Гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, албадан эмчилгээ хийх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг боллоо
2025.06.10

Гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, албадан эмчилгээ хийх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг боллоо

“Гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, албадан эмчилгээ хийх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран /2025.06.09/-ний өдөр зохион байгууллаа.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний сэтгэцийн байдлыг (педофили) тодорхойлж, хорих ял оногдуулахын зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, суллагдсаны дараа хяналт тавих эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой уг хэлэлцүүлэгт ХЭҮК, УИХ-ын гишүүд, ХЗДХЯ, УДШ, УЕП, ЦЕГ, ШШГЕГ, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байна. Ялангуяа бага насны хүүхэд хохирогч болох явдал өндөр байгаа нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэсэн. Мөн бага насны хүүхэд хохирогч болж байгаа нь бэлгийн гаж зан үйлтэй холбоотой байж болзошгүй тул энэ төрлийн шинжилгээг хийдэг, оношилдог, бэлгийн гаж зан үйл тогтоогдсон тохиолдолд хяналт тавих зохицуулалт, эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ байгааг онцоллоо.

Харин ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, олон улсын жишгээр хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахын зэрэгцээ сэтгэцийн эмгэгтэй байх юм бол албадан эмчилгээнд хамруулж, зан үйлийг нь засдаг. Цаашлаад хорихоос суллагдсаны дараа мэргэжлийн байгууллагын хяналт дор байлгах замаар гэмт хэрэг давтан үйлдэхээс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.

Монгол Улсын хувьд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж, ял шийтгэл оноож чадаж байгаа ч сэтгэцийн байдалд нь шинжилгээ хийж, эмчилгээ хийх эрх зүйн зохицуулалт байхгүй.

Тиймээс олон талт төлөөллийн санал хүсэлт, байр суурийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт тусгах боломжтой эсэхийг судлах зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан гэв. Хэлэлцүүлэгт:

• Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан: “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүний сэтгэцийн байдлыг тодорхойлох шаардлага, тулгамдаж буй асуудал”
• Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа, хууль зүйн доктор П.Очбадрах: “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт тавих бодлого, тулгамдсан асуудал”
• Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Б.Энхболд: “Сэтгэцийн эмгэгтэй боловч хэрэг хариуцах чадвартай хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж”
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа, хууль зүйн доктор Б.Нямгомбо: “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хоригдлын онцлог, зан байдлыг засах нийгэм, сэтгэл зүйн ажил, өнөөгийн байдал”
• Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Анхболд: “Насанд хүрэгчдийн зан үйлийн эмгэг шинжийг (педофили) тодорхойлох боломж, эмчилгээний арга” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан