“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар яам, агентлагийн удирдлагуудад анхааруулга өгөв
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг яам, агентлагуудын ажилд дүн тавьж, анхаарах шаардлагатай асуудлаар чиглэл өгдөг “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурал боллоо.
2013.01.28

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар яам, агентлагийн удирдлагуудад анхааруулга өгөв

Хурлын эхэнд өнгөрсөн сарын хугацаанд яам, агентлагуудын хийсэн сайн ажлаас хэд хэдийг дурьдлаа.

Харин сайны хажуугаар саар асуудлуудаар тодорхой мэдээлэл өгөхөөс аргагүй байгааг Ерөнхий сайд тодотгосон юм. Төрийн албан хаагчдыг олноор халж байна, бондын хүүгийн өрөнд улс унаж байна гэх зэрэг мэдээлэл сүүлийн үед олон нийтийн дунд түгж, улс төрийн зарим хүчнээс элдэв мэдэгдэл хүртэл хийж байгаа учир Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх асуудлуудаар тодорхой мэдээлэл өглөө. Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн таван сарын хугацаанд олон салбарт бугшсан бусармаг байдлыг халахаар ажиллаж байгаа ч энэ талаараа төдийлөн гаргаж ярьж тайлбарлахгүй байгаа нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэх, ташаа мэдээлэл түгэх үндэс болж байгааг Засгийн газрын тэргүүн дурьдаад, цаашид яам, агентлагийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан ажлаа нээлттэй мэдээлж тайлбарлахыг захилаа.

Төрийн албаны нэрээр улс төр хийдэг бүлэглэлүүдтэй тэмцэхээс гадна төсвийн хөрөнгө зувчуулан баяждаг, элдэв төрлийн тэтгэмж дэмжлэг нэрээр хувааж иддэг, төрийн мөнгөөр гадаадад аялж зугаалдаг зэрэг бусармаг байдлыг таслан зогсоож, ялзарсан энэ тогтолцоонд салхи оруулахаар Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр мөн “Төрийн өмчит хэд хэдэн байгууллагын удирдлагыг өөрчилсөн, гэхдээ тэд хариуцлага хүлээх хангалттай шалтгаан гаргасан. Бид тэр шалтгаануудыг нь нээлттэй зарлаагүйгээс чухам аль нь буруу ташаа мэдээлэл болохыг олон нийт ялгахад төвөгтэй байдал үүсчээ. Иймд цаашид энэ талаарх мэдээллүүдийг нээлттэй өгнө” гээд зарим удирдлагуудын хариуцлагагүй үйл ажиллагааг жишээ татан хэлсэн юм.

“Ашигтай ажилласан” гэсэн шалтгаанаар Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн зургаан гишүүн тус бүр хувьдаа 90 сая төгрөг авчээ.

Жирийн иргэд есөн сая төгрөгийн урт хугацаатай зээл авах гэж банкин дээр нь оочерлож байхад удирдлагууд нь төрийн мөнгийг хувьдаа хувааж авч байгаа шударга бус явдлыг таслан зогсоож тус банкны удирдлагыг ажлаас нь чөлөөлсөн.

Монгол Улсад ашиггүй нөхцөлөөр гадаадын компанитай гэрээ хийсэн, саалийн үнээ болно гэж харж байсан том ордыг өр зээлэнд унагаж дампуурах хэмжээнд хүргэсэн, түүгээр ч зогсохгүй хэдэн тэрбум төгрөгөөр шахааны бизнес хийж төрийн хөрөнгө үрсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг өөрчилсөн.  

Эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгө завшсан Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагыг чөлөөлсөн. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 3,8 тэрбум, өнгөрсөн таван жилд нийт 14 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг гэх нэрээр хувааж авсан, гадаад томилолтод жилд 1,2 тэрбум төгрөг зарцуулжээ. ИНЕГ-ын хөрөнгө мөнгө шамшигдуулсан асуудал Засгийн газар дээр яригдаж байгааг дарга нь мэдмэгцээ орлогчоороо тушаал гаргуулан өөрийгөө өөр албанд томилуулж байсныг юу гэж үзэх вэ?

Нэг аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын тоног төхөөрөмж авч өгөхөд 900 сая төгрөг хэрэгтэй. Аймгийн эмнэлэгт нь ийм техник хэрэгсэл байхгүйгээс орон нутгийнхан нийслэл рүү цувж байхад манай ганцхан агентлаг 80 мянган хүний эрүүл мэндийг хамгаалахаас давсан хөрөнгөөр гадаадад зугаалж байна.

Огт байхгүй даатгал бий болгон өчнөөн төгрөг зувчуулсан МИАТ ХК-ийн удирдлагуудыг халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлсэн. Гаалийн ерөнхий газар байрны дэмжлэгт 3,6 тэрбум төгрөг, Татварын ерөнхий газар гадаад дотоодын амралт сувилал, аялал зугаалгад 630 сая төгрөг, орон сууцны дэмжлэгт 860 сая төгрөг тус тус зарцуулжээ.

Ерөнхий сайд төрийн албаны нэрээр төсвийн хөрөнгө үрсэн энэ мэт баримтыг иш татан хэлээд “Бид өчигдрийг биш маргааш, нөгөөдрөө харж ажиллахыг хичээж, булхай луйвруудыг таслан зогсоож байгаагаа тайлбарлаж ярихгүй явсныг эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс элдвээр тайлбарлаж байна. Тэдний тайлбарлаад байгаа шиг намын халаа сэлгээ огт биш. Намын гишүүн хүн төрийн албан хаадаггүй болсон гэдгийг онцлон хэлье. Төрийн алба бол улс төрийн бусармаг үйлдлийн халхавч биш” гэлээ.

Шинэчлэлийн Засгийн газар дээрх мэт үйлдлүүдтэй эвлэрч ажиллахгүй, ялзарсан тогтолцоог хамгаалахгүй болохыг сануулж, ийм алдаа гаргахгүй ажиллахыг төрийн их хэмжээний хөрөнгө мөнгөтэй ажилладаг яам, агентлагийн удирдлагуудад хатуу анхаарууллаа. Түүнчлэн, гаргасан тушаал шийдвэрээ төрийн бүх байгууллагын мэдээллийг нэгтгэсэн www.zasag.mn вэб сайтад тавьж, иргэдэд нээлттэй хүргэж байхыг сайд, дарга нарт даалгалаа