2012.08.24
Британчууд бэлэгдэл төдий хаант засаглалаас салахыг хүсдэггүй
Их Британи улсыг хүчирхэг, тогтвортой хаант засагтай орон гэж ихэнх хүн боддог. Тийм ч учраас 60 гаруй жил хаан ширээнд заларсан II Елизаветад аль хэдийнэ дасчээ. Нэг талаас харахад Британид бүх асуудал цэгцэрчихсэн, санаа зовох зүйлгүй, хэн ч аливааг өөрчлөхийг хүсдэггүй мэт. Гэхдээ үнэхээр тийм гэж үү. Британийн энгийн иргэд хаант засаглалдаа хэрхэн ханддаг бол.
Британийн хатан хаан жолоочгүй болжээ. Удаан хугацааны турш хайгаад үр дүнгээ өгсөнгүй. Тиймээс Букингемийн ордон орчин үеийн технологийг ашиглаж, интернэтэд ажлын зараа тавихаар шийджээ. Уг зард зааснаар хатан хааны жолооч жолооны бүх ангиллыг эзэмшсэн, ажлын өндөр дадлага туршлагатай байх ёстой гэнэ. Түүнчлэн эвтэй, бусадтай зөв харьцдаг, цахим шуудан ашиглах чадвартай байна. Мөн багаар ажиллах чадвартай, учир шалтгааныг олж чаддаг, ажилдаа хариуцлагатай байх ёстой. Хатан хааны жолоочийн жилийн цалин нь 23 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 36 мянган доллар. Энэ нь Их Британийн иргэдийн дундаж цалингаас арай бага юм, Жолооч долоо хоногт 48 цаг ажиллана.
Холын аянд гарах үед жолоочийн хоол, байрыг хангах юм байна. Үүний зэрэгцээ II Елизавета хатан хаан өөрөө машин барих дуртайг бүгд мэднэ. Тэрбээр саяхан Шотландын Балморал эллэндээ машин унаад давхиж буй нь үндэсний телевизээр гарчээ. Гэхдээ албан ёсны айлчлал бүрт түүнийг жолооч нь дагалдаж явах ёстой.
Үүнээс өмнөхөн тэрбээр интернэтээр дамжуулан Шотландын шилтгээндээ ажиллах настай цэцэрлэгжүүлэгч хайж байсан юм. Хатан хааны гэр бүл шилтгээнд ажиллах хүмүүсээ нарийн сонгох шаардлагатай байдаг. Яагаад гэвэл сэтгүүлчид хаалгач, жолооч, цэцэрлэгжүүлэгчээр ажилд орж, тэдний гэр бүлийн өдөр тутмын амьдралыг сонин хэвлэлээр цацах аюултай.
Британийн хатан хааны гэр бүлийн татвар төлөгчдөөс авдаг тэтгэмж сүүлийн санхүүгийн жилд 32 сая фунт стерлинг (ойролцоогоор 50.6 сая доллар) болсон нь өмнөх жилтэй харьцуулбал 200 мянгаар илүү юм. Мөн гэр бүлийнхний хөрөнгө 300 мянгая фунт стерлингээр нэмэгджээ. Аялал 100 мянган фунтээр Хатан хааны Лондон дах албан ёсны өргөө болох Букингем орднын хөрөнгө 100 фунтээр өсчээ.
Эндээс үзэхэд Британийн энгийн иргэд яагаад хааны гэр бүлд ийм их мөнгө өгөх ёстой гэж. Хатан хаан чухам ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ. Английн хатан хаан бол төрийн тэргүүн юм. Тэр янз бүрийн арга хэмжээнд Англи улсаа төлөөлөн оролцож, хуулийн дагуу улс орныхоо нийгэм, улстөрийн амьдралд хувь нэмрээ оруулдаг. Тэр Монголын эртний хаад шиг улс орноо захирдаггүй. Мөн хууль тогтоох, улс орноо удирдах үйл ажиллагаанд оролцдоггүй. Ер нь II Елизавета хатан хаан Их Британийн эв нэгдэл, тогтвортой байдлын бэлгэдэл. Түүнчлэн Британийн үндэстний хамтын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг юм байна. Шинэ хууль батлах, хуучныг нь өөрчлөхөд хатан хаан ёс төдий үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ парламентын чуулган нээгдэх үед хоёр танхимынханд хандан өөрийн үзэл, бодол, саналыг илэрхийлэх эрхтэй.
Хатан хаан бас нэг давуу эрхтэй. Энэ нь Ерөнхий сайдыг томилох, парламентыг тараах юм. Ерөнхий сайдаар мэдээж сонгуульд ялсан намын тэргүүн томилогдох нь ойлгомжтой. Гэхдээ хатан хаан зарим тохиолдолд өөр хүнийг сонгож болно. Өнөө үед хатан хаан төрийн ажилд ёс төдийхөн оролцдог болжээ. Тэрбээр долоо хоног бүрийн бараалхлаар Засгийн газрын хийж буй ажлын талаар Ерөнхий сайдтай санал бодлоо солилцож болно.
Өнгөрсөн хавар «ICM» компани Британийн 1003 иргэнээс хатан хааны талаар судалгаа авчээ. Судалгаагаар ихэнх иргэн хаант засаглалаа дэмждэг болж таарсан байна. Британичууд хувьсгал хийхийг хүсдэггүй бөгөөд хаант засаглал нь үндэсний эв нэгдэлд гол нөлөөтэй гэж үздэг аж. Тэднийхээр ер нь Британийн хаант засаглал үндэстнээ нэгтгэсэн байгууллага болж хувирчээ. Харин Лейборист намыг дэмжигчид л хаант засаглал нийгмийг хуваагдуулж байна гэсэн эсрэг үзэлтэй байжээ. Тэгвэл хаант засаглал нь Их Британийн нэр хүндийг гадны орнуудад өргөдөг гэсэн саналтай хүмүүс 60 хувийг эзэлсэн бол хаант засаглалгүйгээр энэ орон улам дордоно гэж 69 хувь нь үзжээ.
Мөн шотландуудын 36 хувь нь хаант засаглалгүй байвал илүү дээр хэмээн саналаа илэрхийлсэн байна.Түүнчлэн II Елизаветагийн дараа хэн хаан ширээг залгамжлах вэ гэсэн асуултад санал хуваагджээ. Санал асуулгад оролцогсдын 39 хувь нь Уэльсийн ханхүү хаан болох ёстой гэсэн бол 48 хувь нь түүний хүү, Кембрижийн гүн V Уильям залгамжлах ёстой гэв. Өнөөдөр британичууд хаант засаглалыг дэмжиж байгаа ч дэлхий ертөнц түргэн хувьсаж буйг мартаж болохгүй. Тиймээс цаашид цаашдаа юу болохыг харах л үлдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.