2012.06.04

Экс Ерөнхийлөгчөө цаазлахгүй, бүх насаар нь хорино

Египетийн экс Ерөн­хийлөгч Хосни Мубарак, Дотоод хэргийн сайд асан Хабиб аль-Адли нарыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, хороосон хэрэгт буруутай хэмээн үзэж, Каирын эрүүгийн шүүх бүх насаар нь хорих ял оноолоо.


Тэднээс гадна дөрвөн өндөр албан тушаалтныг, мөн Мубаракийн хоёр хүүг шүүжээ. Түүний хөвгүүдийг жагсагчдыг хороосон хэрэгт буруугүй гэж үзсэн ч удахгүй авлигын хэргээр дахин шүүхээр болжээ.

84 настай Мубарак шүүхийн тогтоол сонссоны дараа зүрхний шигдээс туссан байна. Тэрбээр ялаа Тора шоронгийн эмнэлэгт эдэлж эхлэх аж. Мубарак сүүлийн саруудад нийслэл дэх Олон улсын төв эмнэлэгт тав тухтай байсан юм.

Шүүх хурлын дараа зарим иргэн Мубаракийг цаазлахыг шаардан, үймээн самуун дэгдээжээ. Улмаар Каир хотын Тахрир талбайд хүмүүс цугларсаар байна. Мөн Египетийн Александр, Суэц зэрэг томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал болжээ. Гараа цусанд дүрсэн Аюулгүйн албаны олон хүнийг цагаатгасан нь иргэдийн уур хилэнг бадраасан аж. Иймээс Египетэд үймээн самуун дэгдэх магадлалтай талаар шинжээчид ярьж байна.

Нэмж өгүүлэхэд Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд “Ах дүү мусульманчууд” намын Мухаммед Мурси /5,7 сая санал/, Ерөнхий сайд асан Ахмед Шафик /5,5 сая санал/ нар өрсөлдөхөөр болжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.