
Говийн бүсийн хавдрын эмч нар АНУ-д мэргэжил дээшлүүлнэ
Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлэг байгуулан ажиллах боловсон хүчин, эмч сувилагч нарыг АНУ-ын Юта мужийн их сургуульд бэлтгэх хамтын ажиллагааны албан уулзалт энэ сарын эхээр АНУ-д болсон билээ. Хамтын ажиллагааны уулзалтын ажлын хэсгийн анхны уулзалт болж говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг АНУ-ын Юта мужийн их сургуульд сургалтад хамруулахаар болсон байна.
Хамтын ажиллагааны уулзалтын ажлын хэсгийн ахлагчаар Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, АУ-ны доктор, мэс заслын зөвлөх эмч Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Р.Сэддорж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректор, АУ-ны доктор Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх нар ажилласан байна.
Ийнхүү хавдрын тусламж үйлчилгээг үзүүлж буй эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад сургаснаар хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох Дэлхийн тэргүүлэгч зорилтыг ханган хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахаар үр дүнтэй ажиллах чадварлаг эмч мэргэжилтнүүдийн багтай болж, орон нутгийн хөгжлийг дэмжин ажиллана гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцоллоо.