УИХ-ын  хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан
2013.02.13

УИХ-ын хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын гишүүдээс санал болгосон 5 төсөл, Засгийн газраас санал болгосон 10 төсөл, нийт 15 төсөл багтсан гэдгийг хуралдааны үеэр Байнгын хорооны дарга хэлсэн.    

2013 оны  нэгдүгээр сарын 25-ны байдлаар  УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 65 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 21 төсөл, хэлэлцэгдэж эхлээгүй 44 төсөл байгаа ажээ. Харин одоогоор боловсруулах шатандаа байгаа, УИХ-д өргөн мэдүүлээгүй буй төслүүдийг 2013 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй үлдээсэн гэж А.Бакей дарга хэллээ.

Хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл батлах хуулийн төсөл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Газрын тухай багц хуулиудын төсөл, /эндээс Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг хасахаар болсон/ нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл зэрэг 15 шахам хуулийн төслүүд багтаж байгааг Байнгын хорооны дарга танилцуулж, гишүүд дэмжлээ.