2025.03.25

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүний бүрэн эрхийн 4 жилийн хугацааг Сонгуулийн хуулиар хязгаарлаж болохгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2025.03.24/ хуралдаж гурван асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт байлаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй”  гэсэн заалтыг онцолж байр сууриа илэрхийллээ.

Б.Энхбаяр: "УИХ-ын гишүүн сонгуулийн жилд сонгогчидтойгоо тайлан тавьж уулзалт хийж болохгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх аргагүй байна. Учир нь энэ нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж буй УИХ-ын гишүүн болон бусад хүнд ялгамжтай давуу байдлыг олгож байна. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил гэж Үндсэн хуульд байгааг хязгаарлаж сонгогчидтойгоо уулзалт хийх, амьд холбоотой байх боломжийг 3.6 жил болгон хязгаарлаж байна. Хууль тогтоогч хууль тогтоох ажлаа ярьж тайлагнаж уулзаж болохгүй гэж хязгаарлалаа гэхэд энэ нь тэднийг сонгогчидруугаа хүрэх өөр арга хэлбэрийг сонгоход хүргэх, тэр дундаа “алиалагч” хийхэд түлхэж, улмаар УИХ-ыг “цирк” болгож хувиргах гэмтэй. Сонгууль дөхөөд ирэхээр алиалдаг, амалдаг явдал хавтгайрч, улс төр драма, триллер, акшин цаашаа болох эрсдэлийг энэ Цэцийн дүгнэлт нөхцөлдүүлж байна".