2025.06.23

Ж.Батжаргал: Туурга тусгаар улс орон бол үйлдвэрлэгч байх ёстой

УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал дараах байр суурийг илэрхийллээ.

Хурлын дарга, эрхэм гишүүдийнхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд бүрэн дэмжиж байна. Их Хурлын гишүүдийгээ энэ хуулийг дэмжиж өгөөч гэж албан ёсоор хүсэж байна.

Монголын төр газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгож хөгжүүлж. Газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хүн амаа бүрэн хангах. МАА-н салбараа эрсдэлээс хамгаалах, тэжээлийн бааз суурьтай болох том зорилтыг дэвшүүлж атрын 4-р аяныг эхлүүлж бараг 100 гаруй жил зүтгэсэн. Үүний үр дүнд газар тариалангийн салбараасаа хүн амынхаа хүнсийг бүрэн хангаж чаддаг болсон. МАА-н салбар тэр тусмаа эрчимжсэн МАА-н салбарынхаа тэжээлийн дийлэнхийг бүрэн хангаж чаддаг байсан. Харамсалтай нь бид хэд хэдэн жилийн их тааламжтай үр дүн дээр тулгуурлаад дотооддоо тарифын болон тарифын бус зохицуулалтаар зохицуулж болох асуудлыг дотоод зах зээлээ хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, энэ салбарт ажиллагсдынхаа итгэл урам зоригийг өгөх ёстой. Тарифынхаа хязгаарлалтаар оролцсон нь тун таагүй үр дагаврыг авчирлаа.

Энэ хууль батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд бид газар тариалангийн салбарт улаан буудайн үйлдвэрлэл дээр тариалалт 2 дахин буурсан байна. Гурилын үйлдвэрлэл бараг 60 орчим хувиар буурах бодит нөхцөлийг бий болгосон байна. Энэ цаашид үргэлжлэх юм бол идэх гурилгүй, хүнээс будаа гурилаа гуйх болно шүү. Гадаад нөхцөл байдал чинь өдөр өдрөөр таашгүйгээр өөрчлөгдөж байна. Бидэнд будаа ав, гурил авгээд гар сунгадаг улс орон олдохгүй болж мэдэхээр байна. Дээр нь ган гачиг гэж айхтар зүйл байна. Тиймээс үндэстнийхээ бий болгосон чадамжийг дахиж сэргээх энэ салбарт ажиллагсдыг урам зоригтой үйлдвэрлэлээ эрхлэх боломжийг нь хангаж энэ гаалийн албан татварыг чөлөөлсөн хуулийг хүчингүй болгох ёстой. Туурга тусгаар улс орон бол үйлдвэрлэгч байх ёстой. Бид үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Үүгээрээ дамжуулж бид нэмүү өртгөө бий болгох ёстой. Ажлын байраа бий болгох ёстой. Эдийн засгаа өсгөх ёстой. Төсвөө бүрдүүлэх ёстой. Энэ шаардлагын үүднээс энэ хуулийг эр зориг гаргаж улс үндэстнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж баталъя. Энэ хуулийг дагуулж гарах тогтоолын төсөл нь бэлэн болсон юм билээ. Хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа анхны хэлэлцүүлгийн үед энэ тогтоолын төслийг холбогдох гишүүд байнгын хороотойгоо ярьж санаачлаад илүү боловсронгуй болгоод батлуулъя.