УИХ-ын гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгана
УИХ-ын төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны өчигдрийн хурал­дааны эхэнд Олон ний­тийн радио телевизийн үндэсний зөвлөлийн ги­шүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
2013.02.07

УИХ-ын гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгана

Гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх энэхүү орон тоонд Ш.Батцэцэг, Д.Бямбаа, Р.Самдандовж нарын нэ­рийг Төрийн бус байгуул­лагуудаас санал болгоод байсан юм. Харин өчигд­рийн хуралдаанаас "ЭБИ" хүрээлэнгээс нэр дэв­шүүлсэн Ш.Батцэцэг олон­хийн санал авч, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Үүний дараа хаврын чуулганаар хэлэлцэх асуу­дал болон чуулганы зав­сарлагааны үеэр тус байн­гын хорооноос явуулах үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын ги­шүүн Ж.Батзандан хав­рын чуулган эхлэхэд пар­ламентыг төрийн эрх ба­рих дээд байгууллага гэдэг утгаар нь илүү авч үзэхийг хэлж байлаа. Үүнийгээ тэрээр өнөөгийн пар­ла­мент гүйцэтгэх засаг­ла­лын­хаа үгээр ажилладаг, шахааны албан тушаалт­ныг нь баталж өгч байдаг газар болсон гэдгээр тайл­барлав. Түүнчлэн орон нутгийн ИТХ Засаг даргын­хаа үгээр шийдвэр гарга­даг гэдгийг ч хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Г.Батхүү намрын чуулганы хугацаанд гишүүдийн хийх ажилд анхаарлаа хан­дуул­сан юм.

Тэрээр ги­шүүд орон нутагт томилол­тоор ажиллах үедээ хууль сурталчлах ажилд анхаарлаа хандуулах шаардлагатайг хэлэв. Үүнийг удирдамжид нь тусгайлан зааж өгөх нь зүйтэй гэлээ.

Түүнчлэн гишүүдийн өргөн барьсан хуулийг Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг шалгадаг тусгай үүрэг бүхий бүтцийг УИХ-ын Тамгын газарт бий болгохыг санал бол­гов. Өмнө нь ийм агуулга бүхий хуулийн төсөл өргөн барьсан ч гишүүний бүрэн эрхэд халдаж байна хэ­мээн үзэж, төслийг хэлэл­цэх боломжгүй хэмээн бу­цааж байсан юм. Г.Батхүү гишүүний хэлж буйгаар энэ нь гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа зүйл биш бөгөөд хэлэлцэгдэх хуулийн төслүүдийг илүү чамбай нарийн болгож байгаа хэмээн тайлбар­лалаа.

Ийнхүү гишүүд өөрс­дийн санал бодлоо илэр­хийлснээр хаврын чуул­ганаар хэлэлцэх асуудлын дараалал бүхий УИХ-ын тогтоолын төслийг өнөө­дөр хуралдах УИХ-ын нэгд­сэн чуулганд хүргүү­лэхээр боллоо.

Энэ өдрийн хурал­даа­наар хэлэлцэж, улмаар тогтоолыг баталсан өөр нэг асуудал бол УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дү­рэм байв. Төрийн байгуу­лалтын байнгын хороонд дөрвөн дэд хороо ха­маар­д­­гийн нэг нь энэхүү Ёс зүйн дэд хороо бөгөөд УИХ-ын гишүүн М.Бат­чи­мэг даргаар нь ажилладаг юм. Тэрээр энэхүү дүрмийн төслийг оруулж ирэхдээ гишүүдэд тавих ёс зүйн хяналтыг илүү нарийн болгох, хариуцлагыг ил тод, нээлттэй болгох зэрэг асуудлыг шинээр оруулж байгаа юм. Тодруулбал, тус дэд хороо нь УИХ өөрөө өөрийгөө хянах, парламент тунгалаг бай­гааг харуулах гол байгуул­лага болж байгаа юм. Тий­мээс аливаа ёс зүйн зөр­чил гаргасан гишүүнд хү­лээлгэх хариуцлагыг хэ­лэлцсэн хуралдаан нь хэ­рэв хаалттай болбол гар­гасан шийдвэр нь олон нийтэд нээлттэй байх, ингэхдээ сануулга өгөх, улмаар бүрэн эрхийг нь ярих гэх мэт асуудлыг дүрмийн төсөлд тусгасан байгаа аж. 

Гишүүд дүрмийн тө­сөл­тэй холбоотойгоор са­нал бодлоо ийн илэр­хийл­сэн. Тухайлбал, Р.Бурмаа гишүүн "Хэрэв УИХ-аар хэлэлцэж буй асуудалд тухайн гишүүн ашиг со­нирх­лын зөрчилтэй бай­вал түүнийг нь урьдчилан сануулах, зөвлөх үүрэг бүхий ажилтан Ёс зүйн дэд хороонд байх боломж бий эсэх"-ийг лавласан. Үүнд УИХ-ын гишүүн Г.Бат­­чи­мэг хариулахдаа хэдийгээр дүрэмд энэ та­лаар тус­гаа­гүй байгаа бо­ловч УИХ-ын Тамгын газ­рын бүтэц бү­рэлдэхүүнийг өөрчлөх асуу­дал яригдаж байгаа өнөө үед энэ нь боломж­той гэдгийг хэллээ. 

Ийнхүү дүрмийн төс­лөөр санал хураалт явуулж, олонхи дэмж­сэ­нээр Ёс зүйн дэд хорооны шинэчилсэн дүрэм бат­лагдсан юм.