МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн нөхөн томилгоог хойшлуулав
2012.02.07

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн нөхөн томилгоог хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурадааны эхэнд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын төслийг хэлэлцлээ. Тэнд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй бол хаврын чуулганд оруулна гэжээ. Эндээс харвал УИХ дахь МАН-ын бүлгийнхэн УИХ, орон нутгийн сонгуулийг салгаж явуулна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. 


Гэхдээ гишүүн Э.Мөнх-Очир уг хуулийг намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Тэрбээр мөн Галт зэвсгийн турхай хууль байнгын хороон дээр гацаж байгааг сануулж, малчдад хэрэгцээтэй ангийн бууны сумны худалдаа хэт төвлөрсөн, үнэтэй байгааг анхаарах хэрэгтэйг хэлж байлаа.

Мөн 1990 оны үед иргэдэд худалдаалагдсан байлдааны буунууд бүртгэлгүй байна хэмээж байсан юм.УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох асуудлыг хаврын чуулганы эхэнд, дөрөвдүгээр сарын эхээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Үүн дээр АН, МАН-ын бүлгүүд санал нэгджээ. Нөхөн томилуулахаар оруулж ирж буй хүмүүс дотор улс төрд хэтэрхий хамаатай хүмүүс байгаа нь олон нийтийн радио, телевизийн зарчимд нийцэхгүй гэж гишүүд үзжээ.

Ч.Сайханбилэг гишүүн мөн АН, МАН-ын бүлгүүдээс санаачилсан Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Энэ үеэр гишүүн Д.Очирбат “Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг АН хэлэлцэж өгөх үү” гэсэн асуулт тавьж, гишүүн Ч.Сайханбилэгээс “Та аль байнгын хорооны хуралдаан дээр байна” гэсэн хариу асуулт сонсов. “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал ярьж байгаа болохоор” гэж Д.Очирбат гишүүн хэлж Ч.Сайханбилэг гишүүн ч “Юуг ч хэлэлцэж болно” гэсэн хариу барив.

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай, Газрын тухай багц хуулийн төсөл зэргийг хаврын чуулганаар хэлэлцэхийг гишүүд дэмжив.Үүний дараа Хэнтийн Дархан сумын Бор-Өндөр багийг сум болгох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд эцсийн хэлэлцүүлэгт оруулахыг гишүүд дэмжсэн юм. Энэ үеэр гишүүн Су.Батболд “Монголын 329 сум бүгдээрээ хилийн цэсийн маргаантай. Энэ нь 1950, 1960, 1970-аад оноос улбаатай. Монголд сумын тоо хэтэрхий олон, хуучин тогтолцооноос өөрчлөгдөлгүй үлдсэн зүйл бол энэ. Сумдыг нэмээд байх шаардлагагүй” гэж байлаа. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.