал илүү боломжтой.
Одоогийн байдлаар тэр хавьд 650 айлын орон сууц барьчихсан байгаа юм билээ.
Тэгэхээр энэ ажил цааш явах магадлал өндөр гэсэн үг. Хэлцлээ яаж хийхээс шалтгаалах байх. Хэлцэл боломжийн хийгдчихвэл 650 айлын орон сууц бэлэн байгаа гэж ойлгож болно. Тухайн компанийн зүгээс асуудлаа нийслэлийнхэнд тавьсан байгаа. Бид эцсийн байдлаар шийдээгүй байна. Ер нь бол шийдэгдчих байх.
-Компаниудын хөрөнгө оруулахаар сонирхож байгаа байршлуудаас онцолж хэлэхээр өөр газар байна уу?
-Хамгийн их сонирхож байгаа газар гэвэл Зуун айлын Ногоон нуур орчим, Наран туулын хавьцаах айлууд. Айлууд газраа шууд барилгажуулаад солиход үнэ цэнэтэй газар гэсэн үг.
-Газраа орон сууц болгох хүсэлтэй айлуудын хувьд барилгажуулах ажил хэзээ эхлэх бол гэсэн хүлээлт байгаа байх. Жишээ нь нийслэлээс зарласан зургаан байршлын хувьд барилгажуулах ажлын цаад хугацааг тогтсон уу?
-Бид аль болох хурдан зохион байгуулахын төлөө байна. Хамгийн гол нөлөөлөх зүйл бол иргэд өөрсдөө. Газар чөлөөлөх асуудал удааширч, иргэд энэ янзаараа эргэлзэнгүй суугаад байвал хугацаа тэр хэрээр хойшилно. Газар чөлөөлөх ажлыг хүчээр хийж болохгүй шүү дээ. Тохиролцоод явж таарна. Өгөхгүй гэвэл хүчээр авахгүй. Бид тухай бүрд нь ийм нөхцөл байдал үүслээ гэсэн мэдээллийг олон нийтэд байнга хүргэх болно. Ганц Монгол ч биш Солонгос, Японоос эхлээд маш олон улс дахин төлөвлөлтийн ажлуудыг эхлүүлж, хуучнаа нурааж шинийг барих ажил хийсэн. Энэ дээр нэлээд туршлагажсан газрууд бий. Бид тэдний туршлагыг судалж байна. Гэр хорооллыг барилгажуулах ажил манайд хийгдэж эхлэхдээ олон хүний итгэлийг алдсан ажлууд хийжээ гэсэн зүйл ажиглагдаж байна. Дундуур нь хувийн компаниудын эрх ашиг орсон юм уу гэж харагдахаар байдалтай байна. Бидний хувьд ийм байдал гаргуулахгүй. Иргэн компани хоёр шууд харилцаанд орно. Төрийн хувьд дээр хэлсэнчлэн зохицуулах үүрэгтэй ажиллана. Газраа байраар солино, эсвэл байшингаа тохилог болгоно. Ийм л хоёр загвар явж байгаа.
-Гэр хорооллыг барилгажуулах ерөнхий зураг гарсан уу?
-Ажлын зураг хийгдэж байна. Энэ бол ажил эхэлсэн гэсэн үг. Дэд бүтцийн зургуудыг хийх мөнгийг төсөвт тусгачихсан. Ажлын зургийн хувьд наад зах нь ирэх сарын нэгэнд, хойшиллоо гэхэд гуравдугаар сарын нэгэнд бэлэн болно. Ажлаа дөрөвдүгээр сарын 15-наас эхэлье гэсэн бодолтой байна.