2025.04.24

М.Бадамсүрэн: Малын тэжээлийг татваргүй болгох нь зөв

УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Хил гаалийн ипмортын татвар, тарифтай холбоотой асуудлаас илүүтэй экспорт, импортын уян хатан тохируулгыг хийж өгөх талаар ямар бодлогын арга хэмжээ авах вэ?
Мөн энэ таримлын сонголтон дээр ямар бодлого барьж байгаа вэ? Яг үнэндээ зах зээлийн эдийн засаг сонголттой байх ёстой. Юу тарихаа сонгодог, экспортод юу гаргахаа сонгодог, гурилын үйлдвэрүүдээ нийлүүлэх зах зээлээ сонгодог энэ тогтолцоог төрөөс бүрдүүлж өгөхгүй бол үндсэндээ УИХ-ын гишүүдийн яриад байгаа зүйлс бодитой байгаа. Ялангуяа Ц.Идэрбат гишүүний саналтай санал нэг байна. Тариаланчдын хөдөө аж ахуйн салбарын нэг багана гээд дэмжих нь зөв. Гэтэл нөгөө талдаа малчдын махны үнэ нэмэгдэхгүй байгаа болохоор тэд үнэтэй гурил хэрэглэхэд хүндрэлтэй. Тойрогт ажиллахад иргэдийн зүгээс энэ зүйлийг хамгийн их тавьдаг. Зах зээлийн сонголттой холбоотой зүйл дээр ямар бодлогын арга хэмжээ авах вэ гэдгийг хуулийн төсөл оруулж ирж буй субьектээс асууж байна. Бодит байдал дээр үйлдвэрүүд үнээ монополь байдлаар тогтоодог. Хол газраас тээвэрлээд ирнэ. Нөгөөх нь экпортолж чадахгүй болохоор хэлсэн үнээр нь авдаг. Тогтоосон үнээр нь авахаас өөр сонголтгүй болж буй учраас тариалан эрхлэгчдэд хүндрэлтэй тусч байгаа. Бодоод үз. Төрөөс дэмжээд байдаг. Тодорхой зээлийн бодлого, тодорхой хөнгөлөлтэй нөхцөлөөр дэмжээд байдаг атал яагаад хөл дээрээ тогтож чадахгүй байна вэ гэдэг дээр маш том дүгнэлт хэрэгтэй. Ийм учраас өндөр ургац авсан жил нь борлуулалтыг нь яаж дэмжих вэ? Төр бол гадаад зах зээлтэйгээ аль болох асуудлыг л том бодлогоороо хийх ёстой. Тэгвэл тариаланчид ашгаа олоод өндөр ургац авсан жилээ тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийгээд, мөн санхүүжилтдээ хөрөнгө оруулалт хийгээд явах боломжтой.

Нэгдүгээрт, тариаланчдыг дэмжих цогц бодлогыг юу гэж харж, ямар бодлого баримтлахаар төлөвлөж байгаа вэ?

Хоёрдугаарт, Импортын татварын 15 хувийг сэргээхийг гишүүдийн олонх дэмжиж шийдвэл үнэ өснө, инфляцид нөлөөлнө. Бид ямар хариу өгөх үү? Цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляцид нөлөөлсөн гэж үзэж байгаа. Жирийн иргэдийн авч хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл УИХ ямар хариулт өгөх вэ? Үнэ өсөх үү? Инфляцид нөлөөхгүй гэсэн баталгаа байна уу?

Гуравдугаарт, хэрэв УИХ шийдвэр гаргаж, үнэ нэмэгдвэл автоматаар импортын татварыг тэглэдэг ийм болзолтойгоор шийдвэр гаргах ёстой л гэж үзэж байна. Гурилын үйлдвэрүүд, тариалан эрхлэгчид үйл ажиллагаандаа зохицуулалт хийх, иргэдийн хэлээд байгаа монополь байдал байна гэдэг зүйл дээр хязгаарлах ийм арга хэмжээ болно гэж үзэж байна.

Мөн малын тэжээлийн татвар 5 хувьтай гэж ойлгож байгаа. Үүнийг татваргүй болгох нь зөв дөө. Өвөл хавартаа тэжээл, хивэгний үнэ өсдөг. Малчдад, төл малын хувьд хүндрэл гардаг.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа