Сүрьеэгийн эмчилгээ 2 жил үргэлжилдэг байсан бол 6-12 сар болж богиносчээ
2025.03.24

Сүрьеэгийн эмчилгээ 2 жил үргэлжилдэг байсан бол 6-12 сар болж богиносчээ

"Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" /2025.03.24/-ийг тохиолдуулан УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн тус өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

 Монгол улсад сүрьеэгийн өвчлөл 2020 оны байдлаар 100 мянган хүн амд 411 байсан бол 2023 онд 100 мянган хүн амд 491 болж өссөн байна. Хүн амын дунд өвчлөл нэмэгдэж, халдвар идэвхтэй тархах эрсдэлтэй байна. 2020 онд 328 байсан бол 2023 онд 415 хүн нас баржээ. 

Монгол Улс олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд ордог. Сүрьеэгийн эсрэг вакцин гарах хугацаа ойртож буйгаас гадна эмчилгээний хугацаа богиносож байгаа нааштай үзүүлэлтүүд бий. Урьд нь эмэнд мэдрэг сүрьеэг 6-9 сар эмчилдэг байсан бол шинэ эмийн горимыг нэвтрүүлснээр 4-6 сарын хугацаанд эмчилдэг болсон. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ 2 жил үргэлжилдэг байсан бол одоо 6-12 сарын хугацаанд эмчилгээ явуулах боломжтой болсон талаар салбарынхан ярьж байна. Энэ нь өвчтөнд ээлтэй, уух хэрэглэх эмийн дарамт багасаж буй ач холбогдолтой юм.

Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяхад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.


Эрүүл хүн сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж:

  • Дархлаагаа сулруулахгүй байх
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
  • Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
  • Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

Харин сүрьеэгийн халдвар авсан хүн:

  • Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх
  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
  • Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.